Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөлөө


Zambaga 2016-07-17 06:07

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөлөө

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15, 16-нд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний зочид, дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцлоо. Үүнээс төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцлоо.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 улс Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцлоо. Түүнчлэн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

            Уулзалтыг нээж, зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм. Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм” гэлээ.

Ерөнхийлөгчийн нээлтийн үгийн дараа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Мьянмарын Ерөнхийлөгч, АСЕАН-ы зохицуулагч У Тин Чяу, Европын Холбооны зохицуулагч, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд, NESA-гийн зохицуулагч Мурраи МкКүлли нар тус тус үг хэллээ.

Мьянмарын Холбооны улсын ерөнхийлөгч У Тин Чяу нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “АСЕМ нь гурав дахь 10 жилтэйгээ золгож байна. Энэ хүрээнд хоёр бүс нутгийг холбохын тулд харилцан уялдаатай байдлаар тогтвортой хөгжлийг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутгийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх, гамшгийг бууруулах, эзийн засгийг хүртээмжтэй болгох, бүс нутгийн бие даасан байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө санаа тавин ажиллахын төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно” гэсэн юм.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны дараа хоёр хэлэлцүүлэг бүхий Нэгдсэн хуралдаан боллоо. Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэж ярилцлаа. Уулзалтад оролцогчид мөн АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцов. Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм.

Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд төлөөлөгчид “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.  Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол наадам бол монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд агуу түүхээрээ, олон зууны турш бүтээж, хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц ч монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээжээс та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

“Нүүдэлчдийн наадам”-ын хүрээнд монгол уламжлалт эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа болж, үндэсний өв соёлыг сурталчилсан язгуур урлагийн тоглолт, цамын бүжгээс сонирхууллаа. Наадмын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барилаа. Энэ үеэр АСЕМ-ын зарчмын дагуу яриа хэлцээ албан бус байдлаар үргэлжилсэн юм.

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд хоёр талын 100 гаруй уулзалт хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар 60 гаруй хоёр талт уулзалт хийсэн нь хурлын ач холбогдлыг харуулж байлаа. 

 АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдсан уг уулзалтын хоёр дахь өдрийн хаалттай хуралдаанаар төлөөлөгчид “АСЕМ-ын гурван баганыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд албан бус хэлэлцүүлэг өрнүүлж, мөн бүс нутгийн хамтын ажиллагаа болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, дүрвэгсдийн асуудал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, хуулийн засаглал, эрчим хүч, хүнс тэжээл, цэвэр ус, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг цаг үеийн халуун сэдвүүдийг хөндөж ярилцсан байна.

Хурлын төгсгөлд “Хурлын даргын мэдэгдэл” болон “Улаанбаатарын тунхаглал” гэсэн хоёр баримт бичгүүдийг баталлаа. Энэхүү баримт бичгүүд нь АСЕМ-ын үйл явцыг урагшлуулах, эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Ази, Европын хооронд харилцаа холбоогоо илүү өргөн хүрээнд бэхжүүлэх, тодорхой салбар асуудлаар илүү төвлөрсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон хөтөч зураг болно гэж уулзалтад оролцогчид санал нэгтэй дүгнэсэн юм.  

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск нар үг хэллээ. Дараа нь Дээд түвшний уулзалтын үр дүн болон батлагдсан баримт бичгүүдийн талаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо  нар гадаад, дотоодын сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. Монгол Улс энэ удаагийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээж авч байгаагийн хувьд хуралд оролцогчдод өөрийн түүх, соёл, ёс заншлаа сурталчлан таниулахыг зорилоо. Энэ бол Монгол Улсад 100 жил нэг удаа тохиох томоохон уулзалт  боллоо” гэв.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск “Уулзалтын үеэр хэд хэдэн газар террорист халдлага гарлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, энэ индэр дээрээс дуу хоолойгоо хамтдаа хүргэсэн. Террорист халдлага манай хоёр тивд аюултай. Тиймээс бид дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцсан. Мөн дүрвэгсдийн асуудал, аюулгүй байдлын талаар санал солилцсон. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гарах ёстой. Энэ талаар бид төвлөрч ярилцлаа” гэлээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Миний оролцсон АСЕМ-ын уулзалтуудаас энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой, давтагдашгүй байлаа. Монгол Улс хурлыг маш сайн зохион байгууллаа. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно” гэсэн бол Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Киав “Энэ ховор боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Танай сайхан орны байгалийг биширч, монголчуудын зочломтгой занд талархаж байна. Хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалт хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах талаар бид санал нэгдлээ. Нийтлэг ашиг сонирхол бүхий  асуудлуудаар түлхүү ярилцлаа” гэлээ.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы ЕНБД нар Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгаатай холбогдуулан терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж,  7 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд террорист халдлага үйлдэгчдэд НҮБ-ын Дүрэм болон олон улсын бусад хууль тогтоомжийн дагуу хатуу шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох ёстойг мэдэгдэж, хүчээ нэгтгэн терроризмтой тууштай тэмцэхээ цохон тэмдэглэсэн байна.  

Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтаас хэдхэн цагийн өмнө Францын Нис хотноо гарсан террорист халдлагын улмаас олон хүний амь нас үрэгдэж, нөхөж баршгүй хохирол учирсанд АСЕМ-ын төлөөлөгчид хохирогсдын ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж байлаа. Түүнчлэн 7-р сарын 16-нд Туркид цэргийн эргэлт хийх оролдлого гарсан нь Ази, Европын төр засгийн тэргүүн нарын анхаарлын төвд байсан юм. Тэд аливаа зэвсэгт тэмцлийг буруушаана гэдгээ мэдэгдэж байлаа.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч, хэвлэл мэдээллийнхэн зэрэг ойролцоогоор 12 мянга гаруй хүнд талархал илэрхийллээ.

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтын хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас хойш АСЕМ-ын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, Түмний чуулган, Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт гэсэн 9 дагалдах уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.

Эдгээр уулзалтуудад гадаадын 5600 орчим хүн ирж оролцсон тоо баримт байна. Зөвхөн Дээд хэмжээний хурлын өдрүүдэд буюу долдугаар сарын 15-16-нд гадаадын 2300 орчим зочин Улаанбаатарт байрлаж байлаа. Ази, Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт нь Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж, гадаад сурталчилгаагаа богино хугацаанд маш өргөн цар хүрээнд хийх боломжийг олгосон юм. Дээд түвшний уулзалтыг гадаадын 670, дотоодын 120 гаруй сэтгүүлч сурвалжилж, Ази-Европын дээд түвшний уулзалт болон Монголын улсын талаарх мэдээллийг дэлхийн 1.5 тэрбум хүнд сонирхон үзэж, сонссон статистик үзүүлэлт гараад байна. Ази-Европын дээд түвшний уулзалтад ирж оролцсон төлөөлөгчид болон зохион байгуулалтаас Монгол Улсад 8-10 сая ам.доллар үлдсэн гэсэн урьдчилсан тооцоо гарсан тухай  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дурдаж байлаа.  

Ази-Европын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулж чадсанаар улс орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд дахин баталгаажуулж, нэр хүндээ өргөж чадсан үйл явдал боллоо. 


 

 

 


 

 

Үзсэн: 1269

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна