Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн ойн өдөрт


Densmaa 2017-03-21 05:03

Мянган удаа бурханд залбирч байснаас нэг удаа мод тарих нь зуун жилийн буян.

      “Мянган удаа бурханд залбирч байснаас нэг удаа мод тарих нь зуун жилийн буян” гэж “Мял богдын сургаал” хэмээх эртний аж төрөхийн ухааны их хөлгөн сударт өгүүлсэн байдаг.

     Та биднийг хүрээлэн байгаа орчноос ямар зүйл нь орон гэр болдог, ямар нь бидний амьсгалж буй агаарын хүчилтөрөгч, ямар нь ус, мөрөнг ариусган тэтгэдэг, ямар нь газар шороог хамгаалж байдгыг, ямар нь сая живаа хүний амин зуулга болдог юм бэ гэсэн асуулт хүн төрөлхтний өмнө нэгэнт тулаад байгаа билээ.

       НҮБ-ын Хүрээлэн байгаа байгаль орчны ээлжит ҮII бага хурлаас:  “Ойрын  үед,  хүн төрөлхтний амьдрах орчин, ундны ус, амьсгалах агаар нь ургаа  ОЙ МОД   болох нь гарцаагүй болжээ. Иймээс аливаа улс орны төр засаг, шашин шүтлэг, хөрөнгө чинээ харгалзахгүй хүн бүрийг мод тарих, ургуулах арга ажиллагаанд шуурхай татан оролцуулах хэрэгтэй” гэж баталсан байна.

     НҮБ-ын Хүрээлэн буй Орчны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Аким Стэйнэр хэлэхдээ “Орчин үед шинжлэх ухааны ямар ч гарамгай бүтээл, шинэ санаачилга гарсан ч байгаль орчин тэр дундаа ой мод шиг хүн төрөлхтөнийг аврах эко-бүтээгдэхүүнийг бий болгож чадахгүй.  Хүн  бүр мод тарих нь зөвхөн өөргөө бус Та биднийг аварч байгаа хэрэг” гэж дэлхий нийтэд хандаж хэлсэн юм.

        Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл хөгжсөн  хоёр гаруй  жилийн хугацаанд европын улс орнууд байгалийн унаган ой модоо ихээхэн  сүйтгэжээ.үүнээс гадна африк зэрэг дулаан орны ой модыг үндсэндээ огтлож дуусгаж байна.

     Үүнээс үүдэн хүн, байгалийн тэнцвэргүй орчин үүсэж агаар хэт хуурайших, амьтан ургамлын ген огцом өөрчлөгдөх, шинэ төрлийн өвчин үүсэх, хүний насжилт богиносох үзэгдэл түргэн газар авч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулж байгаа билээ.

      НҮБ-аас жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний арав хоног мөн аравдугаар сарын эхний арван хоногт хүн бүр мод тарьж байх уриалга гаргасан.

      Энэ  уриалгыг Монгол улс баяртайгаар дэмжиж,  мод  тарих  хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Монгол улсын хэмжээнд ой мод хамгаалах, нөхөн сэргээх, арчилах, тарьж ургуулах чиглэлээр дөрвөн зуун гаруй сайн дурын нөхөрлөл, иргэний нийгмийн байгууллага ажиллаж байна.

    Монгол улс нь  “Ойн”  хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулж, хувь хүн  өөрийн эзэмшил газарт мод, сөөг, бут тарьж ойжуулбал тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөх мөн тарьсан мод бутыг нь худалдаж авахаар тусгасан мод тарих санаачилгыг төрийн зүгээс дэмжиж байгаагийн нэг тод илрэл юм.

    УИХ-ын гишүүн БОАЖЯ-ны сайд Д. Оюунхорол Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, “Байгаль  хамгаалах ажилд бүх нийтийн хамтын оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх дөрвөн томоохон бүлэг заалт тусгасан.

      Манай орны байгаль цаг уурын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хурдтай байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Ийм хүндрэлтэй үед байгалийн баялгийг сорчлон цөлмөх уул уурхайн хариуцлагыг цогцоор нь өндөржүүлж, холбогдох хуулинд нарийн заалт оруулсан” гэлээ.  

    Манай улсын уул уурхайн компаниуд, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль мөн албан газар, урлаг соёлын байгууллагууд мод тарих өөрсдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ой модтой болж байгаа нь сайшаалтай хэрэг.

       “Мод тарина гэдэг сэтгэлийн аугаа их хайр юм билээ. Мод чинь амьд бодьгал юм шүү дээ.  Тарьж ургуулахад хэцүү шинэс, хус, буйлс, жодоо, хуш зэрэг маш эмзэг модыг үрээр тарьж байгаа” гэж хувиараа  мод тарьж ургуулж байгаа Д. Болдбаатар бидэнд ярьж байлаа.

     Д. Болдбаатар: Мод үржүүлгийн чиглэлээр навчит болон шилмүүст модыг тарьж ургуулж байна. Мод үржүүлгийн газраа  бүсчилж байгуулсан Хэнтий аймаг, Төв аймгийн Баянчандмань, Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн  13-аар хороо Туул тосгонд 5 га газарт мод үржүүлж байгаа.  10 гаруй төрлийн навчит модны тарьц суулгац бойжуулж байна. Жилдээ нэг га-д хайлаасыг их хэмжээгээр сая хоёр зуун мянган тарьц бойжуулсан байгаа. Тэгээд хотын ногоон байгууламж, газар тариалангийн болон авто замын зурвас, уул уурхайн нөхөн сэргээлтэнд тарьц  суулгац нийлүүлж байна. Монгол орныхоо навчит болон шилмүүст модыг үрээр болон мөчрөөр тарьж байгаа. Дээр нь БНХАУ-ын Ордос хотоос Уд гэдэг модыг туршилтын журмаар тарьж байна. Уд мод манай нөхцөлд жилдээ 2 метр хүртэл ургаж байна. Мөчрөөр ургах боломжтой мод. Үүнээс гадна арцыг гаршуулан тарьж үзлээ. Боломжийн ургалттай байна. Хувь хүмүүс мод авах, тарьж ургуулах нь илүүтэй байна. Сэтгэлээсээ мод таръя гэж байгаа хүмүүст мэргэжлийн зөвлөлгөө өгөх, аргачлал, сургалт явуулах нь илүү үр дүнтэй байна. Мод тарих хөрсийг нь бэлтгэх, ургуулах, арчилах технологи стандартыг сайн мэдэхгүй учраас тарьсан мод нь үхэх зэргээр үр дүнгүй болдог. Тийм учраас мэргэжлийн хүн, мэргэжлийн байгууллагын зөвлөлгөөг сайн авах хэрэгтэй.  

     Одоогоос дөч гаруй жилийн өмнө Эрдэнэтийн Ойн техникумын ойн ангийг төгссөж, олон мянган мод тарьж ургуулсан Д. Болдбаатар цааш нь ярихдаа: “Хүүхдийг нялх балчир үед нь үрчилж авдаг шиг модыг гурваас таван настай нялх үед л тарих хэрэгтэй” гэлээ.

       Ямар ч модонд  ард, урд тал байдгыг сайтар тооцоолох ёстой юм байна. Модны нүүрний  мөчир нь илүү шигүү,  холтос  хальс нь нимгэн, давирхай  урсаж тогтсон байхад ар тал нь мөчир багатай, хольтос хальс нь зузаан голдуу  ур, мөөг ургасан байдаг байна. 

     Тарих модоо сайтар шинжиж ялгааг нь гаргахгүй тарьчихвал ганц сар эсвэл жилийн дараа үхдэг гэж Д. Болдбаатар ярьж байлаа.

        Монгол орны  хатуу ширүүн уур амьсгалд тохируулан  намар оройхон шиг тарих модоо шилж сонгоод хөрсийг  нь суллаж бэлтгээд орхиж, хавар газар гисгэнгүүт сулалсан шороотой нь авч бэлтгэсэн нүхэндээ суулгаад гараараа сайтар чигжиж өгвөл ургалт нь илүү сайн байдаг.

      Тэгээд өдөр болгон хоёроос гурван удаа сайтар услаж, тарьсан модтойгоо ярьж байх хэрэгтэй. Зарим улс оронд мод тариад хөгжим сонсгодог юм билээ, мод амьд гэдгийг л санах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.          

       Ер нь мод тарьж байгаа нь энэ гээд байгаль дээр өөрөө ургасан таваас арван метр модыг үндсээр нь ухаж авчираад хот суурин газар тарих явдал мэр сэр үзэгдэх болсон.

      Тэгвэл энэ жил Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулалттай зөвлөмж, гарын авлага гаргаж, мэргэжилтнүүд газар дээр нь тарих аргыг зааж, биечлэн сургахаар болжээ.

     Мөн шинээр баригдсан орон сууцны гадаа талбай, замын дагуу чимэглэлийн навчист болон мөнх ногоон шилмүүст  мод тарихаар төлөвлөөд  байгаа юм.

 

                                                      

Үзсэн: 2663

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна