Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Польшийн соёлын өдрүүд-Монголд


Densmaa 2022-11-21 01:11

Польшийн соёлын өдрүүдийн хүрээнд тус улсын алдарт дуучин Анна Мариа Ёопек, Төрийн шагналт "Баян Монгол" чуулгатай хамтран тоглолт хийсэн

    Монгол улс Польш улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Өнгөрсөн 72 жилийн хугацаанд худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Тэр дундаа улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, худалдааны эргэлт эрчимтэй өсөж байгаа юм. Зөвхөн эдийн засгийн харилцаа гэлтгүй хоёр орны хооронд соёл урлаг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Түүх сөхөхөд Монгол Польш хоёр орон соёл урлаг, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1958 онд анх байгуулж, 1974 онд шинэчилсэн. Улмаар 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудад манай улсын оюутнууд суралцаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 230 орчим оюутан төгсөөд байгаа юм. Харин 1992 онд Монгол Улсын Их Сургууль польш хэлний ангид анхны оюутнуудаа элсүүлснээр Монгол, Польш хоёр орон түүх соёл, ёс заншлаа харилцан ойлголцох үүд хаалга нээгджээ. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хамгийн тод  илэрхийлэл бол жил бүр уламжлал болгон болдог Польшийн соёлын өдрүүд цогц арга хэмжээ юм. Энэ жилийн Польшийн соёлын өдрүүдийн хүрээнд тус улсын соёл урлагийг сурталчлах олон арга хэмжээ боллоо. Түүний нэг бол Польшийн кино өдрүүд юм. Энэхүү кино өдөрлөгийг СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль, Бүгд найрамдах Польш улсын элчин сайдын яамтай хамтран 11 дэх удаагаа зохион байгууллаа. Дөрвөн өдрийн турш болсон тус кино өдөрлөгт бүрэн хэмжээний нэг, богино хэмжээний найман киног үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Тус  сургуулийн багш, докторант Түмэн-Өлзий Монголд Польшийн кино өдөр хийх санаачилга гаргаж, 2004 онд анх эхлүүлжээ. Улмаар 2007 оноос хойш жил бүр уламжлал болон хийж байгаа юм. Анх оюутнууддаа Польш орны кино урлагийг танилцуулах, кино хийдэг арга барил ур чадварыг нь харуулах зорилгоор эхлүүлсэн бол өдгөө өдөрлөг болон өргөжжээ.

      11 дэх удаагийн Польшийн кино өдөрлөгт Варшавын Кино урлагийн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудын “Тасалбар”, “Нулимс”, “Түгшүүр” зэрэг бүтээлийг үзүүлсэн. Мөн Оскарт нэр дэвшиж байгаа “Даашинз” киног Польшийн шилдэг бүтээлүүдээс сонгож үзэгчдэд толилуулснаараа онцлог байлаа. Польшийн кино өдөрлөгийг хийж эхэлснээс хойш шилдэг, залуу уран бүтээлчдийн 50 гаруй киног Монгол орчуулгатай үзэгчдэд толилуулжээ.

     

     Польшийн кино өдөрлөгийн хүрээнд дэлхийн шилдэг найруулагч Занусси, кино судлаач Диана Дамбровска, Польшийн Катовецийн их сургуулийн зураглаачийн багш Павел Хожимпа зэрэг уран бүтээлч ирж кино сонирхогчид болон оюутнуудад сургалт хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд Польшийн урлаг судлаач Кайя Климек “Цахим орчинд кино шүүмж бичиж уншигчдад хүргэх арга зүй” сэдвээр гурван өдрийн мастер класс сургалтыг хийлээ. Тэрбээр Краковын  их сургуулийг сэтгүүлч, урлаг судлаач мэргэжлээр төгссөн, докторант зэрэгтэй. Орчуулагч, кино болон поп урлаг шүүмжлэгч мэргэжилтэй хүн. Одоогоор Варшавын их сургууль болон Варшавын баримтат киноны академид багшилж байна. Тэрээр комикс, поп урлаг, эмэгтэйчүүдийн дэлгэцэн дахь байр суурь болон жүжигчин Николас Кейжийн уран чадварыг голчлон судалдаг. Энэ удаагийн Польшийн соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд хийсэн сургалтаараа оюутнуудын оролцоог илүү чухалчилж тэдэнд хүсэл тэмүүлэл, урам зориг өгөхийг хичээсэн гэж Польшийн урлаг судлаач Кайя Климек хэлж байна.

        Польшийн урлаг судлаач Кайя Климек: Миний сургалтын гол зарчим бол оролцогч, сонсогчид өөрсдийн сэтгэгдлийг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Хаана ч сургалт хийсэн би энэ зарчмыг баримталдаг. Кино судлал, кино шүүмжлэл гэдэг бол өөрийн гэсэн бичвэрийн аргачлалтай, дүрэмтэй байдаг. Үүнийг бага ч гэсэн ойлгуулахыг хичээсэн. Мөн сургалтад оролцож байгаа хүмүүс киног хэрхэн хүлээн авч байна. Кино үзээд юуг мэдэрч байна. Тэрхүү мэдрэмжээ хэрхэн илэрхийлж чадаж байна вэ гэдэг бол надад маш чухал байдаг. Үүнд тулгуурлаж сургалтаа явуулдаг. Би энэ удаагийн сургалтаа эхлүүлэхдээ өөрийн туулсан замналыг оюутнуудад ярьж өгсөн. Ямар мэргэжил эзэмшсэн, анхныхаа бичвэрийг хэзээ эхэлсэн, дараа нь ярианы шүүмжийг хэрхэн хийж эхэлсэн тухайгаа ярьсан. Учир нь залуучуудад энэ бүхнийг хийх сэдэл өгөх, өөрийгөө нээх зориг өгөхийн тулд энэ бүхнийг ярьсан юм. Сургалтад оролцогчдын дунд хэзээний бичвэрээ эхлүүлчихсэн, шүүмж бичдэг хүмүүс бас байсан. Эдгээр хүмүүсийг хичээлийн дараа бичвэрийн болон ярианы шүүмжээ цааш үргэлжлүүлэн хийвэл би үнэхээр баярлах болно. Би өмнө нь ихэвчлэн мэргэжлийн хүмүүст хичээл заадаг байсан. Тэдэнд шинэ зүйл хүргэх, шинэ ойлголт өгөхөд маш хэцүү байдаг. Харин монголд хийсэн сургалтын хувьд байдал өөр байлаа. Видео эсээ, ярианы хэлбэрийн шүүмж зэрэг ойлголт нь оюутнуудад шинэ соргог зүйл байсан боловч тэд маш сайн хүлээж авсан. Тиймээс би  эдгээр хүмүүст хэрэгтэй зүйл зааж байгаа гэдгээ мэдэрч хичээл заахад тун таатай байлаа. Польшийн кино урлагт сүүлийн үед өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахаас огт эмээдэггүй зоригтой уран бүтээлч нар их гарч ирж байна. Тэд нар киноны олон төрлийг ашиглаж өөрийн гэсэн өнгө аястай маш сонирхолтой кинонуудыг хийж байна. Энэ чиглэлийг нэр бүхий залуу уран бүтээлчид тэргүүлдэг. Тэд кино урлагт байдаг аргуудыг хэрэглэж байгаа юм шиг мөртлөө өөрийн гэсэн өвөрмөц арга барил, санааг тусгаж дэлхий даяар нэр алдраа цуурайтуулж, амжилтад хүрч байна.  Миний ажиглаж байгаагаар сүүлийн үеийн уран бүтээлчид үзэгчдийн сонирхолыг татахын тулд дуртай төрлүүдийг нь хооронд нь хольж кино хийж байна. Ингэснээр үзэгч киноны үйл явдлыг ойлгож мэдэрч бүрэн сэтгэл ханамж авч чаддаг болсон./

      Польш улс бол кино урлаг үсрэнгүй хөгжсөн орон. Тухайн орны кино хийх арга барил, киноны санаа, утга агуулга хэрхэн олж түүнийгээ дүрсээр яаж илэрхийлэх вэ гэх зэрэг олон зүйлийг энэ удаагийн сургалтаас сурч мэдсэн гэж СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн оюутнууд хэлж байна.

    Мөн тус сургуулийн оюутнууд Варшавын Кино урлагийн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудын богино хэмжээний киног үзэж танилцсанаар мэргэжлийн чиг баримжаа авч, өөрсдийнхөө дипломын ажлыг хэрхэн хийж болох талаараа шинэ зүйл сурчээ.

      Польшийн соёлын өдрүүдийн хүрээнд тус улсын алдарт дуучин Анна Мариа Ёопек, Төрийн шагналт "Баян Монгол" чуулгатай хамтран тоглолт хийсэн. Тэрээр “Польшийн анхны дасгалжуулагч” гэгддэг Мазовше хамтлагийн дуучин Станислав Йопек болон тус хамтлагийн бүжигчин Мария Станкевич нарын охин бөгөөд 1970 онд Варшав хотод төржээ. Түүний аавтайгаа хамт дуулсан хоёр дахь дуу 1999 оны зул сарын баярын цомогт нь орсон байдаг. Дуучин Анна Мариа Ёопек Фридерик Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийг төгссөн, ая зохиогч, хөгжимчин, жазз, поп уран бүтээлчийн нэг юм. Карьерынхаа туршид ганцаарчилсан 12 цомог, хамтарсан 4 цомог гаргасан байна. Түүнийг Польшийн урлагийг дэлхийд сурталчилж, таниулсны  төлөө 2015 онд ерөнхийлөгч Бронислав Коморвски "Полониа Реститутагийн Хүлэг Баатарын Загалмайн одон"-р шагнаж байжээ. Анна Мариа Ёопек Польшийн шилдэг уран бүтээлчдийн хамт дэлхийн өнцөг булан бүрд аялан тоглолт хийж, цомгоо гаргасаар байна. Сүүлийн жилүүдэд тайзны урлагийн янз бүрийн төрлийг сонирхож, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Ингээд Польшийн алдарт дуучин Анна Мариа Ёопекийн яриаг та бүхэнд хүргэе.

      Дуучин Анна Мариа Ёопек: Монгол хөгжимчидтэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Энд би шинэ содон туршлагатай болж байна. Би тоглолтын бэлтгэлээ жаз хөгжмийн хамтлагтай хамтран хийсэн. Жазз хөгжмийн хувьд олон улсын хэллэг гэж хэлж болно. Учир нь бид нэг стандартыг баримтлан дуулж хөгжимддөг. Жазз хөгжмийн аялгуу, дуу олон жил дуулагдаж, тоглогдсоор байгаа харин орчин үеийн дууг модерн дуу гэж хэлдэг бөгөөд ямар дуу дуулахаа ярилцаад сонгодог. Жазз хөгжмийн үндсэнд  тулгуурлах нь миний үүрэг бөгөөд үүнийг бүх нийтийн хэл буюу дэлхий нийтэд импровизаци гэж хэлдэг. Энэ нь хөгжмөө сонсоод зохиомжлон дуулах гэсэн үг юм. Дараа нь би Монгол ардын дуу хөгжмийн хамтлагтай хамтран ажиллах хүсэлтэй байна. Миний хувьд энэ нь томоохон сорилт болох болов уу. Монгол аялгуу маш сайхан, гүн болон пентатоник түвшингүүдтэй тул аялгуу, дууг сонсоод ямар нэгэн аязыг аялгуу дунд шигтгэн оруулахыг хүсэж байна. Гэхдээ уг импровизаци буюу зохиомжлох тоглолт маань хэр болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Учир нь шууд тооцоолох боломжтой зүйл биш. Нэг үгээр хэлбэл техник болон бусад хүчин зүйлээс үл хамааран дахин давтагдашгүй хөгжмийн хамтын бүтээлийг туурвих ажил гэж хэлж болно. Баян Монгол бол агуу хамтлаг. Чуулгын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Хамтарсан тоглолт хийх боломж олгосон Филармонийн удирдлагад талархал илэрхийлье.

     Дуучин Анна Мариа Ёопек  нь Hollywood Bowl,  Royal Festival Hall, Tokyo Opera, City Concert Hall, Тель-Авив дахь Израйлын дуурь, Мельбурн дэх Hamer Hall зэрэг дэлхийн хамгийн алдартай концертын танхимд тоглолтоо хийсэн. Мөн дэлхийн томоохон дуу бичлэгийн студитэй хамтран ажилладаг. Энэ удаад Польшийн соёлын өдрүүдийн хүрээнд ийнхүү Баян монгол чуулгатай хамтран ажиллаа. “Баян Монгол” чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан түүхтэй. Тэр цагаас хойш Монгол улсад цахилгаан хөгжимтэй эстрад, жазз, поп, рок урлаг хөгжих нөхцөл суурь болсон юм. Энэ хамт олноос Монголын эстрадын урлагийн нэр алдартай дуучид, хөгжимчид хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч, уран бүтээл нь түгэн алдаршжээ. Харин өдгөө “Баянмонгол” чуулга нь өөрийн улсад мэргэжлийн сонгодог жазз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчлан таниулах зорилготойгоор ажиллаж байна. Польш улсын дуучинтай хийж буй энэ тоглолт ихээхэн өвөрмөц онцлогтой гэдгийг Баян Монгол чуулгын удирдаач Саруул-Од хэллээ.

    Польшийн дуучин Анна Мариа Ёопек үргэлжлүүлэн Өвөрхангай болон Булган аймагт тоглолт хийхээр төлөвлөж байна. Эдгээр тоглолтоо тухайн орон нутгийн дуу бүжгийн чуулгатай хамтран хийх юм.  

       Нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэнд Бүгд Найрамдах Польш улсын  Өргөмжит консулын газар Орхон аймагт нээлтээ хийсэн талаарх мэдээллийг хүргэе. Өнгөрсөн наймдугаар сард Бүгд найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко Орхон аймагт зочлох үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзаж, Орхон аймагт  суух БНП улсын Өргөмжит консулаар Хуланг томилсноо албан ёсоор танилцуулсан. Уг уулзалтын үеэр арваннэгдүгээр сард Өргөмжит консулын газраа албан ёсоор нээх тухай хэлж байсан нь ийн биеллээ оллоо. БНПУ нь Монгол Улсад үр ашигтай цөөнгүй төслүүд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь  есөн сая еврогийн санхүүжилтээр Орхон аймагт амжилттай хэрэгжиж буй “Хатуу хог хаягдал ангилах ялгах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” юм. Польш улсын Өргөмжит консул Орхон аймагт томилогдон, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулснаар хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна. Мөн Орхон аймаг цаашид Польш улсын хөрөнгө оруулалтыг татах, орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.

Үзсэн: 1173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна