Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Цахим банк Монголд”


Densmaa 2018-10-09 03:10

Цахим банк ашигласнаар та банкаар нэг удаа үйлчлүүлэхэд зарцуулагдах 5-10 ширхэг баримтын цаасыг хэмнэх болно.

   Энэтхэг сонсогч Сидхарта Бахатхаржэ бидэнд хаягласан захидалдаа Танай төв банк улсынх байдаг уу, Засгийн газар нь төв банкандаа хяналт тавьдаг уу?, хувийн хэвшлийн хичнээн банк ажилладаг вэ?, Монгол улсад цахим банкны хөгжил хэр түвшинд хөгжсөн, түүгээр үйлчлүүлэгчид хэр олон байдаг вэ зэрэг асуултыг асууж Ардчилсан Монгол орны банкны системийг өөрийн эх оронтойгоо харьцуулан дүгнэх гэсэн юм гэсэн хүсэлтийн дагуу бид Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ариунаа уулзаж ярилцсан юм.           

   Эрхэм сонсогч та бүхэнд нэвтрүүлгийн эхэнд Монгол улсад хэдийд банк байгуулагдсан, ямар үйлчилгээг ард иргэдэдээ үзүүлдэг байв гэсэн товч ойлголтыг өгөх нь өнөөдрийн Монгол улсын банкны системийг танихад дөхөм болох юм.

   Монгол улс дахь банкны системийн үүсэл хөгжлийг гурван түвшинд авч үздэг. 1206–1368 оны Их монгол улсын банкны систем, 1921–1990 оны банкны систем, 1991 оноос өнөөг хүртэл гэж үздэг. Тухайлбал Их монгол улсын хаан Мөнх хааны үед Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс, 1260 онд Хубилай хааны үед Хар хоринд цаасан мөнгө тушаах газар, 1282 онд “Олон зам газар”-т мөнгөний гүйлгээг тэгшитгэх цэгүүд ажиллаж байв. 2-р шат буюу 1921 оноос өмнө Манжийн дарлалын үед бүхэлдээ доройтоод байсан Монголын банкны систем нь 1921 онд ардын хувьсгал ялснаар цоо шинэ шатандаа шилжсэн юм.

   Улс орны эдийн засгийг төвхнүүлэхтэй холбоотойгоор олон арга хэмжээ авч эхэлсний үндсэн дээр үндэсний банк, мөнгөн тэмдэгт болон банкны системийг бий болгох чухал асуудал энэ үед тавигдсан байна.

   Жишээлбэл 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк буюу "Монгол банк"-ийг нээжээ. Хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк нэртэй болжээ. 1921-1990 оныг хүртэлх энэ үеийг Социалист нийгмийн үе гэх бөгөөд банкны чөлөөт системгүй буюу арилжааны банкгүй байсан юм. Нэг үгээр хэлбэл Банкны монополь систем ноёрхож байсан бөгөөд улсын банкны үйл ажиллагаанд төрөөс хатуу хяналт тавьдаг байв. Гуравдугаар үе шат буюу 1991 оноос өнөөг хүртэлх банкны систем. Энэ системийн талаар Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ариунаа ийн ярьлаа:

   Монгол улс 1990 оноос өмнө банкны систем ямархан тогтолцоотой байсныг та бүхэн мэдлээ шүү дээ. Харин 1991 онд Улсын бага хурлын шийдвэрээр Улсын банкны тогтолцоонд өөрчлөлт оруулснаар зах зээлийн шинэ тогтолцоонд шилжсэнээ банкны систем, мөнгөн санхүүгээрээ дамжуулан ард иргэдэдээ төдийгүй олон улсад мэдэгдсэн хэрэг юм. Мэдээж шинэ арга ажиллагаагаар үйл ажиллагаа явуулах болсон Монгол банк нь өөрийн гэсэн бие даасан хуультай болсон төдийгүй мөнгөний бодлогыг хэрэгжүүлж улмаар валютын чөлөөт тогтолцоотой системийг нэвтрүүлж эхэлсэн. 1995 онд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 2017 онд дахин өөрчлөлтийг оруулж Монгол банкийг Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах тогтолцоонд шилжив.

   Анх 1990-ээд онд ардчилсан улс оронд монополь тогтолцоотой ганц байх нь зохисгүй юм. Хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээгээ дэмжсэн банкууд байх нь зүйтэй гэж үзсэнээр хоёр 3 банкийг байгуулсан байдаг. Түүнээс хойш зах зээлийнхээ жам ёсоор олон банкууд байгуулагдаж явц дундаа үйл ажиллагаагаа зогсоох дахин сэргээх, шинээр байгуулагдах зэргээр өнөөдөр 14 хувийн хэвшлийн банк тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ системийн хэмжээний буюу хуулинд заасан тодорхой хэмжээний үүрэг шаардлагыг хангасан актив өндөртэй банкууд хөдөө орон нутаг тэдгээрийн алслагдсан бүс нутагт хүрч ажиллаж байна.

   Монгол банк нь 2017 оноос эхлээд банкнуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, тухайн банк нь эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх чадварыг нь бэхжүүлэх зорилгоор олон улсын хамгийн сүүлд нэвтрүүлж байгаа стандартуудыг нэвтрүүлж эхлээд байна. Ерөнхийдөө 2020 оноос албан ёсоор “Базл-2”-ч гэдэг юмуу санхүүгийн тайлангийн 9-р стандарт гэх мэтчилэнгийн шинэ стандартуудыг эх орондоо нэвтрүүлээд байна. Энэ хэрээр арилжааны банкууд нь харилцагчдынхаа итгэж хадгалуулсан мөнгөн хөрөнгийг найдвартай, үр ашигтай зарцуулах, ямарваа нэгэн эрсдэл тухайлбал дэлхийн санхүүгийн хямрал, дотоодын бусад хүчин зүйлсээс хамаарсан хямралыг дагах бус сөрж оршин тогтнож чадах чадамж, дархлааг суулгасаар байна.

   Му-ын төр, засгийн газраас хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байсан юм. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 онд мөнгөний нэгжээр хуучин гүйлгээнд хэрэглэж байсан "Лан"-хэмээх хэмжүүрийг “түр” хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчааныг 42 лан мөнгөтэй тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна. 

   Ардын хувьсгалын ялалтын дараах жилүүдэд эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ. 

   1924 онд Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон зааж БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал хэмээжээ. 

   1925 оноос үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" гэж нэрлэх болсон юм. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон түүхтэй. Одоогийн гүйлгээнд ашиглаж байгаа Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд хятад, орос, мексик улс орнуудын цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болсон юм.

   Өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр хийх цахим банкны үйлчилгээ монгол улсад нэвтрээд төдийлөн удаагүй боловч томоохон хот сууринд түгээмэл хэрэглэгддэг банкны үйлчилгээ болтлоо хөгжиж байна гэж онгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ариунаа ярьж байна.

   Монгол банк 2017 оны эцсээр үндэсний  цахим мөнгөн тэмдэгтийн тухай хуультай болсон. Энэ хууль 2018 он 1-р сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар үндэсний цахим мөнгөний зохицуулалтыг маш нарийн тусгаж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй хүн тодорхой хэмжээгээр банкны харилцагч, банкны карт эзэмшигчид байна. Дэлхий глобачлагдсан өнөө үед манай улсын ямарч иргэн дэлхийн хаана ч очоод картаа уншуулаад үйлчилгээ авах, худалдаа хийх бүрэн боломжтой болсон. Үүний нэгэн адил гадны ямарч улсын иргэд манай оронд ирээд мөн ийм төрлийн үйлчилгээ авах эрх нь чөлөөтэй болсон. Өнөөдөр цахим банкыг улам боловсронгуй болгох, хөгжүүлэх санаачилгууд арилжааны 14 банкнуудын дунд маш их өрсөлдөөнтэйгээр явагдсаар байна. Монгол банк нь 2019 онд хэрэгжүүлэх, төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ цахим мөнгөний ойлголтыг шинэ түвшинд хүргэхэд ямар бодлого боловсруулан ажиллах нь зүйтэй вэ гэсэн бодлогын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Ингэх явцдаа харилцагчдын аюулгүй байдал, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” тухай шинэ хуулийн төслийг боловсруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хуулийн төслийн тодорхой нэгэн заалт нь харилцагчдад тухайн арилжааны банкууд үйлчилгээ  үзүүлэхдээ нэн ялангуяа гэрээний зүйл заалтаа оновчтой бөгөөд ойлгомжтой байдлаар  тусгахыг зүйлчилж өгч байгаагаараа онцлог. Ингэснээр банк, иргэд хоорондын үл ойлголцол үгүй болж эрсэдэлгүйгээр,  харилцан ашигтай, хамтран ажиллах үүд хаалга нээлттэй болно гэж үзэж байна.

Үзсэн: 1285

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна