Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

"АСЕМ-ын өдөр"


Zambaga 2016-02-29 08:02

"АСЕМ-ын өдөр"

           Өнөөдөр 2016 оны 3-р сарын 1. Энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болон анх удаа тэмдэглэж байна. АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсантай холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон юм. Үүний дагуу Монгол Улсаас эхлэн энэ 3 дугаар сарын 1-нд “АСЕМ-“ын өдөр”-ийг ийнхүү тэмдэглэж байна.

ASEM нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан  улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа бөгөөд хоёр тивийн орнуудын индэр юм. Улс төрийн яриа хэлэлцээний хувьд төр засгийн тэргүүнүүдийн уулзалт Европ, Ази тивийн улс орнуудад ээлжлэн чуулдаг.

Анх 26 гишүүнтэй 1996 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын яриа хэлэлцээний  форум өнөөдөр, 51 орон 2 олон улсын байгууллагыг хамарч  өргөжжээ.  Бээжин хотноо 2008 онд чуулсан ASEM-ын 7 дахь удаагийн чуулга уулзалтаар Манай улс гишүүнээр элссэн юм.

          Дэлхий нийтийг хамарсан асуудлууд тухайлбал эдийн засгийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр, Ази-Европын чанартай бусад асуудлууд ASEM-ын яриа хэлэлцээнд голлодог. Түүнчлэн НҮБ-ын шинэчлэлийн асуудал, үй олноор нь хөнөөх зэвсэг, Терроримзтэй тэмцэх асуудал, цагаачлал болон Дэлхийн худалдааны байгууллагын маргаан мэтгэлцээн зэрэг олон улсын чанартай асуудалд мөн  анхаарал хандуулдаг. Ази, Европын талууд даяаршлын нөлөөг зохицуулах, бүс нутгийн болон олон улсын бизнесийн хамтын ажиллагаанд эерэгээр  нөлөөж, хамтдаа олон улсын аюулгүй байдлыг хангахад  хувь нэмэр оруулахаас гадна соёлын харилцаанд ч анхааран ажилладаг юм. 

ASEM-ын чуулга уулзалтын үеэр  албан бус нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, талууд байр сууриа чөлөөтэй илэрхийлж, хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг. Санал зөрүүтэй асуудлаар  харилцан зөвшилцөх, хэлэлцэх боломж олгож улс орнуудын байр суурийг ойртуулж өгдөг нь уулзалтын нэгэн давуу тал юм.. Тухайлбал Европын холбооны улсуудын хөгжлийн нэгдмэл зарчмын давуу болон сул талыг Азийнхан илүүтэй сонирхдог бол, Азийн бүс нутгийн хөгжлийг Европынхон танин мэдэх хүсэлтэй байдаг.  Иймд Ази, Европын уулзалт  нь хоёр тивийн харилцааг хамтын чармайлтаар өөрчлөн хөгжүүлж, хоёр тивийн хөгжлийг илүү өргөн цар хүрээнд харах боломжийг олгож өгдөг.

Гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлэх нь АСЕМ-ын үйл ажиллагааны гол хэлбэр байдаг. Одоогийн байдлаар улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм, соёлын салбарт 41 санаачилга хэрэгжиж байна. Тухайлбал, Ази-Европын залуу удирдагчдын форум, Терроризмтэй тэмцэх асуудлаарх семинар, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга, Мэдээллийн технологи, холбоо харилцааны хөтөлбөр, Эрчим хүчний асуудлаарх семинар, Их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам зэргийг дурдаж болно.

        АСЕМ-ын үйл ажиллагааны томоохон институци нь Ази-Европын сан. Тус сан нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан, АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институци юм. Сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бүх гишүүн орны төлөөллөөс бүрддэг  Захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталдаг.

Ази-Европын сан нь AСЕМ –ийн гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг. Хэдийгээр сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхээ гишүүн орнууд сайн дурын үндсэн дээр шийдэх эрхтэй боловч сангийн үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс хандив өргөх нь гишүүн орнуудын ёс суртахууны болон улс төрийн үүрэг гэж үзэх болсон.

Хельсинкид 2006 онд болсон дээд хэмжээний уулзалтаас Ази-Европын сангийн санхүүгийн тогтвортой байдлын тухай баримт бичиг батлан гаргасан. Уг баримт бичгийн дагуу гишүүн орнуудын хандивын хэмжээг 3 түвшинд хуваасан. А, В, С түвшний хандивын хэмжээ нь 3:2:1 гэсэн харьцаатай байхаар заасан бөгөөд бага орлоготой Камбож, Лаос, Мьянмар зэрэг орнуудад С түвшний хандивын 80 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон. Сан өөрийн  жилийн зардлын төсвийг урьдчилан тооцоолоод түвшин тус бүрд хэдий хэмжээний мөнгө ногдохыг тооцож гаргадаг гишүүн орнууд өөрсдийн сонгосон түвшний хандивыг өгдөг байна.

Түүнчлэн Ази, Европын ард түмний форум нь хоёр тивийн иргэний нийгмийн  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд Ази, Европын бизнес форум нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохиогддог.

2008 онд АСЕМ-ын гишүүн болсноосоо хойш Монгол улс АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Монгол Улсын АСЕМ-ын үйл ажиллагаан дахь оролцоог бусад гишүүн орнуудын жишгээр ГХЯ  ерөнхийд нь зохицуулж байна. Манай төлөөлөгчид АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Сангийн сайд нарын уулзалт, Байгаль орчны сайд нарын уулзалт, Хөдөлмөрийн сайд нарын уулзалт, Ахлах албан тушаалтнуудын хуралдаан, Ази-Европын Залуу парламентчдын уулзалт, Терроризмтэй тэмцэх асуудлаарх уулзалт, Шашин хоорондын яриа хэлэлцээ болон хүний эрхийн асуудлаарх уулзалтуудад тогтмол оролцож ирсэн.

АСЕМ-ийн 2008, 2010, 2012 онд болсон Дээд түвшний 7, 8, 9 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсон нь тус уулзалтад Монгол улс ихээхэн ач холбогдол өгдгийн илэрхийлэл юм.

Дээд түвшний 9 дахь удаагийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдийн засаг, санхүүгийн асуудлууд”, “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Нийгэм, соёлын хамтын ажиллагаа”, “Бүс нутгийн асуудлууд”, “АСЕМ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь манай улсын идэвхтэй оролцоог харуулсан, АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон үйл явдал болсон.

            АСЕМ-ын үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцох нь манай улсын олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой.

            Монгол Улсын Ерөнхийлөгч АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ихээхэн анхаарч буйг илэрхийлж, цөлжилтөд улам бүр нэрвэгдэж буй говь нутагт Засгийн газрын тусгай хуралдааныг зохион байгуулсан, улмаар уг хуралдаанаас олон улсын хамтын нийгэмлэгт хандан илгээлт гаргаж байсан юм.

Түүнчлэн 2011 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албадын удирдлагуудын 10 дугаар бага хурал, 2012 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд АСЕМ-ийн Байгаль орчны сайд нарын 4 дүгээр уулзалт, 2015 оны 5 дугаар сарын 22-23-нд Сэргээгдэх эрчим хүчний уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулсан. Үүний зэрэгцээ Монголын төлөөлөгчид АСЕМ-ын төрөл бүрийн уулзалт, бага хурал, сургалт семинарт идэвхтэй оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийлж, илтгэлээ хэлэлцүүлж ирсэн туршлагатай.

Италийн Милан хотноо 2014 онд болсон 10 дахь удаагийн Уулзалаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 11 дэх чуулга уулзалтыг хуралдуулахаар товлосон.

Манай улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойг зохион байгуулах орны хувиар 3-р сарын 1-нд “АСЕМ-ын өдөр”-ийг АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дотоод, гадаадын олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд тэмдэглэж байна.

 “АСЕМ-ын өдөр”-өөр дунд сургуулийн сурагчдад зориулсан видео хичээл зааж, “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн АСЕМ-тай холбогдох үйл явдал, бэлтгэл ажлын талаар сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байран албан ёсоор нээсэн юм.

            Энэхүү тэмдэглэлт өдөр нь АСЕМ-ын гишүүн орнууд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд АСЕМ-ын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ач холбогдлыг таниулах зорилготой бөгөөд энэ жил тохиож буй  АСЕМ-ын 20 жилийн ойг угтаж зарим улс  3 дугаар сарын 1-нд олон нийтийг хамарсан ажлууд зохиож байна Тухайлбал Тайландад АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж 3 дугаар сарын 1-6-нд үзэсгэлэн гаргаж байна. Түүнчлэн Швейцарын Гадаад хэргийн яамнаас АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг хийх бөгөөд манай улсад хандаж АСЕМ-ын түүх, ач холбогдол, ирээдүйн чиг хандлага, АСЕМ-ын талаарх байр суурь, хамтран ажиллах боломж зэргийн талаар хамтарсан нийтлэл бичиж, “АСЕМ-ын өдөр”-өөр олон нийтийн хүртээл болгож байна.

Үзсэн: 1607

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна