Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол урлахуйн ухаан"


Densmaa 2018-11-15 02:11

Судлаачид уран хатгамлыг 19-р зуунд нүүдэлчдийн амьдралын өдөр тутмын хэрэглээнээс хальж, урлаг болтлоо хөгжсөн гэж үздэг.

Зүү ороох хатгамлын үүсэл гарал нь нарийн тогтоогдоогүй. Анх гал хэрэглэж эхэлсэн үеэс эхтэй гэж үздэг. Гал асаахын тулд модоо үрж эндээс анх гогцоо үүсчээ. Судлаачид уран хатгамлыг 19-р зуунд нүүдэлчдийн амьдралын өдөр тутмын хэрэглээнээс хальж, урлаг болтлоо хөгжсөн гэж үздэг. Монгол хүний оюун ухаанаар бүтсэн хатгамлыг бурхан шашны эд зүйл, хөөрөгний даалин, аяганы уут зэргээс харж болно. Даалин бол хамгийн том хүндлэл, хүний сүр сүлдийг авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Зан заншлын хувьд асар том байр суурь эзэлдэг төдийгүй гар урлал юм. Бусад бүх төрлийн хатгамлыг машинаар оёж болдог. Хөөрөгний даалинг зүү ороосон гогцоо гаргаж шагладаг учраас машинаар оёх боломжгүй. Тиймээс зүү ороох энэ оёдол бол монголчуудын соёлын нэгэн  өв юм. Монгол уран хатгамал, даалин урлалыг Юнеско-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажил үргэлжилж байна. Хувь хүмүүсийн урласан даалин бол гиннесийн номын бүртгэлийн нэг хэсэг болох юм. Мөн Монголын шашин төрийг хослуулан барьж байсан Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалинг 16 дахин томсгон урлаж  Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж  байна. Энэ талаар “Эгнэшгүй санаа төв”-ийн тэргүүн З.Цэнгэлсайханаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр, даалин урлалын сургалт зохион байгуулж 3500 гаруй иргэнийг хамруулжээ.

З.Цэнгэлсайхан: Богд хааны эдэлж байсан даалинг 16 дахин томруулж урласан. Хүндэтгэлийн дайлан гэж. Энэ урлалаа, төрөө хүндэтгэж байгаа. Монгол оюун ухааны үндэс болсон энэ урлалыг үеийн үед өвлөн уламжлуулах, ач холбогдлыг нь ойлгуулах зэрэг ач холбогдолтой. Урд нь байсан олон амжилтуудыг эвдсэн. Зүү ороох оёдлоор угалзан хээг дээд тал нь таван дагнаасаар оёж байсан бол есөн дагнаасаар оёсон. Хамгийн том. Хамгийн олон янзын зоос ширээний сүлжмэл орсон. Загсан нуруу гэхэд гурав дөрвөн төрлөөр орж байх жишээтэй. Монголын урлалын загварын дайлан болж байгаа юм. Хээний билэгдлийг тайлж үзвэл айл өрхөөс эхлээд монгол орны өсөн дэвжиж мөнхөд хөгжих тэр бүх баталгааг энд билэгдсэн. Найман сарын хугацаанд 108 хүн урласан байна. Одоогоор нэг талынх нь загсан нуруу дуусаагүй байгаа.  Би өөрөө дөчин хувийг нь гардаж хийсэн. Унгар, Энэтхэг зэрэг олон газар явж үзэсгэлэнд танилцуулж авшиг шингээсэн байна. Дээрхийн гэгээн Далай лам гайхалтай хүлээж авсан.

Богд хааны хэрэглэж байсан даалин нь 225 см урттай, 88 см өргөнтэй хамгийн олон хүний учиг шингээн урласан хамгийн том даалин гэсэн төрлөөр Гиннесийн номд бүртгүүлэх юм байна. “Монголын уран хатгамал болон Монголын ард түмний гар урлал бол гайхамшигтай зүйл. Түүх, археологийн олдворуудыг харахад Монголчуудын нүүдэлчин ахуй соёлтой холбогдсон оёдол хатгамал гайхалтай хөгжиж ирсэнг. Хатгамал хийх явцдаа хүн  төлөв түвшин болдог. Тиймээс тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах гэжээ. Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй. Үүнийг шинжлэх ухаан нотлоод одоо уран хатгамлаар эмчилдэг эмчилгээний арга нээсэн байна. Хатгамал урлахад анхаарлаа төвлөрж бүх зүйлээс тасраад суудаг учраас нэгэн төрлийн бясалгал болдог ажээ.

З.Цэнгэлсайхан: Манай улсын хүн амын 30 орчим хувь нь зүү ороох урлалыг талаар ойлголт мэдлэгтэй болсон байна. Зүүх ороох урлал дотроо дан зүү ороолт, давхар зүү ороолт, хөөмөлтэй зүү ороолт гэсэн гурван төрөлтэй.  Загсан нуруу хэрэглээгээрээ өөр байгаа юм. Зүү ороолттой хослуулж загсан нурууг ашигладаг. Зүү ороосон хатгамалтай нарийн чамин эдлэлийг уран тансаг байдал бат бөх чанарыг алдуулахгүй бүтүүлж эцсгийн бүтээгдэхүүн гаргаж ирэхэд л загсан нуруугаа хэрэглэж байгаа юм. Технологийн хувьд хоёулаа адилхан давхар шийдэлтэй. Манай байгууллага 2005 онд Дархан хотод байгуулагдаж байсан. Байгуулснаасаа хойш мартагдаж байсан зүү ороох энэ урлагийг сэргээж чадсан. Аймаг орон нутагуудад салбартай болж байна.  Уран хатгамлын улсын уралдааныг хоёр удаа зохион явууллаа. 

Нутаг нутгийн онцлогоос хамааран хувцас, эд юмсыг зохион бүтээх, урлах, чимэглэх арга нь өөр өөр байдаг. Нэг даалинг доод тал нь 14-20 хоног, дээд тал нь 4 сар гаруй сууж оёж, зөвхөн гараар урладаг, маш их чимхлүүр, нарийн ажил юм. Даалин дээр голдуу Нацагдорж, Өлзий, Түмэн насан зэрэг билэгдлийн олон төрлийн хээ угалз урладаг. Тухайлбал Өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн голдуу хэрэглэдэг төдийгүй номонд мэргэн байхыг бэлгэддэг байна. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь бий. Энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл төдийгүй түүнийг зөөлрүүлэх гэж аргадаж ирсэн ард түмний оюун бодлын илэрхийлэл болдог.

Монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх материалыг 2010 онд явуулжээ. Цаашдаа зүү ороох урлалыг Монгол уран хатгамлыг ЮНЕСКО-ын хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлж албан ёсны сургалтын программтай болохыг зорьж байна.

Үзсэн: 4077

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна