Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Торгууд угсаатны Тоокуу гутал


Densmaa 2016-08-21 08:08

Монголын Торгууд угсаатны Тоокуу гутал

   Баруун монголчууд, тэр дундаа торгууд угсаатны дунд дэлгэрсэн өвөрмөц нэгэн эсгий гутал бол “Тоокуу гос” юм. Энэхүү гутлын талаар өгүүлэхийн өмнө Торгууд угсаатны талаар товч танилцуулъя. Сүүлийн үеийн мэдээ баримтаас үзвэл дэлхий дээр 200 мянга орчим торгууд угсаатан байна. ОХУ-ын Халимагт, БНХАУ-ын Ганьсу мужид, Шиньжанд, Монгол улсын Ховд аймагт торгууд угсаатнууд цөөн тоогоор оршин сууж байгаа юм. Ховд аймгийн Булган суманд суух эл торгуудууд дотроо вангийн, тайжийн, бэйсийн, бээлийн, ховгийн торгуудууд гэж 18, 19 дүгээр зууны үест захирч явсан хэргэм зэрэгт ноёдынхоо цол хэргэмээр өнөө ч нэршсээр байна. Тэдний хувьд хэл аялгуу, зан заншил, ахуй амьдралын хэв маяг нь адил юм. Тухайлбал бүгд л тоокуу гутлаа уламжлалт аргаараа хийж, амьдрал ахуйдаа хэрэглэсээр байна. Энэхүү гутал нь үндсэн гурван хэсгээс бүтэх бөгөөд тэдгээрийг дотор нь эсгий оймс, их бие буюу госон, ул ба цараг, их биеийг холбосон ширэн үдээс буюу гулгуу, гүлдрэг хэмээн нэрлэдэг .

Tоокуу гутал хийх арга технологийн талаар Ховд аймгийн Булган сумын иргэн Бөхчулуун ийнхүү ярьсан юм.

      Тоокуу гутал хийхийн тулд хонины ахрын гэж нэрлэдэг ноос, хурганы ноос зэргийг хамтруулж хийгээд сэмлэж, сийрэгжүүлнэ. Сийрэгжүүлсэн ноосоо саваадна, угаана, цэвэрлэнэ. Тэгээд зунгаг гэж ярьдаг, авцалдаатай чанарыг нь устгаж алга болгоно. Манай торгууд ард түмэн энэ гутлаа хийхийн тулд тусгай хэрэгслүүдийг ашигладаг. Тухайлбал байгалийн дэрсийг аваад цэвэрлээд 1 метр 20 орчим урттайгаар тайраад тэмээний эсвэл хонины ноосон утас ээрч хооронд нь дэрсээ холбоод ойролцоогоор 1 метр 20-ийн өргөнтэй, 1 метр 50-аас 2 метр орчим дэрсэн сүлжмэл хийдэг. Энэ дэрсэн сүлжмэлдээ ноосоо зулаад бүлээн усаар шүршээд ингээд дэрсээ эвхээд үндсэндээ биеийг нь бий болгодог. Ингээд биежүүлсний дараа дэлгэмэл байгаа дэрсээ дундаа нүхтэй гутал болгохын тулд буцааж нэгэн дээр нь нийлүүлээд холбоонуудыг нь хийж өгөөд дахиад дэрсэндээ хийгээд гараараа дахиад элдэнэ. Тоокуу гутлыг нутгийн эмэгтэйчүүд голдуу хийдэг.  Элдэхдээ гарын үзүүрээс тохой хүртэлх хэсгээрээ дарж 30-40 минут орчим элдэнэ. Ингэхээр хоорондоо нийлнэ. Ингээд буцаад дэрснээсээ аваад үзэхээр дотор талдаа хөндий болчихсон байж байдаг. Энэ үйл явц бол тоокуу гутал хийх ерөнхий багцаа юм. Энэ замаар нэг талын өрөөсөн гутлыг хийхийн тулд 2 цаг орчмын хугацаа орно. 2 талыг нь хийхийн тулд ойролцоогоор  4-5 цаг зарцуулна. Малчид, жинчид, аянчид хээр хөдөө явахад хөл даарна гэж угаасаа байхгүй ийм ховор гутал юм. Эдэлгээний хувьд бүтэн жилээ даана, цоорсон үед нөхөж болдог онцлогтой. Сүүлийн үед Монголчуудаасаа илүү гадаадынхан их сонирхдог болсон байна. Зарим нь анд өмсөх зориулалтаар захиалж байна. Тэгэхээр энэ бол гарцаагүй торгууд түмний патент, торгуудын нэрийн бүтээгдэхүүн. Үүнийг гадаад дотоодод сурталчилж байна. Үзэсгэлэн худалдаанд ирэхэд нэг цагийн дотор зарагдаад дуусдаг жишээтэй.

   тоохуу гуталХовд аймгийн Булган сумтай хил залган орших Үенч сумын захчингууд мөн тоокуу өмсөнө. Тэд тоокуу өмсөх гэж ярихгүй, харин тоокуу бооно гэж ярина. Аливаа сайхан үйл хэрэг, сайн эд хэрэглэл, зан заншил нь зэргэлдээ орших улс гүрэн, үндэстэн угсаатнуудад нөлөөлдөг жам бий. Энэ нөлөөгөөр Торгуудтай хил залгаа орших захчингууд тоокуу гутлын өв соёл нэвтэрчээ. Ноос ноолуур нь элбэг дэлбэг, байгалийн хулс дэрс энэ тэрхнийг ашиглан хийчхэж болдог, нөгөө талаар хөнгөн дулаахан, эдэлгээ даах чанараараа гойд учир захчингууд тоокуу боох өв соёлд нэвтэрсэн хэмээн зарим судлаачид үздэг. 

  Малчин нүүдэлчин монголчуудын өдөр тутмын ахуй амьдралд морь мал чухал үүрэгтэй байсан төдийгүй таван хошуу малынхаа арьс үс, дэл сүүл, үс хялгас, ноос ноолуурыг ялган авч угааж цэвэрлэн түүгээрээ эсгий урлаж өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэглэсээр иржээ. Монголчуудын өвлүүлж ирсэн биет бус өв ардын аман зохиолын дотор, биет өв болох эсгий ноос ноолуурыг хэрхэн яаж сонгох, бэлтгэх, ямар аргаар боловсруулах, хэрхэн яаж нэрлэх, эсгий ширмэлийн урлалыг оёж шидэх арга хэлбэр, түүнд урлах нэхээс хээ угалз, тамга тэмдгийн талаар ч өдий төдий монгол нэр томьёог үлгэр тууль, ерөөл магтаал ардын дуундаа ч уламжлуулсаар иржээ.   

    “Монголчууд хэзээнээс малынхаа олон төрлийн зунгаг, ноос ноолуурыг намар 8-9-р сард бэлтгэж, түүнийгээ төрөл зүйлийн хувьд “охрын ноос” буюу “уртын ноос” хэмээн хоёр төрөлд ангилдаг байна”. Үүний шинэ тутам ургасныг нь богино ноос буюу “охрын ноос”, урт ургасныг нь “уртын ноос” гэж ангилдаг. Харин  зарим үндэстэн угсаатны дотор “дэрсний ноос” хэмээх нэр томьёо байх ба тэр нь дэрснээс гаргаж авсан ноос гэсэн утга бус, харин Казак үндэстний заншлаар дэрсэн дээр байрлуулж тусгай аргаар бэлтгэсэн ноосыг” “дэрсний ноос” гэж нэрлэсээр иржээ. Булган суманд мөн Казак үндэстэн амьдарна. Байгалийн дэрсийг ашиглан сүлжээд дэрсний ноос авдаг уламжлал нь магадгүй Казак ард түмнээс Торгуудад нөлөөлсөн байж болох юм.

   Ноосыг мушгих, хийх үйлээсээ шалтгаалан зунгаг бохироос нь салгаж угааж цэвэрлэх, өнгөөр нь ялгах, ноосыг савах, цохих, ялган давхарлах, хуйлах, услах, хуйлж чирэх, өнхрүүлэх гээд олон арга технологи бий. Тухайн үйлчин эрхлэх үйлээсээ шалтгаалан бэлдсэн эсгийндээ цаваг наах, хээ угалз гаргах, ар өврийг ширж буюу зээг гарган оёх гэх мэт олон зүйлийн аргуудыг хэрэглэж байж эсгий ширмэлийн урлал бүтдэг байна. 

   Тоокуу гутлыг эрхлэх ажил, үйлдэх зан үйлээс шалтгаалан өнгө өнгөөр хийдэг. Тухайлбал найр наадам, баяр ёслолын үед голдуу цагаан өнгийн ноосоор хийсэн тоокуу өмсдөг бол ан ав, газар тариалан, мал аж ахуйд хар, бор, хөх цоохор өнгийн ноосоор хийсэн тоокуу өмсөнө. Тоокууг хөлд орж байгаа балчраас эхлээд өвгөд эмгэдээ хүртэл тоокуу гутлаа эрхэмлэн хэрэглэдэг ард түмэн юм. Сонирхуулахад, баруун Монголчууд гутлыг “Гос” гэж нэрлэдэг байна.

   Тоокуу гутлын талаар тусгайлан судалсан эрдэмтэн Батчулуун, судлаач Доржханд нар хэлэхдээ “Эрт үеэс ялангуяа Манж Чин улс, Манжийн дарлалын үед цэрэг эрчүүд болон жирийн ардууд тоокуу гутал өмсөх болжээ. Хүний мөрийг гаргахгүйн тулд гутлын өмнө болон хойд тал өсгий өлмийг мэдэгдүүлэхгүйн үүднээс мөлгөрөөр урлах болжээ. Үүнийгээ “тоохгүй мөрт” буюу “тодорхойгүй мөр”, “тоохгүй гутал” буюу тодорхойгүй гутлын мөр гэсэн утгаар хэрэглэж байснаас хожим “тоохуу гутал” гэсэн нэр томьёо үүссэн” гэжээ.

 

  Торгууд ардын “Тоокуу нэгэн госон” гэдэг дуунд:

               Тоокуу нэгэн госон

               Тов кийгээд байна даа кө

               Торгууд нэгэн сэвгэр

                Толгой дохиод байна даа кө

  Ижил дэлтэй кээр нь

  Ижлээ гээд байна даа кө

  Их хэл нутгийн сэвгэр

 Намайг гээд л байна даа кө хэмээн Торгуудын ард түмэн “Тоокуу гутал”-аа магтан дуулсаар эдэлж хэрэглэсээр байна.

 

 

Үзсэн: 5244

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)