Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ой түшиглэсэн - Хамтын нөхөрлөл


Densmaa 2017-12-08 06:12

Манай улсад 1000 гаруй ой нөхөрлөл ажиллаж байна.

   Манай дэлхийн нийт нутгийн 31 хувийг ой эзэлдэг төдийгүй энэ нь 4-н тэр бум гаруй га газрыг хамардаг. Ой мод хуурай газрын бүх амьтан ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог. Гэвч эдүүгээ дэлхийн ойн сан жилд 0,6 хувиар багасаж байна гэсэн тооцоо бий. Бид амьдралын хэрэгцээнд жил бүр 17 сая модыг цаас үйлдвэрлэхийн тулд огтолж байна. Түүнчлэн дэлхий дээр ойн гаралтай 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс ойг нөхөн сэргээх, хамгаалах зайлшгүй шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарч  байгаа юм.

   Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар хүчтэй, ширүүн борооны дараа гол мөрөн үерлэхэд хүрч эргээд хурдан хатаж хуурайших үзэгдэл байнга явагдаж ойн нөөц их хэмжээгээр хомстсоор байна гэж судлаачид үздэг. Харин бид ойг хамгаалж чадвал дэлхийн хуурай газрын бүх ургамлын 66-аас илүү хувийг хамгаалж чадах юм байна.  Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ой мод нь дэлхийн нийт хүчилтөрөгчийн 40 гаруй хувийг ялгаруулдаг учир уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Манай улс дөрвөн томоохон баримт бичигт ойн бодлогын талаар болон энэ чиглэлд авч хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлсон. Тухайлбал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод ой устгахыг зогсоох, доройтсон ойг нөхөн сэргээх зэрэг хэд хэдэн чухал баримтлал тусгасан байна.

   Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн есөн хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх менежментийг сайжруулах, ойн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тус тус тусгасан гэж БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар хэллээ.   

   Ц.Чулуунбаатар:Олон улсын ойн бодлого, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж байна. Ойг хамгаалах нөхөн сэргээхэд үр дүнтэй байдаг. Ойн сан ихтэй газруудад ойн санг иргэдэд эзэмшүүлж байгаа нь дэлхийн нийтийн жишиг болсон. Ойн нөхөрлөлийг зөв байдлаар зохион байгуулах чухал асуудал байгаа юм. Монгол орны ой бол дэлхийн сэрүүн бүсийн хамгийн урд захад байдаг ой учир дэлхийн хэмжээнд анхаарч байна.

   Төрөөс баримтлах ойн бодлогын баримт бичигт тусгаснаар 2030 он гэхэд есөн хувьд хүргэнэ. 1.7 сая га талбай бүхий ой түймэрт өртсөн учир тус талбайн хэмжээг 30 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Дөрвөн бүсэд хуваан тооллого явуулахад Хэнтийн бүсийн талбай хамгийн их буюу 34.8 хувь нь түймэрт өртсөн болохыг тогтоожээ. Монгол орны нийт ойн ихэнх хувийг дан бүрэлдэхүүнтэй шилмүүст ой эзэлдэг. Ийм ойтой байх нь эдийн засгийн талаасаа ач холбогдол багатай. Энэ нь түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэхдээ амархан. Тиймээс цаашид ойг нөхөн сэргээхдээ холимог буюу навчит шилмүүст ойн тэнцвэртэй харьцааг бий болгох нь чухал. Түүнчлэн ойн сангийн 20 хүртэлх хувийг тусгай хамгаалалтанд оруулах зорилт тавьж байна гэдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн  Ц. Чулуунбаатар онцоллоо.

   Ц. Чулуунбаатар: Монгол орны ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр УИХ болон Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Ойт талаар авч хэрэгжүүлэх хамгийн сүүлийн томоохон баримт бичиг бол Ногоон хөгжлийн баримт бичиг юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлалын баримт бичиг батлагдаж гарсан. Түүнчлэн УИХ-ын 49-р тогтоолоор Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлагдаж гарлаа. Энэ хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2017-2021 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын бичиг баримт батлагдаж гараад байна.  Эдгээрээс ойг хамгаалах асуудал хамгийн чухлаар яригдаж байгаа юм. Ялангуяа сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна.  Цөлжилт буураагүй. Мөн ойд сөрөг нөлөө үзүүлж байгаа хортны үр дагавар сүүлийн жилүүдэд гарч эхэлсэн Тиймээс ойг хамгаалах төрийн хэмжээнд авч үзээд ойг хамгаалахад иргэн бүр  оролцоотой байх нь чухал гэж үзсэн. Ойтой ойрхон байгаа малчдыг ой хамгаалах асуудалд татан оруулж, иргэн бүрээс ой хамгаалах бодлогын ажлыг эхлүүлж байна. Орон нутагт ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар гурвалсан бүтэц бий болоод байгаа юм.  Ингэснээр орон нутгийн болон тухайн бүс нутгийн ойг хэрхэн хамгаалах асуудалд тэнд амьдарч байгаа иргэд дээр эрх үүрэг болгож зааж өгч байна.  Түүнчлэн тусгай хамгаалалтанд оруулах замаар ойн биологийн төрөл зүйлийг хамгаалах ажил хийгдэж байгаа. Бид баримт бичигтээ ойн сангийн 20 хүртэлх хувийг тусгай хамгаалалтанд оруулах гэсэн  зорилт тавьж байна. Энэ арга бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  ийм арга. 

   Манай орны ой нь төв азийн тал хээрийн дундах экологийн шилжилтийн бүсийн ойт хээрийн шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой болон говь цөлийн бүсийн заган ой гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Ой мод бол олон талын ач холбогдол бүхий байгалийн үнэт баялаг юм. Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртдөг. Их хэмжээний газрыг хадгалж хамгаалснаар ганц хоёрхон төрлийн мод, ургамал, амьтан бус, бүхэл бүтэн экосистемийг хадгалан үлдэж чаддаг.Ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэн бүрийн оролцоо чухал байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээн мянга гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна. Хууль эрх зүйн хувьд 2014 онд ойг гэрээгээр эзэмших журмыг засгийн газрын тогтоолоор баталгаажуулж өгсөн байна.  

   Ойн нөхөрлөлд хамтын эзэмшлээр ойг хамгаалснаар хэд хэдэн эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тухайн нөхөрлөлүүдийн хамгаалж байгаа ойд хууль бус мод бэлтгэл болон түймэр гарах нь эрс буурчээ.Ойг  нөхөрлөлүүд хамгаалснаараа эргээд модны үр бэлтгэх, самар бэлдэх зэрэг тухайн ойг ашиглах үр ашигтай байх нөхцөл мөн бүрдээд байгаа юм. Цаашид ойн нөхөрлөлүүдийг ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх асуудалд мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлагатай. Тэдгээрийг чадваржуулах зорилгоор хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Нөхөрлөлүүдийг ой арчилгаа цэвэрлэгээний ажилд ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлд анхаарч байна. Энэ тухай Төв аймгийн БОАЖГазрын ойн нэгжийн дарга Ж.Отгонбүүвэйн яриаг сонсоё. 

   Манай аймгийн хувьд 1,3 мянган га ойтой. Энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 18,7 хувийг эзэлдэг. Нийт ойн сангийн 87 хувь нь хамгаалалтын бүсийн ой. 12 хувь нь ашиглалтын ойд хамаардаг. Нийт ойн 50 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн хөгширөх талдаа орсон.  Байгаль хамгаалах нөхөрлөлийг их дэмжиж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 136 нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтын бүсийн ой бага гэдэг нь үйлдвэрлэлийн нойтон мод бэлтгэх газар бага гэсэн үг л дээ. Бусад хамгаалалтын бүсийн ойд сумдад иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор зөвхөн ахуй хэрэгцээнд болон түлээний мод бэлтгэж байна. Сүүлийн үед зөрчлийн тухай хууль, ойн тухай хууль 2012 онд өөрчлөгдсөн. Иргэдийн экологийн боловсрол дээшилсэн. 10 жилийн өмнө аймгийн хэмжээнд 204-210 зөрчил жилд илэрч байсан. Сүүлийн жилүүдэд зөрчлийн тоо буурсан. Нэг байгаль хамгаалагчид оногдох газар нутгийн хэмжээ харьцангуй том. Нөхөрлөл байгуулагдсанаар хашиж хамгаалдаг. Нөхөрлөлүүд идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулахаас гадна уулынхаа аманд пост бариад ажиллуулж байгаа нь зөрчил буурах нэг шалтгаан болж байна.

   Манай улсын ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрддэг байна. 18.3 сая га талбайтай, 1.4 тэрбум шоо метр модны нөөцтэй. Монгол улсын ойн нөөцийн 30 хувийг хуурай хатсан мод эзэлдэг. Болц гүйцсэн болон хуурай хатсан модыг бүгдийг нь цэвэрлэх ёсгүй. Учир нь зарим  хатсан мод биологийн төрөл зүйлийг болон хөрсний эвдрэл гэмтлийг хамгаалж, нүүрс хүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлдэг. Хуурай хатсан мод нэг га талбайд арван метр кубээс дээшгүй хэмжээнд байхад дэлхий нийтэд тогтвортой харьцаанд байна гэж үздэг. Энэ чиглэлд ойртуулахын төлөө ажиллаж байна. Манай орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан бєгєєд гол, мєрний усны нєєцийг зохицуулан хамгаалах, цэвэршvvлэх, хєрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зєєлрvvлэх, хvлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бvрдvvлэх, мєнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн єндєр ач холбогдолтой.

   Эрдэмтэд Ой бол ус, ус бол ургац, ургац бол амьдрал гэсэн дvггэлт гаргаж, ой модыг ногоон алт хэмээн нэрлэдэг. Монгол орны ойн нөөцийг өргөн уудам нутагтай нь харьцуулахад бага юм. 2006 онд хийсэн судалгаагаар манай орны 8.14 хувь нь ой байгааг тогтоожээ.

Үзсэн: 2806

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна