Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

"Монгол төрийн дуу - Эртний сайхан"


Densmaa 2017-04-14 06:04

Уртын дуучин М.Дорждагва : "Эртний сайхан дуунд Чингис хааны сүр сүлдийг магтан дуулдаг. Өөрөөр хэлбэл Чингис хаанд өргөсөн дуун өргөл юм. Монголчууд уртын дууг эгшиглэнгийн ерөөл гэж үздэг".

        Одоогоос хоёр мянгаад жилийн тэртээ хүннүгийн хаад язгууртнууд уртын дуу дуулдаг байсан тухай эртний хятадын судар бичигт тэмдэглэгдсэн байдаг. Судлаачдын үзэж байгаагаар 6 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 100 гаруй дуу байдаг байна. Уртын дуу нь сонгодог хэлбэрээрээ улам хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн Монголын гайхамшигт соёлын өв юм. 2009 онд Монгол уртын дуу ЮНЕСКО-д "Хүн төрөлхтний соёлын бие бус өв"-өөр тунхаглагдаж, нийт хүн төрлөхтөний соёлын өв болж баталгаажсан" билээ. Уртын дууг айзам дуу, шашдир дуу, бэсрэг дуу, суман уртын дуу гэж дөрөв хуваадаг. Айзам уртын дууны талаар ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А. Алимаа ярихдаа: "Айзам дуу бол дуучнаас маш их хоолойн цараа шаарддаг. Хэмжээний хувьд агуу том. Хоёр октав хагастай. Аялгууны хувьд ийм байна. Утга чанарын хувьд бол энэ төрийн хүндэтгэлийн, найр наадам, зан заншлын томоохон ёслолд дуулагддаг. Агуулга нь мөнхийн сэдэв гэж ярьдаг. Гүн ухааны утга чанартай. Айзам дууны яруу найрагт бол монгол шүлгийн эртний шинж нь ч байна.  Дунд үеийн  сонгодог бичгийн хэлний найруулга ч байна. Монгол шүлгийн ерөнхий зарчим ч байна. Мөр бадаг нь цэгцрээгүй.  Дөрөв бадгалсан. Эхний шүлгийг нь толгой холбох ч юм уу ийм юм ерөөсөө байдаггүй. Бадаг нь толгой холбоогүй тийм хайрцаглаагүй задгай. Гүн утгатай  чанартай учраас мөр нь ийм тийм байна гэж тоолох арга байхгүй.  Монгол шүлгийн  дундаж мөр нь долоогоос найман үе байдаг. Гэтэл энэ айзам дуунд 12 үе явна. 18 үе явна. Эсвэл хоёрхон үгнээс бүтсэн мөртэй байх жишээтэй. Бадаглах боломжгүй задгай. Гэхдээ шүлгийг нь дотор нь мөчлөг хэсэгт хуваадаг. Мөчлөг гэдэг нь эхлээд төрийнхөө тухай дурдана. Дараа нь лам хуварга, ноёдуудыг дурдана. Тэгснээ монгол нутгийн байгалийн тухай дурдана. Хүлэг морины тухай дурдана. Тэгээд сүүлд нь хүний амьдралыг дурдана".

          Монгол уртын дууг сонсоно, ойлгоно, ухаарна гэдэг бол оюуны том ертөнцтэй танилцаж байгаа хэрэг. Уртын дууг зөвхөн сонсогдож байгаа төдийхнөөр бус нарийн цаад гүн гүнзгий утга агуулгаар нь ойлгож, Монгол орны төр, нийгмийн амьдрал, монгол хүний оршихуйг ойлгох боломжтой гэж судлаачид үзэж байна.

           Эртний сайхан ерөөлөөр   

           Энэ Монгол оронд

           Эзэн Чингис хааныхаа

           Язгуураас бүрдэгсэн зээ

Тэнцэш үгүй заяатай

Тэнүүн уудам оюунтай

Тэгш сайхан шинжтэй

Тэнгэрийн үрс Та мину зээ гэж эрин жаран дамжигдаж дуулагдсаар ирсэн энэ дууг  ухаант түмэн маань үр ач нартаа зөв зүйтэй ая аялгуугаар нь өвлүүлж ирсэн нь бахархалтай.  Дэлхийн улс үндэстний дотор, төрийн дуу нь уртын дуугаар илэрхийлэгдэж, түүнийгээ сонгодог хэлбэрт хүргэн,  олон хувилбараар хөгжүүлсэн ард түмэн тун ховор.

Монголын уртын дуу тэр дундаа айзам уртын дуу их эрхэмсэг аялгуутай утга төгөлдөр учир томоохон найрыг тодорхой уртын дуугаар эхлэх, төгсгөх нарийн дэг жаягтай. “Эртний сайхан” дууг найр наадмын хамгийн эрхэм дуу хэмээн үздэг гэж Монголын Уламжлалт Академийн тэргүүн МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням хэллээ. Тэрээр цааш нь ярихдаа "Чингис хааны үеийн төрийн дуулал байсан гэдэгт миний хувьд эргэлзэх зүйл бол Чингис хаан өөрийгөө төрийн дуулалд дуулуулах нь юу л бол.  Чингис хаан өөрийгөө өргөмжлөх тийм ч дуртай биш гэдэг нь олон судалгааны бүтээлээс харагддаг. Бусдыг ялангуяа, эрдэм номтой өөрөөсөө ахмад хүмүүсийг хүндэтгэдэг байсан. Энэ дуу нь нутаг орны, тэнгэрийн хувь заяаны монгол хүн гээд их мундаг утга агуулгатай дуу. Монголчууд бид өөрсдийгөө тэнгэрээс заяасан хүмүүс гэж үздэг шүү дээ. Тэгээд тэнгэр эцэг, газар эхтэй хүмүүс гэдэг. Энэ бол үндсэндээ зөвхөн газрын амьдралын тухай биш. Газар тэнгэрийн амьдралын тухай дуу гэж үзэж болно.  Монголын нууц товчоонд тэнгэрийн ивээлээр, тэнгэрт хүч нэмэгдэж, тэнгэр таалснаас гээд бүх ажил үйл хувь заяагаа тэнгэрийн эрхшээлтэй холбож ярьдаг. Энд газар тэнгэрийн хүн гэдгийг шингээсэн учраас их төгөлдөр агуулгатай гүн ухааны дуу гэж үзэж болохоор. Хүний амьдрал бол зөвхөн газар дэлхий амьдрал мэтээр үздэг бол монголчуудын ертөнцийг үзэх үзэлд бид газар тэнгэрийн орчлонт ертөнцийн үрс түүний нэг хэсэг нь гэж үздэг. Байгал дэлхийг ээж шигээ хүндэтгэлтэй ханддаг бол тэнгэрт эцэг шигээ хүндэлж харьцдаг. Үгийг нь авч үзвэл сүүлийн үеийн нэр томъёо ойлголт орж ирсэн. Ер нь бол ардын аман зохиол дандаа л тэгж өөрчлөгддөг л дөө. Ингэснээрээ утга агуулга нь илэрхийлэл нь илүү өргөн болдог илүү гүн болдог. Хэрэглэгчдэд илүү ойр болдог. Энэ сайхан дууг эрхэмлэхээс өөр арга байхгүй" гэсэн юм.

         Уртын дуутай холбоотой зан үйлүүд, түүнийг зөв хэрэглэх утга агуулгыг нь сайн мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл утга учрыг мэдэх нь уртын дуу дуулахтай адил юм. Утга агуулгыг нь сайн мэдчихвэл нутаг нутгийн онцлог хийгээд найр наадмын нарийн зан үйлийг зөв дагаж заншина. Эндээс Монголын уламжлалт соёлыг харж болно” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

        "Эртний сайхан" дуунд Чингис хааны сүр сүлдийг магтан дуулдаг. Өөрөөр хэлбэл Чингис хаанд өргөсөн дуун өргөл юм. Монголчууд уртын дууг эгшиглэнгийн ерөөл гэж үздэг тухай Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уртын дуучин М.Дорждагва онцолж байлаа.

          М.Дорждагва яриагаа үргэлжлүүлэхдээ "Энэ нь өөрөө монголчуудын далд ухамсартай билэгдлийн сэтгэлгээтэй, шүтлэгтэй холбоотойгоор эртнээсээ үүсэн бүрэлдээд өндөр түвшин хүрсэн байгаа юм. Монгол төрийн уртын дуу гэдэг маань төр ёс бүр цаашлаад дэлхий хүн төрөлхтөнийг амар амгалан байлгах ийм ухамсрын дээд өндөр хязгаарт уртын дуу өөрөө очсон. Бид 100-аад жилийн хугацаанд энэ дууг үндсэндээ мэдэж байна. Түүнээс цааш ямар байсныг мэдэхгүй. Аман домгоор бол эртний сайхан мянга гурав, дөрвөн зуугаад оны үед зохиогдсон гэх яриа бий. Гэтэл манай судлаачид Гюүг хааныг хаан ширээнд залаад нэгэн дуу дуулсан гэдэг. Тэр үед Чингис хаан байгүй байсан шүү дээ. Одоо тэнгэрт одсон байсан. Үр ач нар нь Чингис хаандаа өргөж ийм дуу юм байна.  Үүнийг манай судлаачид "Эртний сайхан"-ны үг нь шүлэг яруу найргийн эхний хэсэг нь мөнх тэнгэрт хандсан шад бадаг байгаа. Тэгэхлээр монголчууд буддын шашинд гүнзгий ороогүй үеийнх гэсэн үг. Сүүлийнх нь бурхан номын болоод явна, төгсгөлдөө. Тэгэхлээр энэ нь хоёр гурван нийгмийн үе давхрага харагдана" гэлээ.

           Гадаадын эрдэмтэн сурвалжлагчдын бичсэн зарим нэгэн номонд Мөнх хааныг хаан ширээнд суулгахад алтан бүснээс нь хоёр дүү нь түшиж их суудал дээр суухад нэгэн дуу дуулсан тухай байдаг. Ардын хувьсгал ялсны дараа 1922 онд цэргийн наадам болоход энэ дууг дуулах хүнийг олж ир гэж Амар бээс баяр наадмыг бага үд болтол хойшлуулсан тухай Сэлэнгэ аймгийн дарга байсан Захирагчжав ярьж байсан удаатай. Энэ дууг хурим найр томоохон арга хэмжээн дээр дуулахаас гадна төрийн хүндэтгэлийн дуу гэж үздэг тул эмэгтэй хүн дуулдагүй байна.

       Монгол төрийн “Эртний сайхан” хэмээх айзам уртын дуу цагийн шалгуурыг даван өнөөг хүрэхдээ тухайн ниймгийн шаардлагаар үг нь өөрчлөгдөж байсан түүхтэй. “Эртний сайхан” дууны үгийг Хэнтий аймгийн Галшар сумын өвгөн бээс Пүрэвжавын ач хүү Гүний Гомбосүрэнээс 1964 онд яруу найрагч агсан Баасанжав хэрхэн авч байсан тухай бичлэг Монголын радиогийн алтан сан хөмрөгт өдгөө хадгалагдаж байна. Энэ тухай дурдатгал яриандаа Баасанжав "Гүний Гомбосүрэн гуай гэж намайг 20 гаруй настай байхад 50 шахам настай ийм өвгөн байсан. Нэгдэл нийгэмд ажил хийдэггүй. Эсэргүү ноёны хүү гээд ажил хийлгэдэггүй. Морь унж давхисан, хуур сайхан дардаг тийм хүн байсан юм. Тэр хүнээс би  гурван түрлэг үгийг нь анх  бичиж авсан. Тэгээд би 1964 онд  Хэнтий аймгийн мөрөн сумын малын эмч Шар Гомбоор дуулуулж, Мятав гэдэг хүнээр хуурдуулан дуулуулж байсан удаатай. Тэгэхэд манай намын үүрийн дарга Сүрэнжамц гэдэг хүн “Энэ их гоё дуу байна. Би ийм дуу байдаг гэдгийг сонсож байснаас биш яг  дуулж байхыг нь үзээгүй юм. Гэхдээ Эзэн  Чингис хааны тухай асуудал их эвгүй яригдаж байгаа энэ үед  хамаагүй дуулуулж болохгүй ээ хүү минь” гэж хэлж байж билээ. Тэгээд тэр ухаантай буурал хүн намайг зэмлээгүй. Түүнээс гадна энэ дууг би бахархан цээжнээ тэмдэглэсээр байгаад 1997 оны Засгийн газрын мэдээ сонин,1992 онд “Шударга ёс” сонинд тавьсан. Энэ сониноос олж үзээд  Соёл урлагийн дээд сургуулийн багш дуучин Дэлгэр надтай уулзсан. Үүнийг ямар аялгуугаар нь дуулах вэ гэсэн. Хамгийн гоё аялгуу нь тэр Мөр Рэнцэн аваргын дуулсан аялгуу байдаг. Энэ аялгуугаар дуулахыг бодоорой гэсэн. Хоёр гурван жил хэрээтэй явсан. Мөн Дамчаа гуайн дуулсан ая дангаар дуулсан ийм юм билээ" гэсэн юм.

          Яруу найрагч Баасанжаваас “Эртний сайхан” дууны үгийг Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Дэлгэр авч  дууг гурван түрлэг болгон олны хүртээл болгожээ. Тэрээр энэ тухайгаа хуучлахдаа "Би Баасанжав хэмээх судлаач яруу найрагчтай энэ дууны тухай олон удаа ярилцаж байсан. Дээр үеийн бичгийн машинаар бичсэн шарласан цаас, гар бичмэл нь одоо надад бий. Хэнтийн алдарт дуучин Сосоржаагийн Дамчаагийн дуулсан ая дангаар дуулах нь зүйтэй гэдгийг надад зөвлөсөн. Агуу дуучин Дорждагва гэж хүн бий. Миний багшийн багш.Тэр хүн дуулсан. Монгол улсын гавьяат жүжигчин уртын дуучин Түвшинжаргал мөн дуулсан байдаг. Гэхдээ тухайн үеийн нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалж үндсэн үгийг нь өөрчилж дуулсан. Би 1990-ээд он гарснаас хойш гурван түрлэгээр дуулсан тийм түүхтэй. Эртний сайхан дууг би эрэгтэй чуулга болгож дуулуулсан бичлэг надад бий.  Дорждагва гэдэг хүний 1970-аад оны номон дээр бол нэлээд олон түрлэгтэй байдаг. Гэхдээ тухайн үеийн нийгэмд тааруулсан үгтэйгээр бий. Дорждагва гэдэг тэр агуу хүний гавьяа шүү дээ. Тэгж аяыг нь авч үлддэг" гэлээ.    

         “Эртний сайхан“ хэмээх Монгол төрийн айзам уртыг дууны олон хувилбараас нь хамгийн эртний эхийг нь сонгож, хуучин ая аялгуугаар нь дуулж олны хүртээл болгосон хүн бол Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, уртын дуучин Дорждагва юм. Тэрээр Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулж 2012 онд Морин хуурч Б.Баттулгатай хамтран Монгол төрийн есөн айзам уртын дууг бүрэн эхээр нь дуулж  “Монгол төрийн уртын дуу” нэртэй цомог гаргасан юм. Энэ цомгийн эхэнд одоо өгүүлж байгаа” Эртний сайхан дуу”  багтсан байдаг. Тэрээр орчин цагт Монгол төрийн айзам уртын дууг ийнхүү бүрэн эхээр нь дуулж олны хүртээл болгосон нь уртын дууны судалгаа сурталчилгааны ажилд чухал нөлөө үзүүлж, уртын дууг хамгаалж, ашиглан өвлүүлэхэд шинэ боломжийг нээж өгсөн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Түүний дуулсан монгол төрийн уртын дууг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлийн санд Дорждагва гэдэг хүний бүтээлээр нь бүртгэн авч улсын сан хөмрөгт хадгалж байна. Мөн Монгол улсын төрийн ордны музейд эгшиглэдэг билээ. ”Эртний сайхан” хэмээх энэ дуу нийт 7 түрлэгтэй. 40 шахам минут үргэлжилдэг. Монголд төдийгүй дэлхийд ийм урт үргэлжлэх дууг дуулсан дуучин ховор гэж судлаачид үздэг. Бид Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уртын дуучин Дорждагватай “Эртний сайхан “ хэмээх дууны талаар ярилцсан юм.

       М. Дорждагва: “Эртний сайхан”-ыг сонсоод бясалгал хийдэг тийм хүмүүстэй уулзсан. Байгалийн харагдах, сонсогдох, амтлагдах, үнэртэх, мэдрэгдэх мэдрэмжүүдийг авдаг ийм хүмүүс над дээр ирж байсан. Тэгэхлээр энэ нь өөрөө оюун санааны их өндөр түвшинд энэ уртын дуу хүрсэнийг харуулж байгаа юм. Технологийн биш. Монгол төрийн уртын дуу буюу монголчуудын зан үйлийн дуу нь өөрөө оюун санааны маш өндөр хөгжилд хүрсэн. Энэ дууны шүлэг нь ийм урт хэмжээтэй  дуулагдаж байгаа юм чинь эрт цагт үүнийг Чингис хааны удмын хаадууд дуулж байсан нь мэдээж маргаангүй. Гэвч 20-р зууны эхэн үеэс соронзон бичлэгэнд хадгалагдаж үлдсэн. Энэ цаг үеэс хойш бодитоор бичигдэж үлдсэн, харин өмнө нь байгаагүй юм. 20-р зууны сүүл үеэр Соёл урлагийн их сургуулийн багш Дэлгэр гурван бадаг дуулсан. Манай монгол үндэсний уртын дууг тайзан дээр нүүдэлчин ахуйгаас нь тасдан авч ирж богино хугацаанд төгс төгөлдөр дуулдаг сурталчилгааны шинэ төрөл зүйлийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Жагзвын Дорждагва гуай байна. Тэрээр энэ дууг ч бас дуулж үлдээсэн. Мөн зүүн Монголын халхын гол чигийн аялгуугаар дуулдаг Сосоржаагийн Дамчаа гуай дуулж үлдээсэн. Ялангуяа эрэгтэй дуучид голлон дуулдаг. Энэ дуу бол орон нутгийн шинжтэй дуу байсан. Гэхдээ одоогоор мэдэгдэж байгаагаар шүү дээ.  “Эртний сайхан” бол Хэнтий, Дорнод чиглэлд дуулагддаг ая аялгуутай юм" гэлээ.

          “Эртний сайхан” хэмээх энэ дууны тухай бас нэгэн баримт сөхвөл. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн архивт байгаа “Зуны зуслан” гар бичмэл дэвтэрт “Эртний сайхан ерөөл” хэмээн тэмдэглэгджээ. Чингис хааны үр хойч болсон Тэнгэрлиг хувь заяандаа бахархаж, сав шим ертөнц, сансар огторгуйн юмс үзэгдлийг эрхэмлэн шүтэх үзлийг илэрхийлэх төдийгүй ихэс дээдсийн хайр халамж, эрдэм номын онч мэргэний үрд ард олон амар амгалан амьдрахыг ерөөжээ. Мөн Монгол төрийн сүлд тэмдэг мөнхөд бат бэх, сүндэрлэн байхыг бэлгэдсэн байна. “Эртний сайхан” хэмээх дууг бүрэн эхээр нь сонсож байгаа сонсогч зөвхөн сайн сайхныг төсөөлж, дээд Мөнх Тэнгэртээ залбирвал зохилтой гэж үздэг байна.      

    

 

   

Үзсэн: 7370

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • Монгол түмэн минь бахархах ёстой зүйлдээ ямар бага ач холбогдол өгч байна вэ? Сайхан дуу шүү. Нүдээ аниад сонсоорой.


  • Маш баярлалаа энэ сайхан дууны үүх түүх, үүсэл гаралыг сайхан бичиж тэмдэглэсэн байна