Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо болж байна


Zambaga 2016-07-14 07:07

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо болж байна

     Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-ны өглөөний 9.00 цагт Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. Уулзалтад оролцох зочдыг угтан авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 07.00 цагт Шангри-Ла цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн угтан авлаа.

    “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна. Мөн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна. Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

    Уулзалтыг нээж, зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

    Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм. Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Ази Европын энэ удаагийн – 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байнахэмээн онцлон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн нээлтийн үгийн дараа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Мьянмарын Ерөнхийлөгч, АСЕАН-ы зохицуулагч Тин Киав, Европын Холбооны зохицуулагч, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд, NESA-гийн зохицуулагч Мурраи МкКүлли нар тус тус үг хэллээ.

           Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск:

Манай хоёр тив худалдаа, хөрөнгө оруулалтын салбар түлхүү хамтран ажиллах боломжтой. Тээвэр болон тоон технологийн дэвшлийн тусламжтайгаар энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллах хэрэгтэй.  Бидний хамтын ажиллагаанд олон сорил тулгарах нь мэдээж. Иймд тэдгээрийг хэрхэн хамтаа даван туулах талаар хоёр тивийн улс орнууд ярилцах зайлшгүй шаардлагатай юм.  Жирийн иргэдэд зориулсан худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах энгийн ойлгомжтой дүрэм журам бий болгосноор урам зориг, итгэл найдвартайгаар ажиллах боломж бий болох юм. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, терроризмтой тэмцэх болон цагаачид, дүрвэгсдийн асуудал зэрэгт Ази, Европ тивүүд үүрэг хариуцлагаа хуваан үүрэх хэрэгтэй. Эдгээр асуудлууд энэ удаагийн уулзалтын хэлэлцэх сэдвийн хүрээнд багтаж байгаа юм. Улаанбаатарын уулзалтаар дээр дурдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар гарц олж чадна гэж би найдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ олон зүйл дээр ололт амжилт гаргаж чадсан. Гэхдээ бид илүү ихийг хамтдаа хийх хэрэгтэй байна.

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррей Маккалли:

Шинэ Зеланд улс зургаан жилийн өмнө АСЕМ-д нэгдсэн. Тус улс нь АСЕМ-ын Зүүн хойд болон өмнөд азийн бүлгийн зохицуулагчаар ажилладаг. Үүнд Авсрали, Бангладеш, хятад, энэтхэг, япон, Казакстан, Солонгос, Монгол, Орос улсууд багтдаг. Бид үүнийгээ давуу тал хэмээн хардаг юм.  Шинэ Зеланд улс бол их шинэ тутам улс. Гэхдээ Европын үндэс суурь хүчтэй хадгалагдан байдаг. Харин газар зүйн хувь Ази, Номхон далайн бүс нутагт хамаарагддаг.  Түүхээс харвал 1970-аад онд манай орны худалдааны 70 хувь нь Европын орнуудтай хийгдэж байсан бол өнөөдөр худалдааны 70 хувийг Азийн орнууд эзэлж байна.

Мьянмарын Холбооны улсын ерөнхийлөгч:

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтаар тулгамдаж байгаа олон асуудлаа ярилцах боломж олдож байна.   Мөн АСЕМ нь гурав дахь 10 жилтэйгээ золгож байна. Энэ хүрээнд хоёр бүс нутгийг холбохын тулд харилцан уялдаатай байдлаар тогтвортой хөгжлийг хэрхэн бэхжүүлэх талаар энэ уулзалтаар яриа хэлэлцээ явагдах болно. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх, гамшгийг бууруулах, эзийн засгийг хүртээмжтэй болгох, бүс нутгийн бие даасан байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө санаа тавин ажиллахын төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно. Гэхдээ дээрх асуудлуудын талаар ярихад бэрхшээл, сорилтууд мэдээж  тулгарна. Бидэнд ялгаатай зүйлс бий. Мөн санал бодол нэгтэй байгаа зүйлс ч олон бий. Иймд АСЕМ-ын түнш орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ажиллана

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо:

Миний эх орон Словак улс нь Европын Зөвлөлийг тэргүүлж байна. Манай улс АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээрт талархалтай ханддаг.  Бид АСЕМ-ын хоёр дахь албан бус семинарыг Эко инноваци сэдвээр 2016 оны 3-р сард Братиславад зохион байгуулсан. Энэхүү семинар нь АСЕМ-д эко инновацийн асуудалд томоохон үүрэг гүйцэтгэсэн. АСЕм нь олон салбарт их зүйлийг хийх чадавхтай. Үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, хүнсний аюулгүй байдал, боловсрол, нийгмийн хамгаалал гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм. Энэ угаагийн Ази-Европын дээд түвшний уулзалт амжилттай болно гэж найдаж байна. Ази, Европын ард иргэд хоорондоо илүү ойртож, энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.

Нээлтийн ажиллагааны дараа АСЕМ-ын дөрвөн дагалдах хурлын дүнг танилцуулав.  Үүнд, Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалт (АСЕП), Ази-Европ түмний чуулга (AЕПФ), Ази-Европын Бизнесийн чуулган (АЕБФ), Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж хурлын үр дүн, Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах санал санаачилгаа уламжиллаа. 

 

 

Үзсэн: 1199

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна