Монгол-Энэтхэгийн соёлын харилцаа
Соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн Махараштра мужийн ардын бүжгийн “Шри Бирудев Гажнрутя Навьювак Мандал” хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийлээ.
Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед БНЭУ нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан төдийгүй манай улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр "оюун санааны хөрш" орнууд гэж үздэг. Энэ ч утгаар 1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбатарт 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Монгол-Энэтхэгийн харилцаа холбоо олон мянган жилийн өмнөх үе рүү биднийг эргэн хөтөлнө. Хоёр улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаардаг. Хожим нь Монголд буддын шашин хүчтэй дэлгэрснээр хоёр орны хоорондох хэлхээ улам бэхэжсэн түүхтэй. Улмаар нэгэн шашны нийтлэг үнэт зүйлийн дор нэгдсэн хоёр орны хооронд соёл, боловсрол болон шинжлэх ухааны хэлхээ холбоо гүнзгийрч эхэлсэн бөгөөд үүнээс улбаалан Монгол улс Энэтхэг улсыг өөрийн “Оюун санааны хөрш” хэмээн нэгэнтээ тодорхойлсон байдаг. Манай хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг 1994 онд үзэглэсэн. Түүнээс хойш төрийн болон Засгийн газрын тэргүүнүүдийн түвшинд хэд хэдэн удаагийн өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь хоёр талт харилцааны бат бөх суурийг тавьжээ.
Сүүлийн жилүүдэд Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж байна. Үүний нэг нь соёлын салбар юм. Соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэг Улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон “Ванде Матарам” дууны 150 жилийн ойг тохиолдуулан тус улсын Махараштра мужийн ардын бүжгийн “Шри Бирудев Гажнрутя Навьювак Мандал” хамтлаг Монгол Улсад айлчлан ирж тоглолтоо хийлээ. Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй тус айлчлал нь хоёр улсын хооронд 1961 онд байгуулсан Соёлын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн онд Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалын үеэр баталсан 2025-2029 оны Соёл Солилцооны Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Одоо үргэлжлүүлэн БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвегийн яриаг хүргэе.
Элчин сайд Атул Малхари Готсурве: Энэтхэг, Монгол Улс хоорондын соёлын хоёр талын хамтын ажиллагаа нь олон жилийн түүхтэй дипломат болон соёлын суурин дээр улам бүр өргөжин хөгжсөөр байна. Хоёр улсын хооронд анхны соёлын хэлэлцээр 1961 онд байгуулагдаж байсан бөгөөд энэ онд уг хэлэлцээрийн 65 жилийн ой тохиож байгаа юм. 2025 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр 2025–2029 онуудад хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөрийг албан ёсоор байгуулснаар энэхүү соёлын түншлэл нь улам бүр эрчимжсэн. Энэхүү хүрээнд Энэтхэг Улсын Махараштра муж улсын соёл урлагийн төлөөлөгчид Энэтхэгийн үндэсний дуу болох "Ванде Матарам" дууны 150 жилийн ойд зориулан Монголд хүрэлцэн ирж толголтоо толилуулж байна. Тус хамтлаг Махараштра мужийн баялаг ардын урлаг, уламжлалт, соёлын бүжгээ толилуулж, үзэгчдэд Энэтхэгийн өв соёлын өнгө төрхийг мэдрүүлж байгаа юм. Энэхүү соёлын солилцоо нь хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хүн хоорондын холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өмнө нь ч мөн соёлын олон хамтлаг харилцан айлчилж байсан бөгөөд цаашид илүү олон хамтарсан соёлын айлчлалууд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

БНЭУ-ын Махараштра мужийн ардын бүжгийн хамтлагийн эрч хүчтэй, гайхалтай тоглолтыг үзэгчид өндрөөр үнэллээ. Тоглолтын хөтөлбөрт Ганеш Вандана буюу Ганеш бурханд хүндэтгэл үзүүлэх бүжиг, Васудев үзүүлбэр, Шеткари Нритья буюу тариачдын бүжиг, Лавани Нритья буюу эмэгтэйчүүдийн уламжлалт бүжиг, Лежим хэмээх уламжлалт хөгжмийн зэмсэгт бүжиг, Коли Нритья буюу загасчдын бүжиг зэрэг өвөрмөц, сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ. Тус хамтлаг Монголд байх хугацаандаа Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Налайх дүүргийн Соёлын төв, мөн Улаанбаатар хот дахь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехникийн коллежид тоглолтоо толилууллаа. Бид БНЭУ-ын Махараштра мужийн ардын бүжгийн “Шри Бирудев Гажнрутя Навьювак Мандал” хамтлагийн ахлагч Анил Бхимрао, бүжигчин Колекар Сахана Реванкар нартай ярилцсан юм.
Хамтлагийн ахлагч Анил Бхимрао, бүжигчин Колекар Сахана Реванкар: Энэтхэгийн олон зуун жилийн түүхтэй бүжгийг Төв Азийн Монголд толилуулж байгаадаа баяртай байна. Манай тоглолтын гол цөм нь Махараштра мужийн эртний ардын урлагийн нэг төрөл болох Дхангари Гажа бүжиг бөгөөд Шива бурхан, Парвати дагина болон Шри Вироба Прасанна зэрэг бурхдад хүндэтгэл үзүүлдэг эрч хүчтэй бүжиг юм. Бүжигчид хэмнэлт хөдөлгөөн, уламжлалт хувцас хэрэглэлээрээ дамжуулан сүсэг бишрэл, хүний сэтгэлийн төрөл бүрийн мэдрэмжийг гүн гүнзгий харуулдаг. Энэхүү соёлын тоглолтыг олон улсын тайзнаа гаргах санаачилгыг бид анх гаргаж, зохион байгуулж байна. Өмнө нь бид 2019 онд Япон болон Сингапур зэрэг орнуудад аялан тоглож байсан. Монголын цаг агаар Энэтхэгийнхээс эрс өөр, +25°C-аас +45°C дулаан уур амьсгалаас Монголын -5°C-ийн хүйтэн цаг агаарт бид ирсэн. Гэсэн хэдий ч манай хамтлагийнхан хүйтэн цаг агаарыг үл харгалзан өөрсдийн соёл, уламжлалаа Монголын ард түмэнд сурталчлан таниулж байгаадаа баяртай байна.

Манай улс 1987 оноос эхлэн Энэтхэгийн Соёл, боловсрол, Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүдээ урт, богино хугацааны сургалтад хамруулдаг болсон. Мөн Улаанбаатар хотноо хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдлийг харуулсан түүх дурсгалын хөшөө цогцолбор бий. Түүний нэг нь Махатма Гандийн гудамж болон хөшөө юм. Энэтхэгийн хүчирхэг удирдагчийн нэг байсан Махатма Ганди нь хүч хэрэглэхгүйгээр эвийг эрхэмлэгч улс төрч гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Харин Энэтхэгийн Шинэ Дели хотноо Улаанбаатар гудамж, Монголпури район байдаг.
БНЭУ-ын Махараштра мужийн ардын бүжгийн хамтлагийн нээлтийн тоглолтыг Улаанбаатар хот дахь Улсын Филармонийн тайзнаа зохион байгууллаа. Монгол Улсын Филармони нь "Симфони оркестр", "Баян Монгол биг бэнд", "Морин хуур найрал хөгжим"-ийг нэгтгэсэн 180 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтай концертын томоохон байгууллага. Жилд өөрийн болон олон улсын тайзнаа 100 гаруй томоохон тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаагийн соёлын солилцоо нь БНЭУ-ын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй анхны арга хэмжээ гэдгийг Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга онцлон хэллээ.
Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга: Махараштра мужийн ардын бүжгийн хамтлаг ирж тоглолт хийлээ. Их өвөрмөц, сонин юм байна. Манай Улсын Филармони бол хөгжмийн хүрээлэн. Гэхдээ манай филармонийн тайзан дээр бүжгийн хамтлаг ирээд тоглолт хийхэд их өвөрмөц сайхан байлаа. Ер нь Монгол-Энэтхэг хоёр улсын соёлын салбарын харилцан уялдаа холбоо маш эртнээс угшилтай. Судлаачид болон эрдэмтэд төдийгүй энэ салбарынхан бүгдээрээ мэднэ. Тэрхүү харилцааг өртөөлсөн их өвөрмөц сонин тоглолт амжилттай болж өндөрлөж байна. Тоглолтын үйл ажиллагаанд Монгол Улсын Филармонийн удирдлага, арын албаныхан, хамт олон бүгдээрээ дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. Энэ бүжгийн хамтлагийн айлчлалд манай тоглолтоос гадна өөр олон үйл ажиллагаанууд давхар болно. Хамгийн гол оргил үйл ажиллагаа нь манай Филармонийн тайзнаа болсон энэ тоглолт гэдгээрээ онцлогтой юм. Энэ нь БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон бусад холбогдох байгууллагууд мөн салбарын яамтай хамтран оролцсон анхны албан ёсны соёлын солилцооны хөтөлбөр болж байна. Монгол Улсын Филармонийн зүгээс цаашид ЭСЯ-тай соёлын салбарт хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Цаашид мэдээж салбарын яам болон ГХЯ-аараа дамжуулаад бидний харилцаа холбоо өргөжин хөгжинө гэж найдаж байна.

Энэхүү бүжгийн хамтлагийн айлчлал нь Энэтхэгийн Махараштра мужийн баялаг соёл, уламжлал, өв санг Монголын ард түмэнд танилцуулах, хоёр улсын хоорондох соёлын болон иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлж байна. Мөн Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөнд "Ванде Матарам" дууны гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах юм. Монгол, Энэтхэг хоёр улс газарзүйн хувьд алс хол оршдог хэдий ч түүхэн соёл, шашин, үнэт зүйлсийн хувьд гүнзгий холбоотой байсаар ирснийг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн жилүүдэд Монгол-Энэтхэгийн соёлын харилцаа зөвхөн шашин гэлтгүй урлаг тэр дундаа бүжгийн урлаг, хөгжмийн урлагийн чиглэлд түлхүү хөгжиж, хамтран ажиллаж байна. Энэ удаад Энэтхэгийн үндэсний дууны 150 жилийн ойд зориулан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ тоглолыг хийлээ. Энэтхэг улсаас яг мэргэжлийн урлагийн дуучид бүжигчид болох 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирсэн. Бид нар энэ соёлын солилцооны хүрээнд 2027 онд дуу болон бүжгийн урлагийн чиглэлээр Энэтхэг улсад очиж тоглолт хийхээр төлөвлөсөн.
Монгол Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны талаар эрдэмтэд тодорхойлохдоо эртний хэлхээ холбоотой байна гэж үздэг. Харин манай хоёр улсын орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий. Хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтсоноос хойш 40 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ, хэлэлцээрүүд байгуулагджээ. Шинэ зуунд Монгол улсын гадаад бодлогын нэг хэсэг нь гурвалсан, дөрвөлсөн хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал хэмээн олон улсын судлаачид үздэг. Энэ хүрээнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байна.
Үзсэн: 46
Tweet