Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь-тэй албан ёсны хэлэлцээ хийв


Densmaa 2017-05-08 07:05

Хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцсэн байна.

      Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

      Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын  харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд БНСВУ-ын талаас Дэд ерөнхийлөгчийг дагалдан яваа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 50 гаруй төлөөлөгч, монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон албаны бусад хүн оролцсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв. Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, вьетнамын талын байр суурийг сонсжээ. Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон. Энэ онд Монголын таван компани туршилтын журмаар 20 тонн ямааны мах Вьетнамд нийлүүлнэ. Туршилт амжилттай болвол 200 гаруй тоннд хүргэх боломжтой. Харин Монгол Улс гүн хөлдөөсөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах талаар судалж байгаа. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Оюутнуудад өгч буй тэтгэлгийн хэмжээг нэмэх нь зөв гэсэн тохиролцоонд хүрсэн” гэлээ.

Үзсэн: 1668