Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Залаархаг хавраг буюу чийрийн давирхай”


Densmaa 2018-06-28 09:06

“Монгол орны ховор ургамал” цуврал энэ удаагийн дугаараар “Залаархаг хавраг буюу чийрийн давирхай” хэмээх ургамалыг онцлон сонирхуулж байна.

   Залаархаг хавраг буюу чийрийн давирхай нь шүхэр цэцгийн /Umbellifarae/ овогт хамаарах олон наст өвслөг, модлог ургамал бөгөөд сүүлийн 20 гаруй жилд дэлхийн ургамал судлаачид болон анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд ороод байна. Энэ ургамлыг шинжлэх ухааны хэлэнд Залаархаг хавраг, Хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд Чийрийн давирхай гэж нэрлэдэг. Дэлхийд ердөө 100 гаруйхан га талбайд уг ургамал ургадаг учир нэн ховорт тооцогдож “Улаан ном”-д орсон юм. Баруун Сибирь, Каспийн болон Газар дундын тэнгисийн орчимд ургадаг өвслөг, модлог уг ургамал нь Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт орчимд байдаг.

   Манай орны хувьд 1954 онд анх бүртгэсэн байдаг ч 1980 оны сүүл үеийг хүртэл нутгийн иргэдээс өөр хүн мэддэггүй байж. Ийнхүү анх тэмдэглэснээс 30 гаруй жилийн дараа МУИС-ийн багш, судлаачид Монгол нутгаас энэхүү ховор ургамлыг нээн судалж нэн ховор гэдгийг нь тогтоон 1997 онд “Улаан ном”-д оруулсан байна.

  Чийрийн давирхай нь амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг. Энэхүү ургамал 9-12 жилд ганц удаа цэцэглэдэг ховордох гол шалтгаан юм.  Бид МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн багш, доктор профессор, байгаль орчны аудитор Дагдангийн Сурантай уулзаж, энэхүү ургамлын ашиг тусын тухай асууж сонирхсон юм.

Д.Суран: Энэ ургамлын судалгаа 1988 оноос эхэлсэн. Хятад, Казакстан, Монгол зэрэг оронд тархсан. Ховор тархалтай. Хар модны давирхай шиг үнэртэй. 150 гаруй эмийн жоронд ордог. Энэ ургамлын цэцэглэх ишин дээр нь гарч ирдэг давирхайг нь авч ханиад томуугийн тархалттай үед  усанд найруулж уудаг. Хол газар явж байгаа эмээлийнхээ хавтсанд, дөрөөнд наагаад явдаг. Энэ нь элдэв халдварт өвчнөөс хамгааладаг байна. Би их сургууль төсөөд  Ховдын их суруульд очиж ажилласан. Дунд сургуульд байхдаа найзаасаа сонсож байсан. Домог шиг юм ярьдаг. Манай нутагт харгана шиг том ургамал бий. Давирхайтай. Давирхайнд нь сүүдэрлэж хэвтсэн мал наалдаад босож чаддаг гэж ярьж байсан. 1988 онд анх очиж зургийг нь авч, анхны дээжийг нь цуглуулсанаасаа хойш 10 гаруй жил судалсан. Химийн эрдэмтэдтэй хамтарч нарийвчлан судлаж байсан. Энэ ургамлыг эрт дээр үеэс торгуудууд амьдрал ахуйдаа ашиглаж хэрэглэж ирсэн байдаг. Хүүхэд хөгшид гэлгүй энэ ургамлаар л амь насаа хамгаалж явсан. Хятадын анагаах ухаанд онцгой байр суурь эзэлдэг.

   Залаархаг хавраг буюу чийрийн давирхай нь байгалийн онцгой сонин бүтэцтэй газар ургадгаараа онцлог. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт хүрэх замаас 30 гаруй километрт “Хоёр цэргийн агуй”-н орчимд элсэрхэг уулын аманд энэхүү ховор сонин ургамал ургадаг. Уг бүс газрыг тодорхойлбол, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Төв Азийн цөлийн зааг, зүүн, баруун хаац уулаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уул орчмын нутагт голын гаралтай, салхины нөлөөнд хэт автсан элсэн хуримтлал бүхий нутаг юм. Энэ хэсгийн уур амьсгал нь Монголын бусад бүсээс тэс өөр. Булган голоос тэжээгддэг. Булган гол эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим нь баруун тийш урсах болсон нь чийр хэмээх ургамлынхаа адил эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ер нь эндхийн ан амьтан, өвс ургамал бүр нь онцлогтой гэж эрдэмтэн Суран ярьж байна. Түүний яриаг  үргэлжлүүлэн сонсоё.

Д.Суран: Бага талбайд ч арвин үр өгдөг учраас одоохондоо устаж үгүй болохгүй байна. Жишээлбэл үндэс нь махлаг бүдүүн хэсэгтээ 60 см. Нийтдээ 120 см үндэс газрын хөрсөнд томорсоор хамгийн сүүлийн жил цэцэглэдэг. Нутгийн иргэд энэ ургамал 2,3 жил өнжиж цэцэглэдэг гэж ярьдаг. Яг судлаад үзэхээр энэ ургамал хавар, зуны хамгийн таатай нөхцөлийг сонгож бөөнөөрөө цэцэглэдэг. Энэ зурган дээр 1метр 60 см хүртэл өндөр харгана шиг шугуй үүсгэдэг. Тэгээд 2,3 жил цэцэглэхгүй. Бидний тогтоосноор бол 9-12 насандаа цэцэглэдэг. Шар өнгийн жижиг хэмжээтэй  маш гоё цэцэг гардаг. Холоос шар битүү шугуй үүсгэнэ.  Үхэр мал орохоор харагдахааргүй. Мал бол энэ ургамлыг иддэггүй.  Өнгөрсөн 10 –н жилд тэр бүс нутгийг орон нутгийн хамгаалтанд авч байгаад сүүлд зөвхөн энэ ургамлыг хамгаалахын тулд дархан газар байгуулсан. Зүйрлүүлээд хэлбэл манжин шиг булцуутай. Жил ирэх тусам навчны тоо нэмэгдэнэ. Навчны тоогоор  энэ ургамлын наслалтыг тогтоож болно. Балчир, залуу нас гүйцсэн ургамал гэж гурван насны ангилалд хуваасан. 

   Чийрийн давирхай хэмээх энэ ургамлыг дэлхийн эрдэмтэд өвс, мод хэмээн өнөөг хүртэл мэтгэлцсээр ирсэн ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Цэцэглэснийх нь дараа буюу хагдрах үед нь хөрснөөс сугалж үзэхэд үндэс нь адууны шийр мэт бахим өргөн байдаг. Үндэс нь эндээсээ зэллэж хялгас мэт болж нарийссаар газрын гүн рүү хоёр метрт хүрдэгийг судлаачид тогтоожээ. Харин яагаад дулаан уур амьсгалтай Газар дундын тэнгис, жилийн хоёр улирал ноёлдог Каспийн тэнгис, эрс тэс жилийн дөрвөн улирал зонхилдог Ховд аймаг, мөнхийн сэрүүн, мөнх цэвдэгт Сибирт бага багахан хэмжээгээр ургаж байгаа нь одоо ч эрдэмтэн, судлаачдын анхраалыг татсаар байгаа юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар Чийрийн давирхай ургаж байгаа бүс нутгууд нь дэлхийн цаг агаараас харилцан хамааралгүй орон нутгийн онцлог уур амьсгалтай гэж үздэг.

   Ургамлаас намартаа цөөн хоног давирхай гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учраас монголчууд сүү хэмээн нэрлэх нь ч бий. Мөн давирхайгаас  сүрчиг мэт анхилуун сайхан үнэр ханхалдаг. Сүрчиг, хүдрийн заар хоёрыг эрэмбэлвэл давирхайн үнэр бараг нэгдүгээрт жагсана гэж нутгийн зон олон ярилцдаг. Чийрийн давирхайн төгөлд очоод нэг өдөр саатахад хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт буудаг байна. Иймдээ эл ургамлыг анагаах ухааны салбарт түлхүү ашиглаж, дэлхийн арав гаруй орны лабораторид үрслүүлэн ургуулж, судалж байгаа юм.

Үзсэн: 3288

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (10)