Завхан аймгийн аялал жуулчлал
Хангайн нуруу, Их нууруудын хотгорын заагт оршдог Завхан аймаг нь уул, ой, гол мөрөн, нуур, элсэн манхан, тал хээр хосолсон байгалийн олон янзын тогтоцтой
Цасан бүрхүүлд хучигдсан элсэн манхан, мөсөн хүрхрээ, мөнх цаст уулс, гацууран шугуй, зэрлэг тахийн бэлчээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоц нь Завхан аймгийн өвлийн аяллын онцлогийг бүрдүүлдэг. Зуны улиралд жуулчдын зорин очдог байгалийн үзэсгэлэнт газрууд өвөл өөр өнгө төрхөөр хувирч, байгаль, гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг татдаг юм. Хангайн нуруу, Их нууруудын хотгорын заагт оршдог Завхан аймаг нь уул, ой, гол мөрөн, нуур, элсэн манхан, тал хээр хосолсон байгалийн олон янзын тогтоцтой. Тус аймаг аялал жуулчлалыг дөрвөн улиралд хөгжүүлэх хүрээнд байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн өвлийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Завхан аймгийн Хомын тал нь дэлхийд ховор тахийн өлгий нутаг. Мөн Хангайн нурууны ноён оргил монгол төрийн тахилгат уул Отгонтэнгэр хайрхан далайн түвшнээс дээш 4021 метр өргөгдсөн. Монголчууд эртнээс Очирваань хайрхан хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн энэхүү уулын мөнх цаст оргил өвлийн улиралд улам сүрлэг харагдана. Улаагчны хар нуур-Цасан манхан, мөсөн нуурын хослол Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог. Улаагчны хар нуур нь элсэн манхан, уулсаар хүрээлэгдсэн цэнгэг уст нуур юм. Аймгийн төвөөс 110 орчим километр зайд оршдог тус нуур 30 орчим километр урт, 5-10 километр өргөн, хамгийн гүн хэсэгтээ 48 метр хүрдэг. Өвөл нуурын ус хөлдөж, эргэн тойрны элсэн манхан цасан бүрхүүлээр хучигдана. Шаргал элс, цагаан цас, мөсөн нуурын өнгөний ялгарал нь гэрэл зураг сонирхогчдын хувьд өвөрмөц байгалийн дүр зургийг бий болгодог.
Үзсэн: 282
Tweet