Монголын Солонгос судлал
Одоогийн байдлаар Монгол Улсад солонгос судлалтай холбоотой магистрын ажил гэхэд 200 шахам бичигдсэн бол докторын ажил 31 байна
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан жил бүр зохион байгуулдаг “Олон Улс судлал 2026: Монголын Солонгос судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд боллоо. Монгол Улс болон БНСУ-ын хооронд 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон. Тус улстай дипломат харилцаа тогтоосноор улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг бүхий л салбарт харилцаа өргөжин хөгжсөөр байна. 1990-ээд оноос хойш Монгол дахь Солонгос судлалын түүхэнд гарсан онцгой нэг үзэгдэл бол солонгос хэлний мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн явдал юм. Одоогийн байдлаар Монгол Улсад солонгос судлалтай холбоотой магистрын ажил гэхэд 200 шахам бичигдсэн бол докторын ажил 31 байна. Солонгос судлалын чиглэлээр бичигдсэн нийт магистрын ажлын 70 хувийг монгол оюутнууд, үлдсэн 30 хувийг солонгос оюутнууд бичжээ. Монгол Улс, БНСУ-ын эрдэмтэн судлаачид сүүлийн 30 гаруй жилд хамтарсан судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж, энэ нь манай улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан аж. Түүнчлэн манай улс дахь солонгос судлаачдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, 90 орчимд хүрчээ. Тэдний дийлэнх нь их дээд сургуульд харьяалагддаг, уг судлалаар мэргэшсэн профессор байна.
Үзсэн: 1299
Tweet