Шинэ төрлийн мэс заслын аргыг Монгол Улсад амжилттай нэвтрүүллээ
Эмч Баттулгын Халиунаа тэргүүтэй Монголын эмч нар Японы судлаачтай хамтран ходоодны салстын доорх хавдартай 35 өвчтөнд хэвлийн болон уян дуран хосолсон мэс засал хийсэн байна
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ходоодны салстын доорх хавдрыг эмчлэх эрхтэн хадгалах шинэ төрлийн мэс заслын аргыг Монгол Улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал, тус төвийн эмч Баттулгын Халиунаа тэргүүтэй Монголын эмч нар Японы судлаачтай хамтран ходоодны салстын доорх хавдартай 35 өвчтөнд хэвлийн болон уян дуран хосолсон мэс засал хийсэн байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд, нийт 35 өвчтөнд хийсэн мэс засал нээлттэй хагалгаанд шилжилгүйгээр амжилттай дуусаж, хавдрыг эрүүл эдийн захтай нь бүрэн авсан байна. Мөн мэс заслын дараах ноцтой хүндрэл гараагүй бөгөөд дунджаар 17.8 сарын хяналтын хугацаанд хавдар дахих, давтан мэс засал хийлгэх, эмнэлэгт дахин хэвтэх тохиолдол бүртгэгдээгүй аж. Өвчтөнүүдийн дундаж нас 55 байсан бол 60 хувь нь эмэгтэй байжээ. Харин хавдрын дундаж хэмжээ 27 миллиметр байсан бөгөөд эд, эсийн шинжилгээгээр нийт хавдрын 65.7 хувь нь ходоод-гэдэсний стромал хавдар болох нь тогтоогдсон байна. Хэвлийн болон уян дурангийн хосолсон мэс засал нь ходоодны хавдрыг бага хөнөөлтэй аргаар авч, эрхтний үйл ажиллагааг аль болох хадгалах давуу талтай арга юм. Судлаачдын дүгнэснээр, сонгогдсон ходоодны салстын доорх хавдрын үед мэс засал нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд эрхтэн хадгалах эмчилгээний боломжит сонголт болохыг Монголын эмч нарын анхны туршлага харуулсан байна.
Үзсэн: 253
Tweet