Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Богцон дахь соёлын өв”


Densmaa 2018-11-15 02:11

“Орхоны хөндий”, “Хөшөө цайдам” гээд дурсгалуудыг бодитоор нь хүүхдийн ширээн дээр тавьж байгаад хичээл явуулах нь үр дүнтэй.

  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Богцон дахь соёлын өв” төслийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлээд байна. Энэ төслийг Дэлхийн улс орнууд “Museum in box” буюу “Хайрцган дахь музей” нэртэйгээр хэрэгжүүлдэг. Манай улсад соёл, зан заншил, нүүдэлчин ахуйтай илүү ойр байлгах үүднээс “Богцон дахь соёлын өв” хэмээн нэрлэн хэрэгжүүлж байгаа юм. Богцон дахь соёлын өв төсөл 2009-2015 онд Монакогийн Вант Улсын санхүүжилтээр хэрэгжсэн ЮНЕСКО-гийн “Соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд эхлүүлж, багш сурагчдын харилцан идэвхтэй бүтээлчээр ажиллах боломж бүхий сургалтын иж бүрдлийг хийж бүтээсэн. Орон нутагт Богцон дахь соёлын өв” төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Наранчимэгээс тодрууллаа.

Наранчимэг: Богцон дахь соёлын өв” төсөл дэлхийн соёлын өвд багтсан газар нутагт байрлаж байгаа сургуульд хэрэгжиж байна. Сургалтаар дамжуулж мэдлэг олгохдоо бодит хэрэглэгдэхүүн ашигладгаараа давуу талтай. Байгалийн болон соёлын дурсгалыг  биечилсэн жижиг байдлаар сургалтын хэрэглэгдэхүүн болгосон. Төслийн хүрээнд маш хэрэгцээтэй сургалтын арга, аргачлалыг оруулж өгсөн. Бид нүүдэлчин ард түмэн. Жижиг богцонд явуулынхаа зүйлийг хийгээд морио унаанд явдаг. 20,30км цаана байгаа “Орхоны хөндий”, “Хөшөө цайдам”-ын дурсгалыг бодитоор нь хүүхдийн ширээн дээр тавьж байгаад хичээл явуулах нь үр дүнтэй байдаг. “Богцон дахь соёлын өв” төсөлд ерөнхий боловсролын сургуулийн 7-9-р ангийн сурагчид хамрагддаг. Манай сургуулийн хувьд 300 гаруй хүүхэд хамрагдсан. Манай сургууль ЮНЕСКО-гийн холбоо сургууль. Мөн Орхоны хөндийн соёлын газар дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газрын орны хүүхдийг хүмүүжүүлэх ийм сургууль. Энэ утгаараа “Бяцхан өв хамгаалагчид” клубийн хүүхдүүд, “Биет бус өв”-ийн клуб гэж байна. Түүнчлэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын захиргаа, Дэлхийн өвийн захиргаа, музей зэрэг газрын дэмжлэгтэйгээр хүүхдүүдэд соёлын биет болон биет бус өвийг эзэмшүүлэх үйл ажиллагаагаа явуулдаг.

“Богцон дахь соёлын өв” иж бүрдэл хэрэгслийн сургалтын туршилтын шатны үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий болон Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ерөнхий боловсролын долоон сургууль хамрагдаж байна. Цаашид Монгол орны аль ч аймаг, сум, нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой гэж Монголын дэлхийн өвийн сургалт, судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын тэргүүн Өүлэн-Эрдэнэ хэллээ.

Өүлэн-Эрдэнэ:“Богцон дахь соёлын өв” төсөл нь 2009 оноос хэрэгжүүлээ байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд хичээлээс гадуурах үйл ажиллагааны хүрээнд орж байна. Хөдөө орон нутгаар сургалт, судалгаа хийж байх явцад өв соёлоо уламжиллаа хадгалах тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг анзаарсан. Хүүхдүүд цэцэрлэгийн наснаас эх оронч сэтгэлгээтэй болгох нь чухал юм байна. Манай сургалтын иж бүрдэл нь гарт баригдахуйц зүйл учраас хүүхдэд мэдлэг болж үддэг. Сургалт орсны дараа буцаж хүүхдүүдийг уриад, ярилцлаганд оруулахад өөрсдөөрөө их бахархдаг болсон байна. Уртын дуу,бөх барилддаг хүүхдүүд өвлөн тээгч гэдгээ мэдэрч, өөрсдөөрөө бахархдаг болж. Хонь хариулдаг хүүхэд уулынхаа аманд байдаг буган чулууны үнэ цэнийг мэддэг болсон байх жишээтэй.

Монгол улс 2005 онд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцод нэгдэж орсноор соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр үүрэг хүлээгээд, үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлд бодитой үйл ажиллагаа явуулж ахицтай ажиллаа. Бүс нутгийн түвшинд соёлын биет бус өвийн чиглэлээр ажиллаж 14 өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн  яаралтай хамгаалах болон төлөөллийн жагсаалтад оруулсан. Эдгээр өвийг устаж үгүй болох аюулаас хамгаалах. Цаашид хадгалж хамгаалах хойч үедээ өвлүүлэн уламжлуулах чиглэлд анхаарч байна гэж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэллээ.

С Уянга: Өвлөн тээгч байхгүй бол соёлын биет бус өв устаж үгүй болох аюултай тиймээс хойч үедээ уламжлуулан үлдээх чиглэлээр бид бүхэн анхаарч байна. Бүс нутгийн улс орнууд албан болон албан бус  боловсролоор дамжуулан  соёлын биет бус өвийг хэрхэн хадгалж хамгаалж байгаа чиглэлээр өөрсдийн туршлагаас хуваалцаж байна. Сургуулийн сурагчдад хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийн талаар мэдлэг олгох сургалт явуулсан нь үр дүнтэй байсан учир улсын хэмжээнд энэ сургалтыг явуулахаар болсон. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна.

Улс орны туршлагаас харахад гэр бүлийн орчинд албан бус сургалт явуулж соёлын биет бус өвийг хадгалж хамгаалахад анхаарч байна. Манай улсын хувьд албан бус сургалтын төвүүдийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулж соёлын биет бус өвийн талаарх мэдлэг олгох боломжтой. Түүнчлэн багш боловсон хүчний мэдлэг чадварын дээшлүүлэх, заах арга зүйг нь сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаар төлөвлөж байна

Үзсэн: 1215

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна