Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ногоон болон Цагаан дарь эх нь дархны бүтээлийнх нь охь манлай, үнэлж баршгүй өв


Densmaa 2019-02-27 11:02

Өндөр гэгээний уран бүтээлийн өвөрмөц онцлог нь бурхныг хүн болгон дүрслэж, хүмүүний биеийн болон сэтгэлийн гоо сайхныг харуулж, амьд сэрүүн мэт дүрслэснээрээ гайхалтай

 

 

       Эрс тэс уур амьсгал, өргөн уудам газар нутагтай монголчууд бидэнд бахархуулах зүйл олон. Тэдгээрийн нэг нь Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн дэлхийд давтагдашгүй, уран дархны гайхамшигт бүтээлүүд юм. Тэрээр Очирдарь, Майдар, Цагаан болон Ногоон дарь эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсаг гээд олон бурхдын баримлыг хүрлээр хөндий цутгаж алтаар шарж бүтээжээ. Чингэхдээ бүтнээр нь ямар ч залгаасгүйгээр цутгасан нь түүний бүтээлүүд хосгүй үнэтэй болохыг илэрхийлдэг.

        Өндөр гэгээн Занабазарын урласан Бурхдууд баруун гарынхаа алгыг дээш харуулан өвдөг дээрээ тавиад нөгөө гараа унжуулсан байдаг нь солгой гар доор, баруун гар дээр нь байх арга билэг хоёрын нэгдэл юм. Өндөр гэгээний уран бүтээлийн өвөрмөц онцлог нь бурхныг хүн болгон дүрслэж, хүмүүний биеийн болон сэтгэлийн гоо сайхныг харуулж, амьд сэрүүн мэт дүрслэснээрээ гайхалтай. Тэр дундаа Дэлхийн сонгодог уран бүтээлчдийн адил эмэгтэй хүний гоо сайхныг нээн илэрхийлсэн Ногоон болон Цагаан дарь эх нь дархны бүтээлийнх нь охь манлай, үнэлж баршгүй өв юм.

     Занабазарын энэхүү урлах ухаан, авьяас билгийнх нь тухайд доктор Хүрэлбаатар “Тэнгэрийн дагинасыг эгэл эмэгтэйн дүрд урвуулж, энэтхэг дарь эхийг монгол дарь эх болгож, шашны урлагийг ардын урлагтай нийцүүлж сонгодог урлагийн хэмжээнд хөгжүүлж чадсан нь Занабазарын урлагийн их шинэчлэл юм” хэмээн нэгэнтээ үнэлжээ. Үнэхээр Занабазарын эдгээр бүтээл нь монголчууд бидний хувьд Леонардо Да Винчийн алдарт “Жоконда”-тай зэрэгцэхүйц үнэлэгддэг билээ. Ингээд та бүхэнд Занабазарын алдарт бүтээлүүдийн нэг Ногоон болон Цагаан дарь эхийн талаар танилцуулъя.

      “Ногоон дарь эх” бүтээл нь ертөнцийг цагаан сүүгээрээ тэжээсэн эх хүний гоо сайхны сонгодог дүр бол “Цагаан дарь эх” нь салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүрийг илэрхийлсэн гэдэг. Ногоон дарь эхийн мөрөн дээр цоморлигоо бүрэн гүйцэт нээсэн цэцгээр түүний нас, бие жигдэрснийг бэлгэдэн харуулжээ. Ногоон дарь эхийн магнай дээр нь саран хөмсөг зурайж, алаг нүд нь ялимгүй бодлогоширч, уран нарийн, гар хуруу нь уян налархай бөгөөд ялангуяа араас нь харахад эгэлгүй үзэсгэлэнтэй ажээ. Монголын нэрт зураач Цүлтэм гуай Ногоон дарь эхийг араас нь харахад латины “S” үсэг шиг хэмээн хэлсэн байдаг.

      Дэлхийн бүтээл хэмээгддэг гайхамшигт бүтээлүүдийг урласан Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазар нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, уран барималч, зураач, гүн ухаантан, соён гийгүүлэгч байсан төдийгүй 17-18-р зууны монголын урлагийг сэргэн мандахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Сонирхуулан өгүүлэхэд Улаанбаатарт байх шашны хурал номын төв Гандантэгчилэн хийдэд Өндөр гэгээн Занабазарын “долоон нандин” гэх өөрийн мутраар урласан шүтээнүүд бий. Түүнчлэн түний зохиосон Соёмбо тэмдгийг Монголын ард түмэн одоо ч орой дээрээ залан шүтсээр байна.

          Монгол улсын төрийн далбаан дээр байх Соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг юм.

 

 

Үзсэн: 2529

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна