Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Алтны салбарын эргэн тойронд


Enkhsuren 2017-04-10 06:04

Монгол улсын засгийн газар эдийн засгийг сэргээх, алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

   Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлтөөс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, Монгол улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон билээ. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын голлох бүтээгдэхүүнд зэс, хайлуур жоншны баяжмал, нүүрс, алт зэрэг нь томоохон байр суурь эзэлж байна.

Монгол улс эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал гарц бол алтны олборлолтыг өсгөж, алтны экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх юм. Тиймээс Монголын алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор Монголын Уул Уурхайн Бирж ”Монгол Алт 2017” чуулга уулзалт зохион байгуулжээ.

Монгол улсын засгийн газар эдийн засгийг сэргээх, алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр зорьж байна. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэхээр тооцжээ.

Одоогоор Налайхын Эрээн Зуун модын орд, Төв аймгийн Баян айргийн орд зэрэг цөөхөн газарт алт олборлож байна. Цаашид алтны салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хайгуулын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого “Алт-2” хөтөлбөрт тусгагдсаныг “Монгол алт 2017” чуулганы үеэр танилцуулсан юм.

    Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Баатарцогт:      

   Алтны салбарыг хөгжүүлэх, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл нь алтны хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх ийм ажил байгаа юм. Энэ хүрээнд АМГТГ-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эрчимжүүлж байна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар 1,6 сая га талбайг нийтэд зарлаж, сонгон шалгаруулталтын журмаар олгох ийм шийдвэр гарсан. Энэ зарласан талбайдаа сонгон шалгаруулалтын журмаар буюу лиценз тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлээд явж байгаа. Эдгээр талбай нь мэдээж алтны хэтийн төлөвтэй, суурь судлагаа хийгдсэн ийм талбай байгаа юм. Цаашид бид зөвхөн алтны салбар гэхгүйгээр геологи уул уурхайн салбарыг эрчимжүүлэхийн тулд хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татах зорилгоор шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлж байна.

   Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байна. Тэгвэл МУ-ын Засгийн газар 3 жилийн дараа алтны экспортын орлогыг 26,7 хувиар, 2025 онд 68,4 хувиар тус тус нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд нэн тэргүүн хууль эрх зүйн тогтвортой орчин, хөрөнгийн дэмжлэг хэрэгтэйг салбарын үйлдвэр эрхлэгчид “Монгол алт 2017” чуулганаар онцолсон юм. Тэгвэл шаардлагатай санхүүжилтийг Уул уурхайн яам Монгол банктай хамтран шийдвэрлэх болжээ.       

Улсын хэмжээнд алтны хайгуул олборлолтын 70 гаруй аж ахуйн нэгж байдаг ч тогтмол үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж цөөн байна. Өнгөрсөн онд Монгол банкинд тушаасан нийт 18,3 тонн алтны ихэнх буюу 11,2 тонныг хувиараа алт олборлогчид тушаажээ.

Тиймээс Засгийн газраас энэ онд Гацууртын ордод томоохон төсөл хэрэгжүүлж, төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраас ойрын үед хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ стратегийн уг ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоохоор урьдчилан хэлэлцэж байгаа бөгөөд төслийг 11 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн үр дүнд одоогоор үндэсний валютийн нөөцийн 40 хувийг бүрдүүлж байгаа алтны олборлолт жилд дунджаар 4-5 тонноор нэмэгдэхээр тооцож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын орд нь 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй нь тогтоогдсон байдаг юм байна.

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Баатарцогт:   

МУ-ын ерөнхий сайдын захирамжаар Орд ашиглах болон хөрөнгө оруулах гэрээ байгуулах 2 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажил нэлээн урагштай явж байна. Ер нь Гацууртын орд эдийн засгийн эргэлтэнд орох нөхцөл бололцоо нь бүрдсэн. Дөнгөж саяхан Засгийн газрын хурлаар Ноён уулыг тусгай хамгаалалтанд авах газрын хилийн хязгаарыг тогтоосон. Ингэж нарийвчлан тогтоосонтой холбоотойгоор Гацууртын ордын ашиглалтын хувьд нэг алхам ахиж байгаа юм. Өөрөөр хэлбэл Гацууртын орд нь стратегийн орд, эдийн засгийн эргэлтэнд оруулахад Ноён уулын болон стратегийн ордын хил заагийг нарийвчлан тогтоох гэсэн ажил зайлшгүй хийгдэх ёстой. Одоогоор нэг ажил нь хийгдчихээд байна.

Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, алтны чиглэлээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө бүртгэгдээд байна. Эдийн засгийн эргэлтэд ойрын хугацаанд оруулж болох боловч тодорхой нөхцөл байдалтай уялдан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх боломжтой, хэтийн төлөвтэй, нөөц бүхий талбайн судалгааг мөн нарийвчлан гаргаж байна. Энэ бүхний үр дүнд байгаль орчноо дээдэлсэн алтны үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болон алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр одоогоор 2,5 хувь байгаа бол 2019 оноос 5 хувьд хүргэх, хэрэв олон улсын зах зээлд алтны үнэ өсвөл олборлогчид дахин 5 хувийн татвар төлөх зэрэг хуулийн заалттай. Гэхдээ манай Засгийн газар үүнийг мөрдөж эхлэх эсэхийг гадны хөрөнгө оруулагчид хэдийнэ сонирхон ажиглаж эхэлжээ. Ер нь татварын орчныг хэрхэн шийдвэрлэх зэрэг хүчин зүйлүүдээс манай улсын алтны салбарын хөрөнгө оруулалтын цаашдын нөхцөл байдал хамаарна хэмээн салбарынхан үзэж байна.

Үзсэн: 1942

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна