Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол орны усны нөөц


Densmaa 2019-02-27 11:02

Газрын доорхи усны нөөцөөр баялаг боловч нөхөн сэлбэгдэх боломж бага

     Нүүдэлчин монголчууд ус бэлчээрээ даган нүүдэллэн амьдардаг. Өнөөдөр хүн амын тодорхой хувь нь суурьшмал иргэншлийг сонгосон хэдий ч тэдний зүрх сэтгэлд мал, бэлчээр, ус хамгийн чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Монголчууд усыг чандмань эрдэнэ хэмээн шүтнэ. Хэдий тийм ч хар ус хүнд аягалж өгдөггүй, усыг дангаар нь буцалгах нь хоосорч ядуурахын ёр билэг, ирж байгаа хүний урдаас болон явж байгаа хүний араас хар ус цацдаггүй, салхи, усыг би дийлнэ, чадна хэмээн ам гардаггүй  зэрэг ёр билгийн цээрлэх ёсон бий. Монголчууд усыг хэрэглээний, сувиллын хэмээн ангилдаг. Одоо Монгол орны усны нөөц, ашиглалт болон бусад сонирхолтой мэдээллийг хүргэе.

     Монгол Улс газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхдээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд багтдаг.

     Гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Манай орны усны нөөцийн 83 гаруй хувийг нуур, 10 гаруй хувийг мөсөн гол, бусад хувийг голын ус тус тус эзэлдэг. Гадаргын цэнгэг усны нөөцийн ихэнхийг Хөвсгөл нуурын ус эзэлдэг. Газрын доорхи усны нөөцөөр баялаг боловч нөхөн сэлбэгдэх боломж бага.

     Харин гадаргын ус нь богино хугацаанд тодруулж яривал 20 хоног тутамд нэг удаа буюу жилдээ 18 удаа солигддог. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорхи усаар хангаж байна.  Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн арван жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг ашиглахдаа энэ байдлыг тооцон ашигладаг.

Гол, мөрний  усны нөөцийн 70 гаруй  хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн  уулсын өндөрлөг  хэсэг буюу нутаг  дэвсгэрийн  30 гаруй  хувьд бүрэлддэг. Энэ нь  өндөр уулын  бүсэд  250 мм -ээс дээш  хур тунадас  буудагтай  холбоотой. Манай орны гол, мөрний урсацын ихэнх  хэсэг  нь  гадагш  хил даван  урсдаг онцлогтой. Газар доорхи  усны  ихэнх нөөц  нь  хангайн бүс нутагт, гол төлөв  томоохон голын хөндийд  агуулагдана.  Жишээ нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон ус хэрэглэгчийн  төвлөрсөн ус хангамжийн   гол  эх  үүсвэр нь  Туул, Хараа, Сэлэнгэ, Хэрлэн  голын хөндийн   дагуух газар доорх усны томоохон ордууд байх бөгөөд усны нөхөн сэлбэгдэх  боломж бүрэн бий. Сонсогч та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх үүднээс бид нэвтрүүлэгтэй Монголын Гидрогеологчдын холбооны гүйцэтгэх захирал Батжаргалыг урьсан юм. "Манай орны хамгийн томоохон гол мөрөн, булаг шанд нь  хангай бүсдээ байдаг тухай та бүхэн мэдлээ шүү дээ. Мөн монгол орон усны 3 ай савд хуваагддаг тухай ч мэдэх болно. Тэгэхээр нэгдүгээрх ай сав нь Хойт мөсөн далайг тэтгэдэг байхад, 2-р ай сав нь Номхон далайг тэтгэдэг байх жишээтэй. Гадагшаа урсацгүй нэг үгээр хэлбэл говийн бүс рүүгээ урсацтай нэгэн ай сав байх. Ийм гурван ай савд Монгол улс оршин тогтнодог юм. Дээр хэлсэн Хойт мөсөн далай болон Номхон далайг тэтгэдэг манай орны гол мөрний усны нөөц арвин, чанар ч өндөртэй байдаг. Жишээлбэл Монгол улсын Нийслэлийн дундуур урсдаг Туул гол л гэхэд Хэнтийн нуруунаас эх авч гадагш урссаар Байгаль нуурыг сэлбэдэг. Яг үүнтэй ижил манай эх орны баруун хязгаарт орших мөнх цас, мөсөн голуудаас эх авдаг голууд мөн ихэвчлэн гадагш урсдаг. Тэгэхээр бид арвин их усных нөөцийнхөө тодорхой хэсгийг дотооддоо нөөцлөх, боомт далан барих маягаар говийн бүс шиг усны нөөц багатай газраа тэтгэх, дэмжих ногоон байгууламжыг бий болгож элсний нүүдлийг зогсоож хөрсний элэгдэлийг багасгах бодлогыг баримталж байгаа. Манай говь нь мэдээж ил урсах гол мөрөн үгүй тул зөвхөн газрын доорхи усныхаа нөөцөөр тэжээгддэг юм. Говьд хур тунадас бага унадаг тул  усны нөөцөөс гадна чанар муу байдал нь тэнд амьдардаг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагддаг. Энэ байдлаас гарахын тулд бид бүхэн тусгай судалгаа шинжилгээний ажлуудыг явуулж байна".

        Гидрогеологчын ярианаас үзэхэд монгол орны хангайн бүс нутагт  гадаргын болон газар доорх усны нөөцийн  ихэнх  хэсэг нь агуулагддаг, усны нөөцийн нөхөн сэлбэгдэх чадамж нь  өндөр байдаг ажээ. Харин говийн бүс нь усны ууршилт өндөртэй тул газар доорх усны ордуудыг зүй зохистой ашиглахгүй бол элсэн цөл болж хувирах эрсдэл маш өндөр байгаа нь харагдаж байна. Монголын говьд ус дутагдвал  тэнд амьдардаг Хавтгай, Аргаль, Мазаалай гээд хүн амьтангүй усаар гачигдана. Нөгөө талаар асар их элсний нүүдэл эхлэх бөгөөд хаврын их шороон шуурганы улмаас үүсдэг тоос тоосонцор нь бүс нутгийн байгаль цаг уурт нөлөөлөөд зогсохгүй, мөн тухайн  бүс нутгийн эдийн засагт асар их хохирлыг авч ирэх юм. Нэг үгээр хэлбэл усны нөхөн  сэлбэгдэх чадвараар муу говийн газар доорх усыг  урт удаан хугацааны турш тасралтгүй ашиглах юм бол усны түвшин нь  буурах, шавхагдах эрсдэлтэй гэсэн үг.
            Иймээс  говийн  бүсийн  газар доорхи усны ордын  усны нөхөн сэлбэгдэх бодит боломж, тэжээмжинд  тулгуурлан  ашиглах бодлого явуулах,  үүний  тулд   иж бүрэн  судалгааны  ажил явуулах  шаардлагатай гэж мэргэжилтэн ярианд онцолж байна. Тэрээр "Монгол улс усны тооллогыг жил бүр явуулдаг. Зарим сонсогчид ойлгоход бэрхтэй байх. Тайлбарлавал Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн нуур гол булаг шанд байна, хэд нь хэвийн урсацтай хэднийх нь урсац нь татарч багасч байгаа хэд нь хатаж ширгэсэн гэсэн тооллого судалгааг явуулдаг юм. Жил бүрийн тооллогоор өөр өөр тоо, дүгнэлтүүд гардаг. Зарим нэг жижиг гол, булаг шанд ширгэсэн байхад өөр газар шинэ булаг шанд үүссэн байх жишээтэй. Хатаж ширгэж байгаа булаг шандад хүний буруутай үйл ажиллагаа ч бий, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн байдал ч ажиглагддаг. Имй нөхцөл байдалд бид хур тунадас арвинтай жилд гол мөрний уснаас гадна хур тундасны усыг хуримтлуулах, нөөцлөх ажлуудыг хийж эхлээд байна. Ер нь Монгол орны усны бодлогыг сав газраар нь зохион байгуулах нь үр дүнтэй юм байна гэдгийг олж тогтоогоод байгаа. Монгол орны нутаг дэвсгэрийг 29 ай савд хуваагаад тэр бүрт нь тохирсон менежментийг явуулах ажиллагааг 2013 оноос судалж хэрэгжүүлж эхлээд байгаа хэдий ч эдийн засгийн боломжоос шалтгаалаад төдий л үр дүнд хүрэхгүй байна. Говийн бүс нутгийн газар доорхи усыг хуримтлуулах, түүнийг үр ашигтайгаар байгальд нь ээлтэйгээр ашиглах бодлогыг алс хэтийн зорилго болгон ажиллаж байна".

      Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг та бүхэнд хүрч байх энэ цагт Монголын Өмнийн говьд Оюутолгой, Тавантолгой, Шивээ овоо, Цагаан суврага, Ухаа  худаг, Нарийн сухайт  болон  бусад нүүрсний олон орд газар тэнд үйл ажиллагаагаа явуулсаар  байна. 
Эдгээр уул уурхайн үйлдвэр өнөөдөр бүхий л усны хэрэгцээгээ газар доорхи  усны  нөөцөөр хангадаг. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт нь угаас хур чийгийн байнгын дутмагшилд байдаг говийн бүсэд илүү хурдацтай явагдаж байна.

     Хүний буруутай үйл ажиллагаа энэ хэвээр удаан үргэлжилбэл  говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүснэ гэж хэлээд байгаагийн учир энэ. Муу үр дагавар авч ирвэл Монгол төдийгүй дэлхийн бүс нутгийн хүнд асуудал болж хувирах эрсдэлтэй гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. Иймээс Монгол улс усны бодлогоо эргэн харах, цаашид баримтлах бодлогодоо ямар нэгэн тодотгол, өөрчлөлт хийх, ямар асуудалд илүү онцгой анхаарах ёстой вэ гэдгээ  хэлэлцсэн. Хэлэлцэж тогтсон асуудлаа ирэх сарын 22-нд олон нийтэд мэдээллэнэ. Хорин хоёр нь гэхийн учир нь жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг НҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтайг та бүхэн мэдэх билээ. Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцдэг учир энэ өдөр усны талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлогоо манай улс дэлхийн бусад олон оронд танилцуулах нь эргэлзээгүй юм.

 

Эртний түүхтэй Монгол Улс нь усны бодлогодоо чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Эзэн Чингис хааны үед урсгал усанд хувцсаа угаасан иргэнийг үхүүлэх ялаар шийтгэж байсан. Усгүй газар худаг гаргаж хүн малыг умдаалсан иргэнийг шагнаж урамшуулж байсан түүх ч бий. Ардын баримтлах ёс, зан заншилд усыг хайрлах, хамгаалах тухай олон арван бичигдээгүй хуультай ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй гэж ам бардам хэлнэ. Монгол Улс нь нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлдэг. Иймийн учир бид усаа хайрлах, хамгаалах тал дээр улам ихийг хийх болно.                                               

Хүн төрөлхтөн та бидний буруутай үйл ажиллгаанаас үүдэн энэ бөмбөрцгийн нэгэн бөөрөнд үер ус, цунами нөмөрч байхад өөр нэг цэгт нь хур бороо, ундны усны хомсдолд орж байна. Энэ нь нэгэн улсын хэрэг биш дэлхий нийтийн хэрэг тул соёлт хүн төрөлхтөн энэ зүгт анхаарлаа хандуулсаар байна. Монгол орны тэр дундаа Монголын говийн усны нөөц, өнөөгийн байдлын талаар санаа зовинож манай радиод хандаж захидал бичсэн Япон сонсогч Хокамура Фүмито танд талархсанаа  илэрхийлэхийн ялдамд таны хүсэлтээр  нэвтрүүлгээ бэлтгэхдээ баяртай байснаа  уламжильяа.

Үзсэн: 7219

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна