Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам


Densmaa 2023-08-16 11:08

3000 дуучин, хуурчин оролцсон"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам Их газрын чулууны байгалийн задгай театрт боллоо.

     "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам энэ сарын 11-12нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулууны байгалийн задгай театрт боллоо. Наадмын үеэр нүүдэлчин түмнийхээ яндашгүй ундарга, өв их соёл, бахархал болсон уртын дуугаа байгалийн гайхамшиг цогцолсон "Их газрын чулуу" задгай театрын тайзнаа эгшиглүүлэн,  3000 дууч, хуурчаа урин залж, мөнх тэнгэртээ дуун цацал өргөсөн тоглолт болсон юм. Мөн адууны өв соёлыг сурталчлах “Айрагны амт”, бөх, морь, сур, шагайн “Үндэсний спорт наадгай-Өв соёл”, морин аялал, монгол хоолны шоу, гэрэл зурагчин Э.Мөнхчулууны ”Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

     Уяхан замба тивийн наран урлагийн их наадам нь Монголын тал хээр нутаг, нүүдэлчдийн уламжлалт соёл, урлагийг дэлхий даяар сурталчилсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орныхоо түүхэнд тэмдэглэгдэж үлдэх онцгой үйл явдал болсон гэж зохион байгуулагчид хэлж байсан юм. Ингээд та бүхэнд Уяхан замба тивийн наран урлагийн их наадмын зохион байгуулах комиссын гишүүн Батбаярын яриаг сонсгоё.

Батбаяр: Энэ задгай театр гэж ярьдаг. Энэ театрыг анх 2006 онд байгуулсан. Яагаад энд байгуулах болсон бэ гэхээр зууны манлай МУ-ын хөдөлмөрийн баатар ардын жүжичин Норовбанзад гэдэг хүн энэ уулын хажууханд төрсөн байдаг. Тиймээс энэ сайхан байгалийн цогцолборт газартаа задгай театраа байгуулъя гэсэн санал анх гарсан. Байгуулагдсан цагаас нь хойш хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Эхний арга хэмжээнд 900 уртын дууч, морин хуурч оролцож байсан бол энэ удаагийн арга хэмжээнд 3000 уртын дууч, морин хуурчаас гадна бүх сум аймгийн хэлтэс, албан газар, аж ахуйн нэгжүүд хамрагдсан. Тэгэхээр энэ арга хэмжээ олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бөгөөд дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаа сурталчлах, ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус дөхөм болох болов уу гэдэг байдлаар зохион байгуулж байгаа ийм том арга хэмжээ юм. Анх 2006 онд зохион байгуулахад 10 мянга орчим хүн цугласан гэсэн тоо баримт байдаг. Одоо энэ тоо даруй 3 дахин нэмэгдсэн байна. Манай их газрын чулуу маань их өвөрмөц онцлогтой. Дээшээ босоо тогтоцтой. Бага газрын чулуу нь хэвтээ давхарлаад тавьсан юм шиг өвөрмөц тогтоцтой. Энэ 2 уул маань манай аймгийн 2 талд байршдаг. Их газрын чулууны онцлог ч гэдэг юм уу дээшээ босоо газраас ургасан мэт хэлбэртэй энэ газар байгалийн задгай театр маань байгуулагдсанаараа их онцлог юм. Энэ удаагийн арга хэмжээ нь ганцхан урлагийн наадам байсангүй. Ёс заншил, уламжлалаа харуулсан арга хэмжээнүүдийг ээлж дараатайгаар зохион байгуулсан өргөн утга агуулгатай наадам боллоо.  

      Их газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит юм. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг. Энэхүү театрын хажууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлсэн байдаг.

ХХ зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг «Сүүдэртийн улаан овоо» хэмээх газар 1931 онд төржээ. Монгол уртын дууг дэлхийн сонорт хүргэж, хүн төрөлхтний биет бус өвд оруулахад онцгой гавьяаг бүтээж чадсан хүн бол Н.Норовбанзад билээ.

Хосгүй их авьяаст уртын дуучин Н.Норовбанзад ХБНГУ, Польш, Унгар, Чех, Словак, Болгар, хуучин ОХУ, Югослав улс, баруун Европын Итали, Франц, Дани, Голланд, Норвеги түүнчлэн Ази тивийн Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Хятад, Япон, Афганистан, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд монгол уртын дууны гайхамшгийг мэдрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан түүхтэй.

Н.Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм.

Тус наадмыг энэ жил дотоод, гадаадын 40 мянга гаруй үзэгч, жуулчид ирж сонирхсон талаар зохион байгуулагчид онцолж байлаа. Одоо та бүхэнд тус наадмыг үзэж сонирхсон үзэгч Наранбаатарын сэтгэгдлийг хүргэе.

Наранбаатар: Энд хүмүүс өөрөө байгаллаг байдлаа анзаарч, хүн өөрөө байгалийн юм гэдгээ мэдэрч байна. Нутгаараа, Монголоороо бахархахаас өөр аргагүй тийм гайхамшигтай сайхан санагдаж байна. Тиймээс анги хамт олноороо энэ наадмыг үзэж сонирхож явнаа.

    Тус наадмын үеэр бид Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга Ууганбаяртай уулзаж наадамд хэрхэн оролцож байгаа талаар нь асуусан юм.

Ууганбаяр: Энэ наадамд ардын авьяастан, хүүхэд багачууд илүү түлхүү оролцлоо. Энд оролцохын тул бүтэн жилийн өмнөөс хүүхэд багачуудынхаа дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулж, дуулах дуу, бүтээлүүдээ сонгож бэлтгэсэн. Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр маань Нарны хүүхдүүд гэдэг тоглолтоо хийж байна. Ардын авьяастнууд маань бас оролцож байна. Мөн тайз гэрэлтүүлгийн шоу гээд энэ наадмын бүхий л үйл ажиллагаанд манай театрынхан идэвхтэй оролцлоо.

      “Их замбуу тивийн наран” буюу “Уяхан замба тивийн наран”  уртын дуу нь  Монголчуудын өдөр тутмын аж амьдралын баяр баясал, шүтээн, нарыг эрхэмлэн дээдлэх үзлийн дээд илэрхийлэл болон үүсчээ. Монголчууд балар эрт үеэс нааш нарыг эрхэмлэн дээдлэх онцгой зан үйлтэй билээ. “Эртний Сяньби нар гэр орныхоо үүдийг наран мандах зүгт харуулан барьдаг” байсан нь  нараа дээдлэх заншлын илэрхийлэл байжээ. Монголчууд аливаа ажил үйлс, баяр ёслолыг мандах нарнаар эхэлдэг нь нарыг дээдлэн хүндэтгэж байгаагийн тод жишээ юм.  Энэ нь мандаж буй нар адил ажил үйлс нь дэлгэрэн дэвжихийг бэлгэддэл гэж үздэг. Тиймдээ ч Монголчууд нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан даллага зохиож зан заншлийнхаа дээд түвшинд хүртэл хадгалж хөгжүүлсээр  иржээ. Эдгээрээс “Уяхан замбуу тивийн наран” гэдэг айзам уртын дууг Монголчуудын  наранд өргөсөн “ Нарны дуулал” гэж үздэг бөгөөд зуун зууны турш дуулсаар өнөө хүрсэн байна. Энэхүү дуу нь гэрийн найрын зан үйлээс төрийн дуу,  тайзны мэргэжлийн дуу, дуулал болон хөгжиж улмаар ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд Монгол уртын дууг бүртгүүлэхэд “Уяхан замбуу тивийн наран” дууг Л. Мөрдорж, Б. Шарав нарын хөгжмийн зохиолчдын найруулснаар ЮНЕСКО-ийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан байдаг.

Тэгэхээр Монголын төдийгүй дэлхийн өвд зүй ёсоор орсон бүтээл бол  “Уяхан замбуу тивийн наран” хэмээх энэхүү дуу бөгөөд хорвоо, дэлхий, хүний амьдрал, сансар  огторгуйн тухай өгүүлэх гүн ухаарлын  эгшиглэнт шүтээн юм.  “Уяхан замба тивийн наран“ буюу боржигин язгууртай аялгуугаар нь 1950-н хэдэн оноос хойш Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Норовбанзад арай цомхон болгож мэргэжлийн  тайзны уртын дуу болгон дуулжээ.

Жаа, Энэ баяхан замбуу тивийн наран

Илхэн дэлхий дээгүүрээ

Гайхамшигтай дэлгэрч түгээд

Мандан мандан мандагсаар л

Жаа, байдаг билүү дээ та мину зээ

            Жаа, тэр лугаа адил

            Олон түмний минь өршөөл

            Үнэн сэтгэлтэй бүхнийг

            Ялгалгүй асарсаар л

            Жаа, байдаг билүү дээ та мину зээ

Жаа, үүлэн чөлөөний наран мэт

Өчүүхэн явах энэ насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг

Жаа, биш үү та мину зээ

            Жаа, идэр залуу цовоо сэргэлэн насандаа

            Эс сурсан эрдэм номыг

            Өтөлж харьсан хойноо

            Эргэж сурна гэдэг нь

            Жаа, бэрх биш үү та мину зээ.

         Хурай хурай хурай!  хэмээх үгтэй “Их замбуу тивийн наран” дуу нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үед Монголын уудам нутагт өргөн тархжээ. Энэхүү дуу нь “Мөнх Тэнгэрт гэрэлтэх “Нар” сав шимийн их ертөнцийн сайн мууг ялгалгүй илч гэрлээрээ ивээн тэтгэж, түүний илчийг бие, оюундаа шингээсэн хүмүүн хэмээхийн төрөх, амьдрах, халих зэрэг нь Тэнгэрийн хуулиар л болдог.  Түүнийг зөрчих учиргүйг далд утгатаа өгүүлсэн гүн сэдэлт дуу  юм. Ялангуяа халх дөрвөн аймгийн хүрээнд ямар нэг хүчний бэлгэдэлт шинжтэйгээр дуулагддаг байжээ. Дундговь, Дорноговь аймгийн зарим нутагт “Замба тивийг өдөрт нэг л удаа дуулах ёстой” гэсэн дүрэмтэй. Учир нь энэ дуунд эрхэм дээд, хүчирхэг эрчим хүч шингэсэн учир олон дуулвал дуучинд, тухайн дууг дуулсан айлд  хүнддэнэ гэх бишрэн шүтэх үзэлтэй холбоотой. Мөн Засагт Хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд зөвхөн ноёны дуучид дуулдаг байсан байна. Энэхүү гайхамшигт дууг бүрэн эхээр нь сонсохдоо Монгол түмнийхээ хязгааргүй уужим оюун ухаанд итгэж, Мөнх Тэнгэрийн хүчин дор даян дэлхий амар амгалан, тэгш шударга оршин байхыг төсөөлөх нь бүтээлийн зорилготой нийцэх юм. Ер нь уртын дууны үг гүн утга учиртай байдаг тул дуулах, сонсох тэр агшинд, уран сайхны  дүрээр амилж, сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж нөлөөлдөг байна. Уртын дуу түүний яруу найраг, хөг аялгуу үүсч бүтээгдэх, дуулах соёл нь Монголын ард түмний амьдрал, хэл соёл, ёс заншил, зан үйл, оюун сэтгэлгээтэй нягт холбоотой. Тиймээс уртын дууны урлагаас монголчуудын ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны сэтгэлгээ, явуут зохиох авьяасыг таньж болно. Нүүдэлчин монголчуудын орон зайн сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, ерөнхийгөөс тодорхой руу шилжиж сэтгэх монгол арга барилын илтгэсэн “Их замбуу тивийн наран” хэмээх энэ дууг монголчууд төдийгүй даян дэлхийн уртын дуу сонирхогчид мэдэх билээ. Монголчууд сав шим ертөнцийг тэнгэр-газар-амьдралын хэлхээ, шүтэлцээ гэж балар эрт цагаас төсөөлж, тэрхүү төсөөллөө мэдлэг, үзэл баримтлал болтол хөгжүүлж, улмаар өдөр тутмын зан үйлийн хэрэглээ болгож өнөөдрийн амьдралаа зохицуулж, ирээдүйн сайн сайхан амьдралаа бэлгэддэг юм. Нүүдэлчин монголчуудын тэнгэрлиг, оюунлиг, бас бодит, эрчимлэг сэтгэлгээг “Их замбуу тивийн наран” дуунаас сонсож болно. Энэхүү гайхамшигт бүтээлээ монголчууд хүн төрөлхтөнд зориулсан билээ.

Үзсэн: 1858