Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн багш нарын өдөр


Densmaa 2017-10-05 06:10

Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан энэ өдрүүдэд Монгол үндэстэн сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлж, багш нар харилцан туршлага солилцож байна.

      ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. Өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд багш нарын баярын  өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 2015 онд бүх нийтийг суурь боловсролтой болгох зорилтыг биелүүлэхийн тулд сургуулиудад 1,4 сая багш дутагдаж, харин 2030 онд 3,4 сая багш шаардлагатай гэсэн судалгааг ЮНЕСКО-гийн Статистикийн Хүрээлэнгээс гаргажээ. Түүнчлэн боловсролын чанарын асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Ихэнх тохиолдолд багш нар материал техникийн баазгүйгээр, бэлтгэлгүйгээр ажиллах шаардлагатай болдог. Дэлхий дахинд 250 сая хүүхэд суурь боловсролын мэдлэг эзэмшээгүй гэжээ. Тиймээс багш нарын хөдөлмөрийг үнэлж, тэднийг шаардлагатай бүх зүйлээр хангах нь зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Манай улсад нийт 48 мянга таван зуу гаруй багш ажиллаж байна. Эдгээрээс  28 мянга найман зуу орчим нь ерөнхий боловсролын сургуулийн багш.

       Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан энэ өдрүүдэд олон ажил өрнөлөө. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулиас зохион байгуулж байгаа ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол Улсын ЕБС-ийн багш нарын хамтарсан форум болж байна. Монгол туургатны ёс заншлаа уламжлан хадгалах, Монгол, Орос, Өвөрмонгол  гурван улсад оршин суугаа Монгол үндэстэн сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш нар харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгааг Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг онцоллоо.

   Б. Эрдэнэчимэг: “Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан манай сургуулийн  хувьд олон ажлыг зохиож байна.  Үүний нэг томоохон ажлын нэг нь  ОХУ-ын Буриад улсын 43-р сургууль, Өвөрмонголын  Улаан хад хот болон Шилийн гол аймгийн сургуулийн хамтарсан гурван улсын хоорондын форум 2017 анх удаа зохион явуулж байна.  70 гаруй багш нар гадаадаас ирж оролцлоо. Манай сургуулиас 20 гаруй багш оролцсон. Спортын арга хэмжээ, багш нарын илтгэл, Нээлттэй хичээл, багш нарын үзэсгэлэн зэрэг олон ажил өрнүүллээ.  ОХУ-ын багш нарын туршлагаас үзэхэд манай багш нарын сурган хүмүүжүүлэх арга ухаан нь ойролцоо байна. Өвөрмонголын багш нарын арга зүй арай өөр байна. Манай улс хүүхдийг хөгжүүлэх, багш нарын заах арга ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр манай орон давуу байна.

      Орос, Өвөрмонгол  багш нараас суралцах зүйл их байлаа. Орос багш нар хүүхдийг хичээлийн хугацаанд нээлттэй чөлөөтэй байлгахаас гадна  шинжлэх ухааны мэдлэгүүдийг зэрэг өгч чадаж байна гэдгийг форумд оролцсон багш нар хэлж байв. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд  Зуны форум зохион явуулахаар төлөвлөж байгаа гэж  Улаан-Үүд хотын 43-р сургуулийн  дэд захирал Ц.Б.Батуевна  хэллээ.

      Бид Улаан Үүд хотоос ирсэн 43-р сургуулийн багш нар.  48-р сургуулиас санаачилсан энэ олон улсын форумд оролцож байгаадаа баяртай байна. Бид өнгөрсөн хавар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, багш нарыгаа туршлага солилцуулах ийм зорилготой ирсэн.  Тэр зорилгоо биелүүллээ. Бид хичээл заасан.  Бас хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сүүлийн өдөр хаалт хийж багш нарын баяртай хамт тэмдэглэж байна.  Улаан –Үүд хотод зуны форум зохион байгуулна. Зуны форум байгаль нуур дээр болох байх.  Бүх багш нартаа хамгийн сайн сайхан эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

      Монгол үндэсний багш нар хичээл орох туршлага, арга барил, зайн сургалтын талаар ярилцлаа. Энэ арга хэмжээ бидэнд маш их үр дүнгээ өгч байна. Монгол сургуулийн хувьд  хичээлийн анги танхим нь хүүхдэд зориулагдсан. Хичээл хийх явцдаа хүүхдийг хөгжүүлэх тэр боломжийг нь бүрдүүлж чадсан байна гэж ӨМЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны  Өвөлцэцэг багш ярьж байна.

      Өвөлцэцэг: Бид арван дөрвүүлээ ирсэн. Бид энэ удаа хичээл зааж амжаагүй бусад багш нарын  хичээлийг сонирхлоо.  Хичээлийн тэр танхимд бол хүүхдэд зориулагдсан. Хүүхэд өөрөө сурах явцдаа хөгжих боломжтой.  Манайхаас адилгүй нэг зүйл нь хоёр ээжээр хичээллэдэг юм байна.  Түүнчлэн бага ангийн гэлтгүй өөр өөр багш хичээл заадаг.  Цаашид хамтын ажиллагаагаа  улам сайн үргэлжлүүлнэ. Бид заан сургах аргад  их дэвшилтэй зүйлүүдийг өгч байна.

      Манай  улсын ерөнхий боловсролын сурах бичиг багшийн номыг  үр өгөөжтэй, хичээлийн агуулгыг нарийвчлан сэдэвчилж өгсөн. Багшид хэрэгтэй сайн гарын авлага  бэлтгэсэн байна гэдгийг  форумд оролцсон бусад орны багш  нар үзэж байв. Цаашид  тус форумыг жил бүр уламжлал болгон зохион явуулахаас гадна  орон даяар  илүү олон багш нарыг оролцуулахыг зорьж байна.                               

Үзсэн: 1334

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)