Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд - “Сансарт тэмүүлсэн монголчуудын түүхээс...”


Zambaga 2016-03-22 01:03

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд - “Сансарт тэмүүлсэн монголчуудын түүхээс...”

       Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв...

Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс хүсэв

Урьдаар нийгэм журам байгуулж дараагаар чамтай ураг болъё гэнэ...

Нэгэнтээ Монголын шинэ үеийн яруу найргийг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж дуу алдан хэлсэн байдаг.

        Мөнх хөх тэнгэрийн цагаан заадас түүнээс цааших түнэр харанхуй огторгуйн уудамд юусан байгааг хүрч мэдрэх гэсэн Монгол хүний хязгааргүй хүслэн мянга мянган жилийн мөрөөдөл билээ.

Монголчууд нэн эртнээс хөх тэнгэрийн савслага, од гарагсын хөдөлгөөнөөр амьдрал ахуйгаа зохицуулсаар нүүдэллэн явсаар ертөнцийн талыг эзэгнэж явсан удаатай.

Одоогоос найман зууны тэртээ, Монголын Юань гүрний их хаан Хубилай Араб, Хятад, Энэтхэгийн од зүйн дэвшилтэт аргыг улам нарийвчлан Монгол од зүйн судлалын үндсийг тавьсан байдаг. Эдүгээ түүний байгуулсан “Одон орны төв” Бээжин хотноо гадаад, дотоодын олон судлаачид, жуулчдын анхаарлыг татсан, түүхийн үнэт соёлын өв болон хадгалагдаж байдаг.

 Хубилай хааны одон орны судлалыг түүний хойчийг залгамжлагч хаад үргэлжлүүлэн Иран зэрэг Дундад Азийн улс орнуудад одон орон судлах төвүүдийг байгуулж байжээ.

        Алдарт доголон Төмөр хааны ач хүү Үлэгбэх 1428 онд Самарканд хотноо од эрхсийг шинжин судлах хүрээ буюу “Сансар судлалын төв”-ийг бий болгосон нь одоо ч дэлхийн сансар судлалын үнэт үзмэр, судлагдахууны оргил төв болсоор байна.

Энэ бол дэлхийн түүхийн буурал хуудаснаа мөнхрөн үлдсэн монголчуудын сансар огторгуйн хязгааргүй орон зайд аялах их хүслийн нэгээхэн гэрч юм.

19-дүгээр зуунд “шүхэрч Буниа” зэрэг хүмүүс сансар огторгуйд нисэхийн их мөрөөдлийг тээсээр байлаа. Манай улс 1925 онд Ю-13 маркын  хоёр хүний суудалтай таван онгоцтой болсноор шинэ үеийн монголчууд сансар огторгуйд нэгэн алхам ойртсон гэж түүхэнд тэмдэглэжээ.

Улмаар 1966-1970 онд байлдааны онгоцны Монгол нисгэгчийг ЗХУ-д бэлтгэснээр “сансарт Монгол хүн нисэх” түүхийн  хуудас эхэлсэн гэж хэлж болно. 1977 оны хавар МАХН-ын Төв Хорооны бүгд хуралдаанаар “Монгол хүн сансарт нисэх” тухай хэлэлцсэн байна. Энэ сайхан гайхамшигт мэдээ хамгийн түрүүнд нисгэгчдийн сонорт хүрч Налайхын сөнөөгч бөмбөгдөгч онгоцны эскадрилийн 30 гаруй залуучууд сансарт нисэх хүсэлтээ гаргажээ.

МАХН-ын Төв Хорооны тогтоолоор, Монголын хамгийн сайн хүний эмч, одон оронч, физикч, химич, астрономич зэрэг эрдэмтэн докторуудын бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдаж, хүсэлт гаргасан гуч гаруй залуусыг иж бүрэн шинжилгээнд оруулжээ.

        Олон удаагийн нарийн шинжилгээ, дүгнэлтээр 7 нисгэгч залуу шалгарч “Маш нууц”- тушаал сонсож, эхнэр хүүхэд, ар гэртээ ч хэлэлгүй, өглөө ажилд явах мэтээр гарч өдөржин биен тамирын бэлтгэл, циркт акробат, шинжлэх ухааны физик техникийн хүрээлэнд одон орон, сансрын онолын хичээл шаргуу үзэж байв. Нэг жил бэлтгэл хийсний дараа ЗХУ-ын Сансрын нисгэгчдийг бэлтгэдэг “Оддын хотхон”-оос ирсэн Орос эрдэмтэн эмч, мэргэжилтнүүд дахин шалгалт авснаар С. Шаравсамбуу, Б. Лхагвасүрэн, Д.Сүрэнхорлоо, П.Эрхэмбаяр мөн Д.Сайнцог, М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар тэнцэж үргэлжлүүлэн бэлтгэлээ хийжээ.

        С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, Д.Сүрэнхорлоо, П.Эрхэмбаяр нар бол 1972 онд ЗХУ-ын Краснодарт Сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нисгэгч, туршин нисгэгч мэргэжлийг онц дүнтэй төгссөн шижигнэсэн залуус байлаа. Тэд Налайхын сөнөөгч бөмбөгдөгч онгоцны тусгай эскадрильд 19 мянган метрийн өндөрт, цагт 217 км хурдалдаг  бөмбөгдөгч онгоцоор өдөр бүр туршин нислэг үйлддэг байв. Ийм нэг удаагийн нислэг нь нүүрсний уурхайн 100 метрийн гүнд найман цаг ажилласантай тэнцдэг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Ийм л зүрх зоригтой, чадварлаг залуус сансарт нисэхийг мөрөөдөн, чаргуу бэлтгэл хийж байлаа.

1978 оны нэгдүгээр сарын 18-нд манай нисгэгчид ЗХУ-ын Оддын хотхонд очиж хэсэг хугацаагаар бэлтгэл хийж дахин шалгаруулалтад орсноор С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, П.Эрхэмбаяр хасагдаж дөрвөн нисгэгч тунан үлджээ.

Сансрын бэлтгэлийн хүнд сорилт шалгалтыг даван туулсан Д.Сайнцог, М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар ЗХУ-ын Нисэхийн инженерийн дээд сургууль,  Д.Сүрэнхорлоо Нисэхийн дундыг сөнөөгч онгоцны туршин нисгэгчээр төгссөн  цэл залуухан нисэгчид. Тэд Монголынхоо хөх мөнгөн тэнгэрт илэн халин дүүлсэн баатрууд байлаа.

        Сансар судлал, Оросын цэргийн нисэх хүчний давхар давхар шалгуурт тэнцсэн манай залуус хэзээ мөдгүй нисэхэд бэлэн болсон 1980 оны намар сүүлчийн хяналтын сорилтод орсноос нисгэгч М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сансарт нисэх нисгэгчдийн жагсаалтад үлдсэн байна.

Хязгааргүй одот орчлон Монгол хөвгүүдээ хүлээж, түм буман одод жирвэлзэн гялалзсаар 1981 оны гуравдугаар сар гарлаа. Эх дэлхийн сая сая хүмүүн түүний дотроос хэн гэгч Монгол хүү хөх тэнгэрийн хязгааргүй огторгуй руу дүүлэн нисэх нь тодроогүй л байлаа.  

          Өргөн дэлгэр  Казакстаны тал хөндийд, Байконурын сансрын буудал дээр “Союз-39” хөлөг эзнээ хүлээнэ. Монгол хүн бүрийн удаан хүлээсэн гуравдугаар сарын 22-ний одод түгсэн гүн шөнө “Союз-39” хөлөг сансар огторгуйн уудам руу хөөрлөө. Яг тэр мөчид “Анхаараарай! Aнхаараарай! Монгол хүн сансарт нисэж байна. Монгол улсын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нисэж байна” гэж дэлхий нийтэд зарласан юм.

        Ингэж Монгол улс сансрын уудмыг эзэмшсэн 101 дэх орон, Ази тивээс сансарт дүүлсэн хоёр дахь улс болж дэлхийн түүхэнд мөнхөрсөн нь нүүдэлчин Монголын Үндэсний бахархал.

Монгол улсын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч Владимер Жанибеков нар  7 хоног, 20 цаг, 42 минутын хугацаанд 124 удаа цэнхэрхэн гарагаа тойрч, сансрын Салют-6 станцтай холбогдож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө шинжлэх ухааны олон туршилт, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэсэн билээ.

Үзсэн: 1263

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна