Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол - Польшийн харилцаа: Иж бүрэн түншлэл


Densmaa 2026-11-18 03:11

БНПУ-ын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийлээ. Энэ үеэр Польш улстай ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой гэлээ.

      Монгол-Польшийн харилцааны түүхийг сөхвөл эрт үеэс эхлэлтэй. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. Өгөдэй хаан 1235 онд нийслэл Хархорум хотноо Их хуралдайг хуралдуулж, баруун зүгт Бат хааны удирдлагаар их цэрэг илгээх шийдвэр гаргаснаар монголын цэрэг Орост, улмаар Европт томоохон хэмжээний аян дайныг эхлүүлсэн юм. 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Бат хааны цэргийн салбар ангиуд Польшийн Легницийн талбайд Польш, Европын рыцариудын нэгдсэн хүчийг бут цохиж, уг тулаанд Польшийн ван II Хенрик Побожны амь насаа алдсан түүхтэй. Цаашилбал Марко Пологоос 50 орчим жилийн өмнө Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт Польшийн санваартан Бенедикт Полак 1246 онд Хар Хорумд очиж, Их Хаан Гүегт бараалхаж байсан баримт бий.

    Орчин цагийн Монгол-Польшийн харилцааны түүх Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосноор эхэлдэг.  Манай улс 1959 онд Варшавт, польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээжээ. Тэр цагаас хойш манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Социализмын үед хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байсан бөгөөд 1966-1985 онд Польшийн тусламжтайгаар Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Хархоринд нийт 9 үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Мөн тухайн үед Польшийн геологичдын бие даасан томоохон экспедици Монголын баруун аймгуудад ажиллаж, Польш-Монголын палеонтологийн хамтарсан баг Монголын нутгаас 100 шахам олдвор олсон нь томоохон нээлт болж байлаа. Мөн хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990-ээд оны хооронд Варшавын гэрээний орнууд ба БНМАУ хоорондын  харилцааны хүрээнд эрчимтэй хөгжиж байсан түүхтэй. 

      Монгол Польш хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос эхлэн бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажилласаар ирсний илэрхийлэл бол өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээрүүд юм. Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1999 онд Бүгд найрамдах Польш Улсад айлчилсан нь манай талаас хийсэн анхны төрийн айлчлал байсан бол Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд манай улсад айлчилж байсан. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, Ерөнхийлөгч Б.Коморовски мөн 2013 онд харилцан айлчлал хийж байсан бол Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса 2013 онд Монгол улсад айлчилж байсан түүхтэй. Харин 2023 онд Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ) Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан билээ. Энэ нь хоёр улсын хооронд 10 жилийн дараа болсон өндөр дээд хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог байсан юм.

      Хоёр улс 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, түүхэн уламжлал, харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр иж бүрэн түншлэлийг бий болгосон. Польш Улсыг манай чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийлээ. Тэрээр хууль тогтоох байгууллагуудын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэйг онцлохын сацуу хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг туулсан түүх, замналаараа ижил төстэйг тэмдэглсэн юм. Айлчлалын үеэр бид Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла-тай уулзаж ярилцсан юм. 

       Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла:

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүдийг тэргүүлэн миний бие Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн Сеймийн айлчлалын бүрэлдэхүүнд соёл, байгаль орчин, санхүү, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байнгын хороодын гишүүд багтсан бөгөөд айлчлалын хүрээнд хийгдсэн уулзалтуудаар дараах чиглэлээр санал солилцлоо.

Би малын эмч мэргэжилтэй бөгөөд Монголын мал эмнэлгийн хэрэгцээ шаардлагын талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ. Хоёр орны парламент хоорондын уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь маш чухал юм. Учир нь хоёр талын уулзалтаар улс төр, эдийн засаг зэрэг харилцааны бүх салбарыг хамарсан өргөн хүрээний асуудлаар ярилцах боломж бүрддэг. Хоёр талын уулзалтаар байгаль орчин, мэдээллийн технологи, ногоон технологи, бохир ус цэвэрлэх байгууламж, хатуу хог хаягдал устгах зэрэг олон сэдвээр ярилцлаа. Эдгээр нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд бөгөөд цаашид ч та бүхэнтэй мэдлэг, туршлага, технологийн шийдлээсээ хуваалцахад таатай байх болно.

Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн төлөөлөгчдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын хүрээнд Монголын 30 орчим бизнес эрхлэгч Польшид айлчилж, Доод Силези, Дээд Силезийн уурхайнууд төдийгүй бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцаж, технологийн шийдэл, туршлага судлах чиглэлээр харилцаа тогтоосон. Айлчлалын хүрээнд Улсын Их Хуралд хийсэн уулзалтаар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурал уг хавсралтыг соёрхон баталснаар бохир ус цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, дараа дараагийн шинэ төслүүдийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн шинэ зээлийн шугам нээх боломжийн талаар ярилцав. Эдгээр нь ирэх оны хавар эсхүл сүүлээр хэрэгжинэ гэж бодож байна. Польш Улс байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний чиглэлээр олон сонирхолтой технологийн шийдлүүдийг санал болгож байна. Украины дайны улмаас Оросын байгалийн хий болон эрчим хүчний эх үүсвэрээс хараат бус болох асуудлыг шийдвэрлэх нь бидний нэн тэргүүний зорилт байв. Бид бага багаар эл асуудлыг шийдвэрлэж байна.  Иймд ногоон технологи, уламжлалт эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах зэрэг шинэ үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна.

Хоёр улсын бизнес эрхлэгчид хоорондын уулзалт, яриа хэлэлцээ, шинэ санаа, хөрөнгө оруулалт, экспорт, импортын таатай нөхцлүүд худалдааны эргэлтийг сайжруулдаг жамтай. Хүмүүс хоорондын сайн харилцаа, харилцан итгэлцэл худалдаа, арилжааны үр ашгийг нэмэгдүүлж, амжилттай солилцоо хийх чухал суурь болдог. Польш, Монголын худалдааны эргэлт цаашид улам өсөн нэмэгдэнэ гэдэгт бид итгэдэг. Ирэх жил худалдааны эргэлт өссөн дүнтэй гарна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн улс хоорондын ачаа, зорчигч тээврийн найдвартай холболт, тэр дундаа агаарын тээврийн холболт сайн байх нь чухал юм. Тээвэр, ложистикийн дэд бүтэц сайжрах нь худалдаа, эдийн засгийн эргэлтийг сайжруулдаг. Польш Улс дэлхийн топ 20 эдийн засгийн нэгд тооцогдох болсон бөгөөд манай эдийн засаг маш хурдацтай хөгжиж байна. Монгол Улс бидний адил хурдацтай хөгжиж, дэлхийн томоохон эдийн засгийн тоонд орно хэмээн итгэж байна.

Польш Улс Монгол Улсыг Европын Холбоотой холбох гүүр болж, “гуравдагч хөрш”-ын бодлогын хүрээнд иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье. Европын Холбоо бол 500 сая хүн амтай асар том зах зээл бөгөөд Польш Улс Европын том үйлдвэрлэгч улсын хувьд өөрийн бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэхийн сацуу Монголоос бүтээгдэхүүн импортлох асар их боломж байгаа нь харагддаг.

      Монгол Польш хоёр орны харилцааны нэг том хөшүүрэг нь худалдаа эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа юм. Монгол, Польшийн эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж, сүүлийн 3 жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгджээ. Худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрсэн бөгөөд цаашдаа ч өсөх магадлал өндөр байна. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, химийн бүтээгдэхүүнийг Польш улсаас импортолдог. Европын холбоо дотроо Польш улс нь эдийн засгаараа Герман, Швейцарь улсын дараа гуравт ордог. Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Польшийн бизнес форум зохион байгуулсан. Бизнес форумд хоёр талаас 200 орчим төлөөлөгч оролцож, харилцан хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээнүүдийг хийсэн нь түрүүчээсээ ажил болон хэрэгжиж байна.

    Монгол, Польш хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай. Тодруулбал, 1961-1965 онд Польшийн түүхэнд хамгийн том буюу 190 хүнтэй геологийн экспедиц байгуулагдан Монголын баруун аймгуудын нутагт геологийн судалгаа, эрэл хайгуул хийсэн байдаг. Мөн 1962-1964 онд Монгол Алтайд Е.Рутковскийн удирдсан экспедиц, 60-аад оны сүүлийн хагаст Вроцлавын геологичид, 70, 80-аад онд олон улсын экспедицүүдийн бүрэлдэхүүнд геологийн судалгаагаа үргэлжлүүлжээ. Харин 1984 оноос Монгол-Польшийн хамтарсан экспедиц байгуулагдан Лугийн гол, Мушгиа худагт газрын ховор элементийн хайгуул хийсэн байдаг. 1963-1971 онд Варшавын их сургуулийн проф. Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедиц ажиллаж, том нээлтүүд хийж, 100 шахам олдворууд олсон түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд манай хоёр орны эрдэмтэд хэд хэдэн томоохон археологийн малтлага судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа юм.

    ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын судлаач доктор Д.Одсүрэн:

    ШУА-ийн Археологийн хүрээлэн Польшийн Вроцлавын их сургуультай 2016 оноос хойш хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. 2016 онд бид анхны хайгуул судалгааг Арц богдын нурууны орчимд хийсэн. Арц богдын нурууны өмнө төгсгөл Өмнөговь аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Богд сумын зааг нутагт байдаг. Чулуун зэвсэг хийх сайн чанарын чулуулаг түүхий эд ихтэй. Мөн өмнөх судалгааны явцад олон тооны ил сууринууд олдсон учир судалгааны мэдээлэлтэй газар нутаг байсан гэж хэлж болно. Тиймээс бид тэр газарт ажиллах боломжтойгоос гадна агуйн дурсгалууд илрүүлж олох магадлалтай юм байна гэж үзсэн. Улмаар Цахиуртын хөндий, Эх булаг, Мухар булаг зэрэг асар баялаг хэдэн зуу,  мянган олдворуудтай энэ дурсгалт газрыг үлдээсэн хүмүүс нь хаанаа амьдарч байсан бэ гэдгийг тогтоох чиглэлээр судалгаа хийе мөн геологийн шинжлэх ухааны хавсарга шинжлэх ухааны үр дүнгээр эртний уур амьсгалыг нөхөн сэргээе гэсэн үзэл баримтлалын хүрээнд анхны судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Тэр цагаас хойш бид 4 удаагийн том судалгааны багийг гаргаад байна. Үүний зэрэгцээ лабораторийн судалгаанууд байнга хийгдэж байгаа юм. Бид нар 150 км квадрат орчим талбайг хамарсан хайгуул судалгааг хийж гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хайгуул судалгаа бол бүрэн дуусаагүй байгаа. Бид нар хялбаршуулсан энгийн аргаар хайгуул судалгаа хийж одоогоор 150 орчим дурсгалт газрыг илрүүлэн тогтоогоод байна. Судалгааны хэсгийн энэ газар нутаг бол цөлжилтөд идэвхтэй нэрвэгдэж байгаа ийм газар нутаг. Нэг жил нь очиход байсан дурсгал дараа жил очиход элсэнд дарагдсан байх жишээтэй. Гэхдээ бид нар энэ байгалийн хүчин зүйлүүдээс өрсөж олон дурсгалуудыг бүртгэж мэдээллийн санг бүрдүүлж чадсан нь нэлээн том ололт гэж үзэж болно. Судалгааны хувьд Арц богдын нурууны өвөр хөндий дагуу Талингарын шалаас баруун хүрээний тойром хүртэлх эртний 5 нуурын сав дагуух маш сайн хадгалагдсан говийн бүс нутагт тэр бүрд таараад байдаггүй олон төрлийн хэрэглэгдэхүүн бүхий дурсгалыг бид бүхэн илрүүлж, баримтжуулж чадсан. Тухайлбал, хамгийн эртний шавар ваар савны хагархай үлдэгдлийг илрүүллээ. Говийн бүс нутгийн глоцений буюу мөстлөгийн дараах үеийн анчин түүвэрлэгчид хэрхэн амьдарч байсан амьдралын дүр зургийг сэргээн тодруулах байршил зүйн мэдээлэлийг авах боломжтой боллоо. Агуйн дурсгалд судалгаа хийж дээд палеолитын дунд үе буюу  мөстлөгийн өмнөх цаг үед холбогдох хүний ясны үлдэгдэл олж илрүүллээ. Мөн эртний байгаль орчин, уур амьсгалын мэдээллийг эргэн тодруулж чадсан зэрэг бүс нутгийн түүхийг цогц байдлаар нэлээн баялаг хэрэглэгдэхүүнээр сэргээн тодруулах боломжтой болж байгаад энэ  судалгааны гол ололтууд оршиж байгаа юм.  

    Харин Монгол Польшийн хамтарсан палеонотологийн судалгаа 1960-аад оноос эхэлсэн байдаг. 1963–1971 оны хооронд Монголын говьд хийсэн экспедиц нь дэлхийн палеонтологийн түүхэн дэх хамгийн алдартай мөн үр дүнтэй экспедицүүдийн нэг юм. Энэхүү судалгааны үр дүнд үлэг гүрвэл болон эртний хөхтөн амьтдын 20 гаруй шинэ төрөл зүйлийг шинжлэх ухаанд нээн бүртгэж, олон тооны ховор олдворыг цуглуулсан байдаг. Монгол-Польшийн эрдэмтийн хамтарсан судалгаагаар нээн илрүүлсэн үлэг гүрвэлийн олворуудын ихэнх нь монголд хадгалагдаж, судалгааны эргэлтэнд орж байгаагаа давуу талтай гэдгийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч, судлаач Б.Майнбаяр хэллээ. 

     ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч, судлаач Б.Майнбаяр:

    Монгол орноос нээж илрүүлсэн маш олон төрлийн үлэг гүрвэлийн олдвор цуглуулгууд бий. Тэдгээрийн бараг 30 гаруй хувийг нь Польшийн экспедиц ажиллах үедээ олсон байдаг. Үүнд бидний сайн мэдэх Ноцолдож буй үлэг гүрвэлүүд, аймшигтай хоёр сарвуу зэрэг олдворуудыг дурдаж болох юм. Эдгээр олдворууд бол хэзээ ч тайлагдашгүй оньсого мэт хүмүүсийн ялангуяа судлаач палеонтологич нарын анхаарлын төвд байдаг. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарынхан болон үлэг гүрвэл сонирхогчдын анхаарал монгол орон руу төвлөрдөг. Учир нь ноцолдож байгаад чулуужсан үлэг гүрвэлүүд болон шүдгүй мөртлөө махан идэштэй амьтны морфологыг өөртөө агуулсан асар том амьтны олдворыг зөвхөн Монголоос л үзэх боломжтой гэсэн үг юм.  Эдгээр олдворуудыг нээн илрүүлснээр нэгдүгээрт шим ертөнцийн түүхийг судлах нэг том зам нээгдэж байгаа юм. Хоёрдугаарт цааш үргэлжлээд судлаад явахаар хэзээ ч төгсөшгүй юм шиг судалгааны сэдэв болдог ийм ач холбогдолтой олдвор цуглуулга юм. Бид үүнийгээ бие даасан музейтэй болоод олон нийтэд нээлттэй үзүүлээд явах юм дэлхийд номер нэг болж чадна. 1960-аад оны эхэн үеэс 1970-аад оны эхэн үе хүртэл 10 жилийн хооронд олж цуглуулсан үлэг гүрвэлийн олдоруудын ихэнх нь монголдоо буюу ШУА-ийн Палеонотолийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Жишээ нь түрүүн дурдсан дэлхийд цор ганц ноцолдож буй үлэг гүрвэлүүд монголд байна. Манай хүрээлэн саяхан тус олдворыг Байгалийн түүхийн музейд албан ёсоор шилжүүлэн өгсөн. Ер нь тухайн үед буюу 10 жилийн хугацаанд олсон нийт олдворуудын 80 орчим хувь нь Монголдоо хадгалагдаж, судалгааны эргэлтэд орж байна. Тэр болгоныг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорьж тэмүүлж ирдэг юм шүү дээ.

    Улс орнуудын харилцаа зөвхөн дипломат уулзалт, эдийн засгийн хамтын ажиллагаагаар хэмжигддэггүй. Харин ард түмнүүдийн түүх, соёл, сэтгэлгээ, үнэт зүйлсийг харилцан танин мэдэх нь улс хоорондын харилцааны хамгийн бат бөх гүүр болдог. Монгол, Польш хоёр улс газар зүйн хувьд алс хол оршдог ч шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт олон жилийн найрсаг харилцаатай. Ялангуяа Польшийн эрдэмтэд Монголын түүх, угсаатны зүй, нүүдлийн соёлыг олон арван жилийн турш судалж ирсэн уламжлалтай. Энэхүү харилцааны нэгэн онцгой төлөөлөл бол Польш улсад монгол судлалаар мэргэшиж, Монголын тухай судалгааг польш хэлээр дэлгэрүүлж яваа угсаатны зүйч, археологич Т.Оюунгэрэл юм. 

   Угсаатны зүйч, археологич Т.Оюунгэрэл: Би 30-аад жилийн өмнө Варшавийн их сургуульд усаатан зүйн судлалаар сурахаар явсан.  Варшавын их сургуулийн этнолог, антропологийн ангийг төгсөөд, дараад нь мэргэжлээрээ доктор хамгаалаад, одоо Польшийн Шинжлэх ухааны академийн археологи этнологийн хүрээлэнд 10 жил ажиллаж байна. Польшууд Монголыг маш их сонирхдог. Монголчууд Польшуудын тухай их сайн мэддэг. Нохойт дөрвөн танкчин, Ханс Клоссын тухай зэрэг кинонуудаар дамжуулаад польшуудын тухай монголчуудын мэдлэг маш сайн болсон. Харин монголчуудын тухай польшуудын мэдлэг маш бага байдаг. Польшууд монголчуудыг XIII  зууны үед хийж байсан байлдан дагуулалтай нь холбоотой, зэрлэг дайчин ард түмэн гэсэн байдлаар илүү ойлгодог. Орчин үеийн монголын тухай мэдлэг бол ерөнхийдөө маш бага. Тийм учраас монголчууд гэж ийм хүмүүс байдаг, байгальтайгаа ойр дотно, нүүдлийн соёл иргэншилтэй, бөөн мөргөл, буддын шашны философийн маш том баялаг өвтэй гэж хэлэхээр польшууд маш их гайхаж хүлээж авдаг. Манай монголд төвдийн буддизмтай холбоотой маш баялаг түүх бий. Ялангуяа XVIII, XIX зууны үед монгол лам нарын философийн мэдлэг бол маш өндөр байсан. Тэр тухай ярихаар польшууд маш их сонирхож сонсдог, ойлгохыг хичээдэг. Тэрийг ойлгуулж ярина гэдэг бол зөвхөн хэлний орчуулга биш соёл хоорондын орчуулга гэж том зүйл болдог. Би үүнийг л хийж, түгээн дэлгэрүүлэхийг  зорьж явдаг. Польшийн академи, Монголын академийн хооронд байгуулсан гэрээний дагуу 1965-1980 хүртэл 15 жил системтэй судалгаа хийж байсан. Жил болгон польшийн усаатны зүйчид ирээд, Монголын хот хөдөөгөөр явж 1960-1980-аад оны үеийн Монголын тухай маш нарийн судалгаа хийсэн байдаг. Тэр судалгааны талаараа маш олон ном, нийтлэл, өгүүллүүд бичсэн нь монгол судлаачдын дунд их үнэлэгдсэн том том бичвэрүүд боловч монгол хэл рүү орчуулж чаддаггүй байсан. Тийм боломж нь байдаггүй, нөхцөл нь ч гардаггүй байж. Одоо  миний ажилладаг Польшийн археологи, этнологийн хүрээлэнд Монголын тухай тэрхүү 15 жилийн турш хийсэн судалгааны архив гээд маш том архив бий. Тус архивт зураг байхаас гадна хүмүүстэй ярьж хийсэн ярилцлагыг гараараа бичээд дараа нь бичгийн машинаар бичсэн зэрэг нүсэр их хөдөлмөр гаргаж хийсэн янз бүрийн ном, судалгааны бичвэрүүд байдаг. Тухайн үед Польшууд Бямбын Ринчен, Ширэндэв, Лувсанжав зэрэг монголчуудын хамгийн сор болсон эрдэмттэй хамтарч ажилладаг байсан. Монгол хүмүүс тэр болгон Польшийн Шинжлэх ухааны академийн тэр архивийг үздэггүй болохоор тэдгээр баримтуудын үнэ цэнийг мэддэггүй байсан. Би тус академид санамсаргүй тохиолдлоор ажилд ороод тэнд монголчуудын тухай маш том мэдлэгийн уурхай байгааг хараад түгээн дэлгэрүүлэхийг хүссэн. Тус архивт 5000-аад зургийн сан байдаг. Тэдгээр зургуудаас нь шилж аваад үзэсгэлэн болгоод гаргаж байна. Үзэсгэлэнгийн зурагнууд бол тэр том архивийн нэгээхэн хэсэг. Польш эрдэмтэд 1960-70-аад оны үед монголын хөдөөгөөр яваад монголчуудын өдөр тутмын амьдралын зургийг дарж хүмүүсээс ярилцлага авсан байдаг. Тэгэхээр эдгээр баримтууд бол тухайн үеийн нийгмийн үзэл сурталаас ангид яг бодит өдөр тутмын амьдралын түүхэн баримт юм. Тийм л үнэ цэнэтэй зургууд эргээд Монголдоо ирж байгаа гэсэн үг.

    Монгол, Польшийн түүхэнд адил төстэй үйл явдлууд олон байдаг. Тухайлбал, Польш ба Монгол аль аль нь том гүрэн байж, мөн хагаран бутарч жижиг улс болж үзсэн. Монгол Улс Манжийн дарлалд орж үзсэн бол Польш ч мөн ижил түүхтэй буюу Герман, Орос, Австри-Унгарын эзэнт гүрний харьяанд хуваагдаж орж байсан. XX зуунд манай хоёр улс “социализм” гэдэг адилхан жимээр алхсан. Мөн одоогоос 30-аад жилийн өмнө Польш улс Европ тивд анх удаа нийгмийн өөрчлөлт хийсэн бол Монгол Улс ч ардчилсан өөрчлөлтийг Ази тивд анх удаа амжилттай эхлүүлсэн юм. Монгол улсад өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явцыг Польш улс эхнээс нь дэмжиж, оюун санааны болон материаллаг дэмжлэг үзүүлж байсан юм. Монголын ардчилсан хөдөлгөөнийхөн Польшийн эв санааны нэгдлээс үлгэр жишээ, дэмжлэг авч байсныг бид мэднэ. Үүний тодорхой жишээ болсон зурагт хуудаснууд өнөөдөр Польшийн Гданьск хотноо байрлах “Европын эв санааны нэгдлийн төв”-д хадгалагдаж байна. XIX, XX зууны заагт Монголын бурхны шашны сүм хийдийн захиалгаар олон тооны Аюуш бурхныг Польшид цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байна.

Үзсэн: 1178

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна