Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол–Америкийн боловсролын харилцаа: Фулбрайтын хөтөлбөр Монголд


Densmaa 2026-08-03 03:08

Энэ жил Фулбрайтын хөтөлбөрийн 80 жилийн ой тохиож байна.

    Улс орнуудын хамтын ажиллагааны хамгийн бат бөх гүүр нь зөвхөн улс төр, эдийн засаг биш. Харин хүмүүс хоорондын ойлголцол, мэдлэг, боловсролын солилцоо байдаг. Монгол, Америкийн харилцааны энэ гүүрийг сүүлийн 30 гаруй жилийн турш бэхжүүлж ирсэн хөтөлбөр бол АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг юм. 1946 онд сенатор Жеймс Уильям Фулбрайтын санаачилгаар эхэлсэн энэ хөтөлбөр өнөөдөр дэлхийн 160 гаруй улсад хэрэгжиж, 400 мянга гаруй төгсөгчтэй олон улсын нэр хүндтэй боловсролын солилцооны сүлжээ болон өргөжжээ. Үндсэн зорилго нь улс орнуудын иргэдийг боловсролоор дамжуулан холбож, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршдог. Энэ жил Фулбрайтын хөтөлбөрийн 80 жилийн ой тохиож байна. Мөн АНУ тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын төгсөгчид, боловсролын байгууллага, төрийн байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааг дүгнэхээс гадна ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.  

    Монгол Улсад Фулбрайтын хөтөлбөр 1992 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүнээс хойш олон зуун монгол залуу АНУ-ын их, дээд сургуулиудад суралцаж, магистр, докторын зэрэг хамгаалан эх орондоо эргэн иржээ. Үүний зэрэгцээ Америкийн эрдэмтэн судлаачид, англи хэлний багш нар Монголд ажиллаж, дээд боловсрол, судалгаа, англи хэлний сургалтын хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Өнөөдөр Фулбрайтын төгсөгчид төрийн байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгмийн салбарт ажиллаж, Монголын хөгжлийн бодлого, шинэчлэлд өөр өөрийн хувь нэмрийг оруулсаар байна. АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Бэркана хэлэхдээ Фулбрайтын хамгийн том үнэ цэнэ нь зөвхөн боловсрол эзэмшүүлэхэд бус улс орнуудын хооронд урт хугацааны итгэлцэл, ойлголцлыг бий болгоход оршдог гэдгийг онцолсон юм. 

Молик Д.Бэркана:1992 онд эхэлснээс хойш Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд Монголын 500 орчим иргэн АНУ-д суралцахаар очсон бол АНУ-аас 200 орчим америк иргэн Монгол Улсад ирсэн байна. Нийтдээ манай хоёр орны хооронд 700 орчим Фулбрайтын төгсөгч байдаг. Фулбрайтаас гадна АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй олон төрлийн солилцооны хөтөлбөр байдаг. Жишээлбэл, дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан Олон Улсын Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр байна. Энэ нь АНУ-д 3 долоо хоногийн турш хэрэгждэг хөтөлбөр. Мөн залуучуудад зориулсан Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр байдаг. Мөн АНУ-д нэг жилийн хугацаанд хэрэгждэг Хьюберт Хамфри хөтөлбөр байна.  Энэ нь мөн Фулбрайтын хөтөлбөрийн нэг хэсэгт тооцогддог. Түүнчлэн үе үе сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Оюутнуудад зориулсан олон хөтөлбөр бий. Бид "Америкийн Зөвлөл"-тэй хамтран АНУ-д суралцах сонирхолтой монгол залууст зөвлөгөө мэдээлэл өгдөг. "EducationUSA"-аар дамжуулан монгол залууст АНУ-ын их дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагдах боломж олоход нь тусалдаг.

     Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Фулбрайтын төгсөгчид зөвхөн мэдлэг эзэмшээд зогсохгүй, олон улсын туршлагаа эх орондоо нутагшуулан боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан, бизнес зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмэр оруулжээ. Үүний тод жишээ бол Монгол дахь Фулбрайтын анхны төгсөгчдийн нэг, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн Б.Жадамба юм. Тэрээр 1992 онд АНУ-д суралцаад эх орондоо ирэхдээ Монгол Улс дэлхийтэй шинээр харилцаж эхэлсэн цаг үетэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Тухайн үед англи хэлний багш маш цөөн байсан учраас орос хэлний багш нарыг зургаан сарын сургалтаар англи хэлтэй болгох үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 650 гаруй багш бэлтгэсэн. Мөн АНУ-аас 36 англи хэлний багшийг Монголд гурван жилийн хугацаатай ажиллуулах төслийг амжилттай хэрэгжүүлжээ. 

Б.Жадамба: Тэр үед анхных болохоор асар их хүндэтгэл дунд байсан. Хангамж сайн. Энэ тэтгэлгийн нэг давуу тал нь би одоо Германд очиж илтгэл тавья гэхэд сангаас бүхий л зардлыг даана. Тэтгэлэгт хамрагдсанаар хэл сайжирснаас гадна Монголын боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт орсон гэж боддог. Тэрнээс хойш би Дани, UNESCO, UNICEF гээд олон улсын байгууллагуудын төслийг удирдаж ажилласан. Ер нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг хүн хоорондын харилцаа юм. Фулбрайтад хамрагдсан нь зөвхөн миний амьдралд биш, Монголын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр болсон гэж боддог.

     Боловсролын үр шимийг нэг өдөр, нэг жилээр хэмжихэд бэрх. Түүний бодит үр дүн үеэс үед өвлөгдөж, нийгмийн хөгжилд аажмаар шингэдэг. Фулбрайтын анхны төгсөгчдийн нэг Б.Жадамба АНУ-аас эргэн ирснийхээ дараа багш бэлтгэх, англи хэлний сургалтыг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх ажлыг манлайлан ажиллажээ. Тухайн үед  Улсын Багшийн дээд сургууль, Цэцэрлэгийн багшийн сургууль, Гадаад хэлний сургуулийг нэгтгэн Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулж байсан бөгөөд Б.Жадамба “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт”-ын захирлаар ажиллаж, багшийн хөгжил, англи хэлний сургалт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр олон шинэ санаачилга хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр ч тэрхүү төслүүдийн үр дүн Монголын боловсролын салбарт үргэлжилсээр байна. Нэг багшийн эзэмшсэн мэдлэг олон зуун багшид хүрч, тэдгээр багшийн мэдлэг олон мянган сурагчдад түгсэн нь боловсролын хамтын ажиллагааны хамгийн бодит үр шим болсныг түүний жишээнээс харж болно.

    Фулбрайтын төгсөгчид зөвхөн боловсролын салбарт бус төрийн бодлого, соёл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хөгжилд ч идэвхтэй хувь нэмэр оруулж иржээ. Бидний дараагийн уулзсан Фулбрайтын төгсөгч бол улс төрч, зохиолч, УИХ-ын гишүүн болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл юм. Тэрээр АНУ-д суралцсан хугацаагаа зөвхөн мэргэжлийн боловсрол эзэмшсэн үе биш харин өөр соёл, өөр үнэт зүйл, өөр өнцгөөс сэтгэж сурах боломж байсан гэж дурссан юм. 

Ц.Оюунгэрэл: Фулбрайтын хөтөлбөр бол АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалах сургуульд сурахад нь өгдөг маш өгөөмөр тэтгэлэг байдаг. Энэ тэтгэлгийг 2003 онд Стэнфордын их сургуульд явахдаа авч байсан. Фулбрайтын нэг онцлог нь АНУ-ын конгрессоос санхүүжүүлдэг учраас зүгээр нэг сургуульд сургаад буцаадаггүй. Тэтгэлэг авсан оюутнуудад бүтэн сарын курс хичээл заадаг. Энэ хичээл дотор АНУ-ын их сургуулиудад очоод академик амжилт гаргахын тулд та бичгийн чадвараа яаж хөгжүүлэх, маргаан мэтгэлцээнд яаж оролцох, багаар яаж ажиллах гээд бид нарын монголын их сургуулиудад сурч байгаагүй зүйл заадаг. Жишээ нь их сургуульд сурч байхад ганцаараа бүх юмыг мэдээд, ганцаараа гар өргөөд байвал хамгийн сайн оюутан гэж магтагдаж явж байлаа. Би чинь их сургуульд дандаа онц сурч тэрийгээ л гоё юм гэж бодож байв. Яг Фулбрайтын оюутан болоод академик орчинтой танилцах сургалтанд сууж байхад миний тэр чанарыг хамгийн муу чанар гэж байсан. Та бусаддаа сурах боломж олгохгүй байна. Та бусадтай хамтарч ажиллахгүй байна. Та бусдыг сонсохгүй байна. Та хариултыг цээжилчихээд гараа өргөж байна. Та бусадтай энийгээ харилцан ярьж шүүмжлэхгүй байна гээд өөрөө онц гэж бодож байсан маш олон боловсролын чадавх маань Америкт очоод маш муу ажил гэж дүгнэгдсэн. Тэгээд би бүр гайхаад, би чинь яаж сурчихсан юм бол би одоо яаж сурах ёстой юм бэ гэдэгт суралцсан. Үүнд бусдыг сонсож сурах, багаараа ажиллаж сурах, ганцаараа урагшаа явах нь чухал биш, олуулаа нийлж ямар нэгэн алхам хийх гээд багаараа амжилтанд хүрэх гэдэг юмыг сууриар нь заадаг ийм хөтөлбөр юм. Тэгээд курсээ дуусаад Стэнфордын их сургуульд суралцахаар ирэхэд тэнд би тийм сургалтанд суралцаагүй байсан бол би маш олон хүний мөнгийг дэмий үрэх байсан. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө буруу ишэлсэн сүх шиг явсаар байгаад тэр их хүний өгсөн мөнгийг буруу үрэх байжээ. Тэгээд соёлын өвд академик соёл гэж ярьж байна. Их сургуульд яаж сурах юм, судалгааг яаж хийх юм, бусадтай яаж ажиллах юм, мэдээллийг яаж цуглуулах юм, цуглуулсан мэдээлэл дээр яаж шүүмж, анализ хийх гээд энэ бүх ажлыг ганцаараа биш багаараа яаж хийх, тоо баримттай яаж ажиллах юм гээд маш олон нарийн сурах арга барилыг заалгаснаараа аан, Нээлттэй нийгэм гэдэг чинь олон хүн оролцож байж арай өөр үр дүн гаргадаг юм байна, би чинь хаалттай үед сургуульд сурч байсан хүн хаалттай үед багшийн заасныг хэн сайн цээжилсэн нь дүн авдаг юм байна гээд маш олон соёлын ялгааг олж мэдсэн.

Фулбрайтын тэтгэлэг аваад явж байгаа залуучуудад хэлэхэд нэг сарын академик сургалтанд маш сайн оролцоод тэр чанартай оролцохын хэрээр дараагийн сургуульд явахдаа авсан тэтгэлэгээрээ зөв юмаа сураарай, зөв арга барил сураарай гэж захих байна.  

     Ц.Оюунгэрэлийн хэлсэнчлэн Фулбрайтын хөтөлбөрийн зорилго нь зөвхөн сайн мэргэжилтэн бэлтгэх бус мэдлэгээ нийгмийн хөгжилд зориулах манлайлагчдыг төлөвшүүлэхэд оршдог. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Фулбрайтын тэтгэлгээр суралцсан монголчууд төрийн байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна. Нөгөө талаас Америкийн эрдэмтэн судлаачид Монголд ирж хэл шинжлэл, түүх, байгаль орчин, археологи зэрэг олон чиглэлээр судалгаа хийж, их, дээд сургуулиудад багшилснаар хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа нэг талын бус, харилцан суралцдаг түншлэл болон хөгжжээ.

    Өнөөдөр Монголын Фулбрайтын төгсөгчид боловсролын салбараар хязгаарлагдахгүйгээр төрийн удирдлага, шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерчлэл, бизнес, хэвлэл мэдээлэл, соёл урлаг зэрэг олон салбарт ажиллаж байна. Тэд өөр өөрийн мэргэжлээрээ олон улсын туршлага, шинэ мэдлэгийг эх орондоо нутагшуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар иржээ.

Нөгөөтэйгүүр, Фулбрайтын хөтөлбөр зөвхөн монголчуудыг АНУ-д суралцуулахад чиглэсэнгүй. Америкийн эрдэмтэн судлаачид Монголд ирж их, дээд сургуулиудад багшилж, хэл шинжлэл, түүх, археологи, байгаль орчин зэрэг чиглэлээр судалгаа хийж, хоёр улсын эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийнхүү Фулбрайт нь нэг талын бус, харилцан суралцаж, хамтдаа хөгжих түншлэлийн загвар болсон юм. Иймдээ ч 1992 оноос хойш Монгол-Америкийн боловсролын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байна. Фулбрайтын хөтөлбөрөөс гадна англи хэлний боловсрол, оюутан солилцоо, хамтарсан судалгааны төсөл, их, дээд сургуулиудын түншлэл зэрэг олон санаачилга хэрэгжиж байна. АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д. Бэркана "2026 онд хоёр улсын Засгийн газар Фулбрайтын хамтарсан санхүүжилтийн гэрээг дахин сунгаснаар Монголын шинэ үеийн оюутан, судлаачдад дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах боломж цаашид ч нээлттэй хэвээр үлдэх нөхцөл бүрдэх юм. Энэ нь боловсролын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна Монгол, Америкийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх чухал алхам болно” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Үзсэн: 45

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна