Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Цахим эрүүл мэнд


Densmaa 2018-10-19 03:10

Иргэдээ эрүүл байлгахын төлөө урьдчилан сэргийлдэг, анхааруулдаг, сурталчилдаг энэ тал руу анхаарч ажиллаж бодлогоо гаргана гэсэн ийм зорилттой байгаа

       Монгол орны шинэ цагийн анагаах ухааны үүсэл хөгжил 1921 оноос эхтэй юм.

1921 оноос өмнөх үед Монгол оронд Дорно дахины анагаах ухаан, ялангуяа монгол, төвд  анагаах ухаан хөгжиж, уламжлалт эмнэлгийн арга зүй, дадлагыг эзэмшсэн эмч, маарамба, оточ нар өвдсөн, зовсон хүмүүсийг гэрээр үзэж эмчлэх эмнэлгийн тусламжийн өвөрмөц хэлбэр дагнаж байжээ. Харин 1921 оны үеэс эхлэн Монгол оронд нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлт гарсны дотор xүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтох үe эхэлсэн юм.

     1921 оны 8-р сарын 15-нд Монгол ардын цэргийн дайчид болон ард иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх, эмчлэх Хороо байгуулах тухай тогтоолыг төр засгаас гаргаснаар Монгол улсад эрүүлийг хамгаалах тогтолцоо, орчин үеийн шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжих эх суурь тавигджээ. Харин 1924 онд Монгол улсын хүн амын эрүүл мэндийн асуудал төр, засгийн бодлогын хүрээнд орж албан ёсоор хуульчлагдсан байна.

     Өдгөө Монгол улсын хэмжээгээр эрүүл мэндийн нийт 3244 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Үндэсний хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам Дэлхийн Банктай хамтран эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Цахим эрүүл мэнд” төслийг 2016 онд эхлүүлжээ. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, эмчлүүлж буй өвчтөн болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хооронд эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд МУ-ын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамжийг нийлүүлэх юм. Энэ тухай ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Оюунханд "Энэ бүгдийг хийхийн тулд ганцхан мэдээлэл технологийнхоо үйл ажиллагааг сайжруулах биш техник хангамж, кабель ямар байх ёстой вэ гээд олон зүйл байна. Тухайн байгууллага цахим мэдээллийнхээ санг бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулах бүх бэлтгэлээ хангаад төслөө хэрэгжүүлж чадвал өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хүрч очих бололцоог нээнэ гэж харж байна" гэлээ. 

      “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Дэлхийн банкны мэргэжилтэн, төслийн зохицуулагч Энхболд "Иргэний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хамгийн анх гаргадаг газар бол өрх, сумын эмнэлэг. Иргэн хамгийн түрүүнд хандана. Өрх, сумын эмнэлгийн тусламж үйлчилгээ сайн байж чадвал дараагийн шатлалын үйл ажиллагаанд шилжиж үйлчилгээ авах тэр боломж бүрдэнэ. Тэгэхээр төслийн хүрээнд анхан шатны үйлчилгээнд гол анхаарлаа хандуулж байгааг" дурьдлаа. 

      “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшилж, шаардлагагүй, давтан шинжилгээний тоог бууруулж зардал хэмнэх, эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжих зэрэг ач холбогдолтой. Энэ талаар ЭМДЕГ-ын дарга Алтанхуяг "Цахим үйлчилгээ нэвтэрсний үр дүн юу байх вэ гэхээр хамгийн түрүүнд иргэд мөнгөө болон цагаа хэмнэнэ. Үндсэн зарчим бол энэ. Иргэд өмнө нь эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ аваад байсан юм гэдэг үүх түүхээ өөрөө мэдэх бололцоотой болно. Тэрийгээ хянадаг болно. Үйлчлүүлэгч өрхийн эмч дээрээ яваад очиход өрхийн эмч үзээд оношоо тавиад эмийн жорыг нь бичээд өгнө. Бичигдсэн жор нь тухайн цаг минуттайгаа эрүүл мэндийн даатгалын газар бүртгэгдэнэ. Нөгөө хүн нь эрүүл мэндийн даатгалын гэрээтэй ямар ч эмийн сан дээр яваад очиход эмийн сангийн бүртгэл мэдээлэл дээр тухайн хүний мэдээлэл оччихсон байна. Гэхдээ энэ бол зөвхөн жор бичилтийн тухайд цахим биш. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтэрнэ. Аль эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ямар эмчилгээ хийлгэсэн, ямар шинжилгээ өгсөн, шинжилгээний хариу ямар гарсан гээд бүх мэдээлэл цахимд орсноор УБ т орон нутагт хаана ч байсан эмнэлэгт хандахад эмч тухайн өвчтөний талаар цахимаар мэдээлэл авна гэсэн үг юм. Тэгэхээр даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо бодит харилцаан дээр тулгуурлан ажиллах ийм бололцоог цахимаар ингэж үүсгэж байгаа юм. Нэмж хэлэхэд 2019 оноос эхлээд магадлан итгэмжлэгдсэн спорт клуб иогийн төв байдаг юм уу хэдэн сар хичээллэсэн байна гэдэг мэдээллийг цахимд оруулснаар ЭМД-ын сангаас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр хуульчлагдсан. Цаашид иргэдээ эрүүл байлгахын төлөө урьдчилан сэргийлдэг, анхааруулдаг, сурталчилдаг энэ тал руу анхаарч ажиллаж бодлогоо гаргана гэсэн ийм зорилттой байгаа" гэсэн юм. 

      Энэхүү системийг олон улсад бүхэлд нь цахим эрүүл мэнд буюу “E-health” гэж нэрлэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн байдаг. Хүн ам тархан суурьшсан, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр ажээ.

Үзсэн: 944

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна