Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллалаа
Төрийн алба бол иргэдийн итгэл, улс орны хөгжлийн бодлого, төрийн шийдвэрийг холбох чухал гүүр юм гэдгийг тодотголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ төрийн албан хаагчидтай уулзаж, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ төрийн албаны ёс зүй, хариуцлагыг чанд сахиж, ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэхийн чухлыг онцолсон. Тэрбээр төрийн албан хаагчдад хандаж, “Төгс мэдлэгтэй байх албагүй ч төгөлдөр ёс суртахуунтай байх ёстой” хэмээн захиж, төрийн албанд ажиллаж буй хүн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ ёс суртахуун, шударга байдал, хариуцлагыг эрхэмлэх учиртайг тэмдэглэлээ. Төрийн алба бол иргэдийн итгэл, улс орны хөгжлийн бодлого, төрийн шийдвэрийг холбох чухал гүүр юм. Иймд төрийн албан хаагч бүр үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж, төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавин, шударга, ил тод, хариуцлагатай ажиллах нь төрд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндэс болохыг онцолсон. Мөн улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хамгаалах үйлс нь зөвхөн төрийн тусгай байгууллагын үүрэг бус, төрийн албан хаагч бүрийн ухамсар, хариуцлага, өдөр тутмын үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Ерөнхийлөгчийн уулзалт нь төрийн албаны үнэт зүйлсийг эрхэмлэн, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг чанаржуулахын ач холбогдлыг тодотгосноороо онцлог байлаа.
Үзсэн: 282
Tweet