Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

НҮБ ба Монгол Улс


Densmaa 2023-10-31 10:10

1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсон юм.

     Өнгөрсөн ХХ зуун Монгол Улсын түүхэнд олон чухал үйл явдлаар дүүрэн зуун байлаа. Тэртээ 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 онд Ардын засгийн газрыг байгуулж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй. Олон улсын засгийн газар хоорондын түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага билээ. 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор үүссэн энэхүү байгууллагад эдүгээ дэлхийн 190 гаруй улс гишүүнээр нэгдэн ороод байна. НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан товхинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг. Энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол Улс эхнээс нь оролцох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд НҮБ-ын гишүүн болох өргөдлөө анх 1946 оны 6 дугаар сарын 24-нд албан ёсоор гаргажээ. Гэвч НҮБ-д элсэх зам манай улсын хувьд шулуун дардан байсангүй. Бүхэл бүтэн 15 жилийн турш үзэл суртлын сөргөлдөөн, хүйтэн дайны хатуу уур амьсгалыг даван туулж, тууштай тэмцэж ирсний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсон юм. Тухайн үед НҮБ-ын гишүүн байсан 100 орчим улс орон бүгд Монгол Улсын төлөө саналаа өгсөн байдаг. Манай орны хувьд энэ нь улс төр, дипломатын үнэлж баршгүй том амжилт бөгөөд тусгаар тогтнол, улс төрийн чухал баталгаа болсон юм. Улмаар олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломж нээгдсэн билээ.

    1961 онд НҮБ-д элсэх үедээ манай улс ердөө 19 оронтой дипломат харилцаатай байжээ. Харин НҮБ-ын гишүүн болсноор бусад улс орнуудын Монгол Улстай дипломат харилцаа тогтоох эрмэлзэл, эрх зүйн үндэс, улс төрийн орчин эрс өөрчлөгдөж, эдүгээ 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Манай улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элсжээ. Энэ нь дэлхий ертөнцөд манай улсын эзэлж буй орон зай, хүлээсэн үүрэг өргөн болсны гэрч гэдгийг НҮБ-ын Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэг хэллээ.

С.Эрдэнэбилэг: Манай орон НҮБ-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш 4 жилд нэг удаа батлагддаг НҮБ-ын тусламж хөтөлбөрөө МУ-ын Засгийн газартай ярилцаж, зөвлөлдөөд ямар салбарт нь ямар тусламж үзүүлэх үү гэдгээ тохироод тэр хэмжээгээр манай улс тусламж дэмжлэг аваад явдаг. Манай улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон. Үүнд улс төр, эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн асуудал, байгаль орчин, хүний эрхийн асуудал гээд энэ бүх асуудалд манайх оролцож, тодорхой байр сууриа илэрхийлээд явдаг. Сүүлийн үед манай оролцоо дэлхийн олон нийтийн анхаарлыг их татаж байна. Ер нь улсын байр суурь гэдэг тухайн орны идэвх, тухайн орны хөгжил, тухайн орны эдийн засгийн байдалтай холбоотой. Түүхий эдийн бүтээгдэхүүний хувьд манайх нэлээн чухал газар. Тэр хэмжээгээр олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг их татаж байна. Олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг татна гэдэг улс төрийн ашиг сонирхол нь ч татагдана. Тэр чинээгээрээ манай улсын үүрэг роль нэмэгдэнэ. Манай улс ялангуяа далайд гарцгүй улс орны асуудлаар нэлээд идэвхтэй байр суурь баримталдаг. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог. Мөн НҮБ-д манай улсаас олон хүн ажилладаг. Энэ бүгд манай улсын нэр хүндэд их нөлөөтэй юм.

      Монгол Улсад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв 2018 онд байгуулагджээ. Тус олон  улсын судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой судалгаа хийх, олон улсад хийгдсэн судалгаа, мэдээ мэдээлэл, статистикийн тоо баримтыг ашиглах замаар олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү үр ашиг хүртэх, эрх ашгаа хамгаалах дуу хоолойг нэгтгэх, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм. Үргэлжлүүлэн та бүхэнд ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаагийн яриаг сонсгоё.

Д.Гэрэлмаа: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудлаар манай улс маш идэвхтэй ажилладаг. Үүний нэгэн жишээ нь манай дипломатуудын олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд УБ хотноо олон улсын засгийн газар хоорондын Далайд гарцгүй орнуудын судалгааны төв байгуулагдсан явдал юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн асуудал, ардчилалын боловсролын асуудал зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлээр МУ идэвхтэй ажилладаг.

      Өнгөрсөн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлсэн нь үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсоор байна. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай орон дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байдаг. Энэ хүрээнд 1963 оноос эхэлж НҮБ-аас олон сая ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн туслалцаа аваад байгаа билээ. Одоо та бүхэнд тэрхүү тусламж дэмжлэгийн хүрээнд амьдралын чанараа сайжруулж чадсан СХД-ийн 31-р хорооны иргэн Батсүхийн яриаг сонсгоё.  

Батсүх: Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн. 1966 онд 10 дугаар ангиа төгсөөд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангид орж төгсөөд Өвөрхангай аймагт хуваарилагдсан. Хөдөө хамгийн сүүлд 1 дүгээр 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1999 онд хотод шилжиж ирсэн. Тэр үед манай хороо,  манай гэрийн орчмоор айл байгүй. 2, 3 жил гэрэлгүй, ус ч байхгүй байсан. НҮБ-ын Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл байдаг гэж сонсоод тэр төсөлд хамрагдаж манай үүгээр их олон ажил хийгдлээ. Далан, явган хүний зам, гэрлэн чийдэн, үерийн хамгаалалт олныг хийсэн, мөн гүүр, худаг хүртэл барьж өгсөн байна. Мөн цэцэрлэг сургууль гээд барьж байна. Хороодын барилгыг мөн барьж байна. Хамгийн сүүлд гэхэд энд их гоё гэрэл тавьж өгсөн. НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төслүүд ард түмний амьдрал ахуйд маш их үр дүнтэй төсөл гэж ойлгож талархаж явдаг. Зөвхөн манай дүүрэг хороонд биш бусад дүүрэг хороонд НҮБ-ын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Бас нэг жишээ дурдахад 2019 оны 1 сард би Франц улс руу хүүхэд дээрээ очсон юм. 3 сарын хугацаатай очсон боловч өвчлөл гараад яахаа мэдэхгүй байдалд орчихсон. Гэтэл НҮБ-аас өндөр настай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өөрийнхөө зардлаар эх оронд нь хүргэж өгч туслалцаа үзүүлж байгааг дуулаад, холбогдоод ямар ч саадгүйгээр эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд тусгаарлалтанд байх хугацааны зардлыг хүртэл өгөөд дээрээс нь тусламж болгож мөнгө өгч байна гэдэг бол ховор тохиолдол. Энэ мэтчилэн монголчууд НҮБ-ыг сайн мэднэ.      

     Монгол улс НҮБ-д элссэн цагаас хойшхи хугацаанд НҮБ, түүний системийн удирдах байгууллагад сонгогдон үүрэг гүйцэтгэж ирсэн нь бахархалтай. Тодруулбал, НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагаас Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан юм.

       НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцлон сайшааж байгаа юм. Үүний нэг жишээ бол НҮБ-ийн мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй явдал билээ. Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэргийн хоёр ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга  зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байжээ. Энэ цагаас хойш энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 20 гаруй мянган цэргийн алба хаагчийг илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Тухайлбал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна. Түүнчлэн 2006 оноос хойш 900 орчим эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна. НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхийн энх тайвны төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг бол, алба хаагч хүний хамгийн бахархалтай зүйл байдаг. Тэр ч утгаараа алба хаагчдаас тэсвэр тэвчээр ур чадвар ихээхэн шаарддаг байна.  Иймээс алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд явахыг өмнө Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 45-90 хоногийн сургалт бэлтгэл хийдэг. Уг сургалтаар дайн, зэвсэгт мөргөлдөөн зэрэг цагийн байдлыг зохиомлоор бий болгоод түүнд дасан зохицох, ард иргэдийг хамгаалах гэсэн бэлтгэл сургуулилтыг хийдэг. Ингэж бэлтгэгддэг учраас манай улсын бүх алба хаагчид тухайн очсон газартаа үүргээ нэр төртэйгээр биелүүлж чаддаг гэж Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр хэллээ.

Б.Отгонбаяр: 2002 онд анх Даваадорж, Ерөөлцэнгэл гэсэн хоёр хурандаа Бүгд найрамдах ардчилсан Конго улсад мөн дараа нь тус оныхоо 12 сард Баруун Сахар улсад өнөөгийн зэвсэгт хүчний, жанжин штабын дарга дэслэгч Генерал Ганзориг хошууч цолтой байхдаа мөн хурандаа Өлзийбаяр дэд хурандаа цолтой байхдаа энхийг дэмжих ажиллагаандаа үүрэг гүйцэтгэж анхны шанг татсан. 2003 онд Иракийн эрх чөлөө дайны дараах сэргээн босголт олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ Иракийн ажиллагаанд манай улсаас 10 ээлжээр 1200 гаруй цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байдаг. 2005 онд Сьерра Леон улсад Олон улсын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Бүгд найрамдах Судан улсад цэргийн хөдөлгөөнт хээрийн хоёрдугаар бүлгийн бүрэлдэхүүнээр манай эмч, сувилагч нар, нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд, цэргийн албан хаагчид орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Мөн Бүгд найрамдах өмнөд Судан улсад 10 ээлжийн бие бүрэлдэхүүн, 850 хүний бүрэлдэхүүнтэй мото буудлагын батальон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Харин өдгөө Өмнөд Судан улсад  11-р ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

     Мөн энхийг сахиулагчид очсон газартаа зөвхөн ажиллагааны үүрэг гүйцэтгэхээс гадна төрөл бүрийн сургалтад тогтмол хамрагдаж өөрсдийн мэдлэг ур чадварыг сайжруулдаг. Түүнээс гадна зэвсэгт хүчний анги байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагыг сурталчлах өдөрлөг хийх, дайнд нэрвэгдсэн иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, дайны дараах бүтээн байгуулалтад оролцох гээд олон үүргийг давхар биелүүлж, монгол цэргийн суу алдрыг олон улсад мандуулдаг гэлээ. 

Б.Отгонбаяр: Данко марш гээд олон улсын уралдаан болж байхад манай Монгол цэргүүд эхний 1-ээс 10 хүртэлх байруудад орж ирдэг. Энэ мэтчилэн Монгол цэргийн тэсвэр тэвчээр, ур чадвар бол үнэхээр дэлхийд нэр хүндтэй байна гэдгийг бид бүхэн хүлээн зөвшөөрсөн. Цэргийн багийн захирагч удирдлагын хувьд бол бие бүрэлдэхүүнийхээ сургалт бэлтгэл,  цэргийн албаны зохион байгуулалт, соёл хүмүүжлийн ажил, ахуй хангалтын тал дээр нь анхаарал тавих ийм чиглэлээр нэлээд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Үүний үр дүнд ч гэсэн манай энхийг сахиулагчид маань ажиллагааны газар орон дээр сахилга зохион байгуулалттай мэдлэг, ур чадвар, дадлагын хувьд бол үнэхээр гайхалтай байж чаддаг. Бас ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нь Монгол улсын, төр засгийн тэргүүнүүд,  батлан хамгаалах яам, жанжин штабын удирдах бүрэлдэхүүн Ирак, Афганистан, Өмнөд Судан улсад очиж үүрэг гүйцэтгэлтэй нь танилцаж байсан. Энэ үед бол үнэхээр монгол цэргийн тэсвэр тэвчээр хатуужлыг тухайн улс орны төрийн тэргүүнүүд, цэргийн мэргэжилтнүүд, иргэд бол өндрөөр үнэлж авдаг гэдгийг харж байсан.

      Манай улс дэлхийн энх тайвныг сахиулах ажиллагаанд цэрэг дайчдаа илгээхээс гадна цэргийн бүтэн баг явуулсаар ирсэн. Тодруулбал, 2003-2008 онуудад Монгол улсын зэвсэгт хүчний 1200 орчим дайчид Олон үндэстний төв, өмнөд дивизийн бүрэлдэхүүнд анх удаа цэргийн багаараа оролцсон байна. Эх орноо төлөөлөн ажиллагааны газар очиж үүрэг гүйцэтгэсэн эдгээр цэргийн багууд мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү хүндэтгэлийн жагсаалд оролцжээ. Ийнхүү Монгол цэргүүд өнгөрсөн 20 жилийн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд идэвхийлэн оролцож дэлхийн өнцөг булан бүрд энх тайвныг сахиулсан юм. Эхнийг сахиулах ажиллагаанд Монгол улс цэрэг дайчдаа илгээн оролцуулж буй явдал нь НҮБ-ийн зорилго үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамран ажиллаж байгаагийн нэгэн том илэрхийлэл юм.

Үзсэн: 642

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна