Их далайн салхи тал нутагт
“Их далайн салхи тал нутагт” Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 9 дүгээр сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ныг хүртэл үргэлжилнэ.
“Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Италийн Сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг Рафаэл Сантид хамаарах “Хөрөг” уран зураг болон Барокко урлагийн гол төлөөлөгч Жан Лоренцо Бернинийн “Нептун ба Тритон” гантиг уран баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг үзэгч олонд толилуулж буйг дуулгалаа. Хоёр бүтээлийн үнэ цэнээс гадна бүтээгдсэн он цаг, европын сэргэн мандалтын үе гэж чухам юуг өгүүлдэг талаар Чингис хаан музейн куратор Ж.Дархижав ийн хүүрнэсэн юм.
Куратор Ж.Дархижав:
- Бидний харж буй өнцөг нь дотоод төвтэй. Ерөнхийдөө бясалгалын мөн чанартай бүтээлүүд голчилдог. Европ нь гадагшаа чиглэсэн урсгалтай. Эдгээр нь тус тусдаа ойлголтыг бий болгож буй мэт харагдав ч хэлэх гэсэн санаа, агуулга нь нэг юмаа.
Илэрхийлэл өнгө төрх нь мэдээж өөр. Европ, дорно дахины соёл нь ийм юм. Сэргэн мандалтын урлаг нь өөрөө Итали улсаас гаралтай гэдэг. Сэргэн мандалт гэдэг нь Итиалаар дахин төрөх, дахин сэргэх гэсэн үгнээс гаралтай гэдэг. Сэргэн мандалтын гол үзэл санаа бол эртний Грек, Ромын үеийн хүнийг магтан дуулсан үзэл санааг дахин шинэчилж өөр түвшин, өөр өнцөгөөс харсан эрин үе байгаа юм. Энэ нь 300-аад жил үргэлжилсэн буюу 1400 оноос 1700 оны эхэн үе гэдэг. Бусад түүхийн мөчлөгүүдтэй харьцуулахад багаахан хугацаа мэт болов ч сэргэн мандалтын энэ үе нь дэлхийн хүн төрөлхтний түүхэнд баларшгүй мөрөө үлдээсэн гайхамшигт он жилүүд юмаа. Эн үеийг өрнийн философчид хийгээд уран бүтээлчид яг юу хэмээн олж харсан юм бэ гэхээр хүн бурханаас ангид, хүн өөрөө аугаа ихийг бүтээх эр зориг, оюуны хүч далайцтай юмаа гэдгийг олж харсан, бусдад түгээсэн он жилүүд юм. Барокко урлаг нь сэргэн мандалтын үеийн дараа гарч ирсэн урлаг. Ялангуяа төв европт нийгмийн хөдөлгөөн өрнөж байсан тэр цагт. Энэ нь урлагт ихээхэн нөлөөлсөн, тусгалаа олсон байдаг. Барокко гэдэг үг нь өөрөө гоё, чамин тансаг, хээнцэр дэгжин гэсэн утгатай. Энэ утга нь ч урлагт ихээхэн шингэсэн байдаг байна. Мөн хувь уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, хурц дайчин байдлыг нүүр царайны хувиралаар илэрхийлдэг урлаг юм.

Их далайн алсаас эх авсан урлагийн салхи Монголын уудам тал нутагт хүрч, хоёр өөр ертөнцийн хооронд үл үзэгдэх гүүрийг бүтээн, цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван туулж байна. Тэрхүү гүүрээр дамжин урлагийн бүтээлүүдийн цаана орших мөрөөдөл, авьяас билэг, оюун ухаан, мэргэн ухааны хүчийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьжээ.
“Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун:
- Их далайн эргээс эхтэй урлагийн гайхамшигт бүтээлүүд уудам Монголын тал нутагт анх удаа хүрэлцэн ирж байгааг бэлгэдэн энэхүү үзэсгэлэнг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрлэсэн юм. Тиймдээ ч Италийн урлагийн гайхамшигт хоёр бүтээл өнөөдөр нүүдэлчдийн тал нутагт зочлон ирээд байна.
Манай музей нь Монголын түүх, төрт ёс, уламжлал, соёлын өвийг судлан шинжилж, дотоод, гадаадын олон нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ дэлхийн урлагийн сор бүтээлүүдтэй Монголын үзэгчдийг нүүр тулан уулзуулж, их урлагийг мэдрэх, бахдан бишрэх боломжийг олгохыг зорин ажиллаж байна. Манай музей байгуулагдаад дөрвөн жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд дэлхийн хэд хэдэн улсад үзэсгэлэн зохион байгуулж, Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулсан. Тухайлбал, энэ жил Итали Улсад Монголын нэрт соён гэгээрүүлэгч, уран барималч Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ удаа Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран Италийн урлагийн хоёр суут мастерын бүтээлийг Монгол Улсад анх удаа нэгэн орон зайд дэлгэн толилуулж байна.
Эдгээр бүтээлийг Ази тивд анх удаа, тэр дундаа Монгол Улсад толилуулж байгаа нь онцгой үйл явдал юм. Энэхүү хамтарсан төсөл нь “Чингис хаан” үндэсний музей болон Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн бөгөөд Монгол, Италийн соёлын харилцааны нэгэн тод илэрхийлэл болж байна.
“Боргезе галерей”-н захирал, профессор Франческа Каппеллетти:
- Манай галерейд мянга гаруй урлагийн бүтээл хадгалагддаг. Тэдгээрийн дотор металл урлалын соёлын өвийг илтгэсэн олон бүтээл бий. Эдгээр нь Сэргэн мандалт болон Барокко зэрэг урлагийн өөр өөр үеийг төлөөлдөг. Мөн манай цуглуулгад Ромын хамба лам нарын харьяанд байсан түүхэн үнэ цэнтэй бүтээлүүд ч багтдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд олон бүтээлээс хоёр бүтээлийг онцгойлон сонгож авчирсан нь Сэргэн мандалт болон Барокко урлагийн гол үзэл санаа, уур амьсгал, эрч хүчийг Монголын үзэгчдэд мэдрүүлэх зорилготой.

БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета:
- Итали, Монголын соёлын харилцааг бэхжүүлэх, урлаг соёлоор дамжуулан хоёр орны ард түмнийг ойртуулахад энэхүү үзэсгэлэн чухал ач холбогдолтой юм. Энэ бол юуны түрүүнд Торгоны замын түүхэн уламжлалыг үргэлжлүүлсэн соёл хоорондын уулзалт юм. Итали, Монголын хооронд өрнөж буй энэхүү яриа хэлэлцээ нь хоёр орны соёлын өв, урлагийн гайхамшгийг харилцан таниулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Олон зууны турш Дорнод, Өрнөдийг холбож ирсэн Торгоны замаар зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй үзэл санаа, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс дамжин түгж ирсэн билээ. Өнөөдөр бид урлагийн хэлээр дамжуулан энэхүү уламжлалыг үргэлжлүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлал, тус улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони 2025 оны 12 хоёрдугаар сард хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн Итали, Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна. Урлаг бол харилцаа холбоог бэхжүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг юм. Мөн улс орны хил хязгаарыг даван гарч, харилцан ойлголцлыг бий болгохын зэрэгцээ ард түмнүүдэд нийтлэг үнэт зүйлсээрээ дамжуулан бие биеэ танин мэдэх боломж олгодог. Эдгээр бүтээлийг Ромоос Улаанбаатар хүртэл авчирч, Монголын үзэгчдэд хүргэх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр Монголын үзэгчид дэлхийн урлагийн үнэт өвтэй танилцахын зэрэгцээ урлагийн бүтээлээр дамжуулан өөр соёл, түүхийг танин мэдэх боломжтой болж байна.

Дэлхийн сонгодог хоёр бүтээл нь хүч хэмээх нэгэн ойлголтыг тэс өөр дүрслэлийн арга барилаар илэрхийлэхийн зэрэгцээ үзэсгэлэнгийн нэгдмэл санааг бүрдүүлж байгаа юм. Мөн үзэсгэлэнгийн дэглэлт, өнгө, гэрэл, орон зайн шийдлээр дамжуулан эдгээр хоёр бүтээлийг харилцан нөхөхийн зэрэгцээ эсрэгцүүлэн харах, мэдрэх боломжийг үзэгчдэд олгохыг зорьжээ. Үзэсгэлэнгийн орон зайд Барокко урлагийн эрчимтэй хөдөлгөөн, хурц илэрхийллээс Рафаэлийн бүтээлийн нам гүм, дотоод төвлөрлийг илтгэсэн уур амьсгал руу аажмаар шилжсэн байна. Бүтээлүүдийн дэлгэрэнгүйг Чингис хаан музейн куратор Дархижаваас тодрууллаа.
Куратор Ж.Дархижав:
- Нэг бүтээл нь сэргэн мандалтын үеийн бүтээл. Бүтээлд тайван дөлгөөн байдлаар сууж байгаа нэгэн эрийн хөрөг юм. Нөгөө бүтээл нь Барокко үеийн маш хурц ширүүн хөдөлгөөнтэй, нүүр царай нь ч мөн догшин ширүүн, тэнгис далайг эзэгнэдэг Етүм бурхны хүрэл баримал юм. Хоёр өөр цаг үеийнх. Эдгээрийг холбож буй нэг зүйл гэвэл хүч чадал гэдэг зүйлийг хоёулаа илэрхийлж байгаагаараа нэг юм. Уран барималын төрх нь далай тэнгисийн шуургыг намжаах гэж буй агшин, Етүм бурханыг хурц ширүүн төрх, үс сахал нь хийсэн буй хүний төрх, дүрээр бүтээснээрээ онцлог юм. Сэргэн мандалтын үеийн уран зурагт тайван дөлгөөн харцтай нэгэн эрийн сууж буй дүр болов ч нүд нь яг барималын нүд нь асар их хүч чадал хийгээд их эрх мэдэлтэй басхүү догшин, бардам байж болохуйц эр хүний төрхийг илэрхийлжээ. Италийн Сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг Рафаэл Сантидийн гайхамшиг нь юундаа байна вэ гэхээр тухайн хүнийг зүгээр л нүднийхэн харцаар илэрхийлж чаддагт байгаа юм.
“Их далайн салхи тал нутагт” үзэсгэлэнг олон арван уран бүтээлчид үзэж сонирхосон юм. Мэдээж тэд өөр, өөрийн билгийн нүдээр харж дотоод сэтгэлийн эрчимээрээ тайлан уншсан нь мэдээж. Тэр дундаас Ардын зураач Дунбүрээ гуай хэлэхдээ, Рафаэлийн зурсан хөрөг зургийг анхааралтай ажиглав. “Шийдэмгий харц, нухацтай царай төрхийг нь цаад цэлмэг хөх тэнгэр улам тодруулж байгаа нь бас л ур чадварын гайхамшиг юм даа… гэсэн юм.
СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн багш, доктор Баяртөр:
- Өнөөдөр бид дэлхийн сонгодогуудтай нүүр тулж байна гэсэн үг л дээ. Түүх, ном зохиолуудаас зөндөөл уншиж байв. Сэргэн мандалтын 83 оргилын нэг Рафаэлийн бүтээлийн эх ирнэ гэдэг үнэхээр гайхалтай. Мөн Бернинийн бүтээл байна. Энэ гайхамшигууд хэдэн зууны турш хүн төрөлхтнийг бишрүүлж, урлагийн ноён оргил руу дуудаж ирсэн гэж бодохоор бишрэх сэтгэл төрж байна.

Хүн төрөлхтний урлагийн сангийн шилмэл дээж бүтээлийг эх орондоо бүр эхээр нь үзнэ гэдэг мөн ч том боломж шүү гэж олон үзэгчийн дуун алдахыг сонслоо. Тэр дуун алдалт эх орны минь сор болсон уран бүтээлчдийн маань шинээр мэндлэх олон, олон бүтээлд гэгээ нэмнээ гэдэгт гүнээ итгэнэ...

Үзсэн: 1695
Tweet