Суурин төлөөлөгч Ральф Аямар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ральф Аямар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов. Мөн ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгохоор төлөвлөж буй 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, зохион байгуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар хөндөж ярилцлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг хууль батлах нь төрийн бодлогын зорилгыг хэрэгжүүлэх суурь нөхцөл боловч, тухайн хууль нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой, санхүүжилт болон институцийн чадавхаар хангагдсан байх шаардлагатайг онцлов. Улмаар хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр нөлөөг үнэлэн сайжруулж байх нь хууль тогтоох байгууллагын чухал үүрэг гэсэн юм. Иймд ойн салбарын эрх зүйн шинэчлэл нь зөвхөн хууль батлах төдий бус, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулан үр ашигтай, бодит үр дүнд хүрэхэд чиглэж байгааг хэлэв.
Үзсэн: 1014
Tweet