Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь ёс зүйн шинэ жишиг бий болгож байгааг тодотгов
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, тус хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа гарсантай холбогдуулан, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтны хувьд гүтгэлэг зохион байгуулж буй бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Монгол Улсын төрийн тэргүүний нэр төрийг сэргээлгэх зорилгоор өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч буйгаа энэ сарын 17-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг УИХ дахь намуудын бүлэг, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хэлэлцэн дэмжив. Мөн үг хэлсэн гишүүдийн хувьд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь ёс зүйн шинэ жишиг бий болгож байгааг тодотгоод, бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт үр дүнтэй ажилласныг онцолж байлаа. Түүнчлэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг санаачлан хэрэгжүүлсэн нь бодит ажил хэрэг болсныг тэмдэглээд, монгол хүн баялагтаа эзэн байх суурь хөрсийг бүрдүүлснийг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрээ гаргаж байх юм. УИХ-ын дарга шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх юм.
Үзсэн: 1009
Tweet