Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд...
МУИС нь дэлхийн 100-аад орны 1000 гаруй их сургуулийг хамарсан Франц хэлтэй их, дээд сургуулиудын холбооны гишүүн юм. Иймд МУИС-ийн франц хэлний дипломыг тэдгээр 100 гаруй оронд хүлээн зөвшөөрдөг аж.
Монгол Франц улсын дипломат харилцаа тогтоосон түүх 1965 оноос эхэлдэг. Харин хоёр өөр тивд орших, газар нутгийн хувьд нэг нэгнээсээ алслагдсан энэ хоёр орныг холбосон түүх тэртээ XIII зуунаас эхлэлтэй. XIII зууны дунд үед Францын Гэгээн Луй ван өөрийн элч төлөөлөгчийг Их хааны сууж байсан Хархорум хот руу илгээсэн нь манай хоёр орны хоорондох анхны дипломат харилцаа байсан гэж хэлж болно.
Харин орчин цагийн Монгол-Францын соёл, боловсролын харилцааны түүхээс үгүүлбэл Монгол Улс тусгаар тогтнолоо буцаан олж авсны дараа буюу 1923 онд Франц улсад оюутнуудаа илгээж байжээ. Францад бэлтгэгдсэн сэхээтнүүдийн үе удам өнөөдөр ч Монголын нийгэм болоод соёл урлагт тэргүүлэх байр суурь эзэлсэн хэвээрээ байна.Эдүгээ манай улс франц хэлийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр заадаг.
Франц хэлний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх албан сургалтыг МУИС-ийн хэл бичгийн факультетэд 1963-1964 оны хичээлийн жилээс эхэлжээ. Түүнчлэн 1958-1959 оны хичээлийн жилд улсын багшийн дээд сургуулийн дэргэд франц хэлний 2 жилийн курс нээгдэн нэг удаагийн төгсөлт хийсэн байдаг.
Харин хүүхдүүдэд зориулсан франц хэлний албан бус анхан шатны сургалтыг тухайн үеийн Монголын пионерийн ордны дэргэд 1970-1971 оны хичээлийн жилд нээн 3.5 жилийн хугацаанд 120 гаруй сурагчийг хамруулж байжээ. Үүнээс хорь орчим жилийн дараа 1994 онд Монголын хүүхдийн ордны дэргэд франц хэлний дугуйлан дахин нээгдсэн байна. Мөн Монгол-Францын төвд хүүхэд, залуучуудад зориулсан франц хэлний сургалт 2005 оноос хичээллэж байна.
Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад франц хэлийг заах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа МУИС-ийн 3 багшийг БНФУ-ын нэр хүнд бүхий одонгоор шагнасныг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себистиан Сүрүн гардуулан өгсөн юм. Шагнал гардуулах ёслолын үеэр бид Элчин сайд Себистиан Сүрүнтэй хэдэн хором хөөрөлдлөө.
Элчин сайд Себистиан Сүрүн: Өнөөдөр франц хэлтэй 3-4 мянган Монгол мэргэжилтэн Монгол Улсад байна. Франц хэлний багш нарын тухайд гэвэл Монгол Улсад франц хэлийг заагаад зогсохгүй Францын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Францын компаниудад мэргэжилтэн бэлгэж өгч байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Энэ онд анхны 6 Монгол оюутан Франц Улсад очиж суралцсаны 100 жилийн ой, мөн МУИС-д франц хэл зааж эхэлсний 60 жил ой тохиож байна. Миний мэдэж байгаагаар XVIII, XIX зууны Францын утга зохиолыг монголчууд олноороо сонирхон судалдаг. Хэдийгээр та англи, хятад, япон гэх мэтчилэн олон хэлийг сурч болох боловч франц хэлийг сонгон хэрэглээний болон мэргэжлийн
Асуулт: Энэ жил БНФУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчилснаар хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж, энэ хэрээр ойрын ирээдүйд франц хэлтэй мэргэжилтэн олноороо хэрэгцээтэй болж байна. Мэргэжилтэн бэлтгэх тал дээр хэрхэн анхаарах вэ?
Элчин сайд Себистиан Сүрүн: Тиймээ, тиймдээ ч бид илүү олон франц хэлтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр орны их сургуулиудын хоорон олон шинэ гэрээ хэлэлцээр байгуулагдаж байна. Энэ нь зөвхөн Монголоос Франц руу оюутанууд сургаад зогсохгүй Францын оюутнуудыг Монголд сургах асуудлыг багтааснаараа онцлог. Ингэснээр тэд Монголын амьдрал, соёл, онцлогийг илүү танин мэдэж шинжлэх ухаан, соёл боловсролын салбарт хоёр орон харилцан тэгш оролцох боломжтой болж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг оюутнууд Франц улсад суралцах болсон. Одоогийн байдлаар яг ийм шилдэг 13 оюутан Францын их, дээд сургуульд суралцахаар яваад байна. Оюутнууд Монголдоо нэг жил хэлний бэлтгэлд суугаад Франц руу явж байгаа юм. Эдгээр оюутнууд Францид очоод амжилттай суралцана гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр МУИС өнгөрсөн 60 жилийн уламжлал, туршлагад тулгуурлан Франц хэл, соёл, Франц судлалын салбарыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ улсын хэмжээнд франц судлалын бодлого, хэтийн төлөвийг тодорхойлсон сургалт, судалгааны төв байж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхааран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Францын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа талаар Монгол Улсад франц хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн үеэр МУИС-ын ректор Д.Бадарч баяр хүргэж хэлсэн үгэндээ онцолж байлаа. Одоо та бүхэн МУИС-ын ректор Д.Бадарчийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Д.Бадарч: Сүүлийн жилүүдэд Монгол-Францын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. ЮНЕСКО-гийн ерөнхий бага чуулганд оролцох энэ үеэрээ Францын 2 их сургуультай уулзаж, танилцлаа. Сорбонны их сургууль хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хүмүүнлэг, биологи, химийн чиглэлээр өргөжүүлэх хамтран ажиллах сонирхолтой байна. Удаах нь Парисын их сургуультай оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн 10 сард Нант хотноо Чингис хааны талаар үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнгийн франц талын эрдэмтэн, куратор Мария МУИС-ын түүхийн салбарын оюутан солилцооны асуудлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тус сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн маш хүчтэй факультеттэй. Магистр, докторын хөтөлбөрийг эрчимжүүлэх бололцоотой болж байна. Версалийн их сургуультай өмнө нь гэрээтэй байсан. Гэрээгээ сунгах саналыг Версалийн их сургууль тавьж байна. Энэ бүгдээс харвал Францын их сургуулиуд МУИС-тай бүхий л талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны илрэл гэж харж байна.
Өнөөдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Европ судлалын тэнхимд Франц хэл, орон судлал, ерөнхий шинжлэл, орчуулга зүйн онол, аргазүйн суурь мэдлэгтэй, хоёр хэлний бичгийн болон аман орчуулгын өндөр чадвартай, хөрвөх ур чадварыг эзэмшсэн мэргэжилтгүүдийг бэлтгэн гаргаж байна. Бид Европ судлалын тэнхимийн эрхлэгч, франц хэлний багш Н.Мөнхөөс франц хэлний хөтөлбөрийн талаар асууж сонирхсон юм.
Н.Мөнх: МУИС-ийн хэмжээнд 200 гаруй оюутан франц хэл судалж байна. Гадаад хэл орон судлал, орчуулга гэсэн хоёр хөтөлбөрөөр явдаг. Энэ 60 жилийн хугацаанд 500 гаруй оюутан суралцаж төгсжээ. МУИС Франц, Швейцарь, Бельгийн олон сургуультай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Мөн дэлхийн франц хэлтэй их дээд сургуулиудын холбоо гээд 100 орчим орны 1000 гаруй их сургуулийг хамарсан холбооны гишүүн. Өөрөөр хэлбэл энэ нь манай дипломыг олон улсад хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах оюутнууд гэрээнд заасны дагуу хөнгөлттэй сурдаг. Одоогийн байдлаар франц хэлний мэргэжилтэнг зөвхөн МУИС бэлдэж байна. Төгсөөд ажлын байрны хувьд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Ялангуяа Монгол Францын харилцаа сүүлийн үед их хөгжиж байна. Хоёр улсын төрийн тэргүүн харилцан айлчлал хийж, эдийн засаг, бизнесийн харилцаа тэлжээ. Тийм учраас хэлний мэргэжилтэн хэрэгтэй байна. Энэ тал дээр франц хэлний оюутнуудад ажлын байр нээлттэй байна.
Асуулт: Францад монгол судлал хэр хөгжиж байна вэ?
Н. Мөнх: Францын Монгол судлалын хувьд их хүчтэй. Францад Дорно Дахины их сургууль гэж байдаг. Тэр сургуульд монгол судлаач, монголын хэл соёлын мэргэжилтэнг бэлддэг. МУИС тус сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд манай монгол хэлний багш нар Дорно дахины их сургуульд багшилж байна. Тэндхийн эрдэмтэн судлаач нар Монгол-Франц судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Монгол улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой болон олон улсын франц хэлний багш нарын өдрийг тохиолдуулан Францын Боловсролын яамнаас МУИС -ийн Европ судлалын тэнхимийн профессор, франц хэлний багш Б.Алтангүлыг “Эрдмийн далдуу модны офицер” цолоор, МУИС-н сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга, франц хэлний багш С.Булгантамир болон МУИС-ийн Европ судлалын тэнхимийн профессор Л. Дорждэрэмийг “Эрдмийн далдуу модны хүлэгт баатар” цолоор тус тус шагнасан юм. Энэхүү шагналыг 1808 онд Францын эзэн хаан Напалеон Бонапард анх санаачилсан түүхтэй бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг мэргэжилтнүүдэд гардуулдаг аж. Бид Эрдмийн далдуу модны офицер цолоор шагнуулсан профессор Б.Алтангүлтэй уулзаж сэтгэгдлээс нь хуваалцсан юм. Тэрээр 1990 онд МУИС-ийн Франц хэлний ангид элсэн орсноосоо хойш 30-аад жил тасралтгүй франц хэлийг зааж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа багш юм.
Б.Алтангүл: Монгол хүн аливаа хэл сурахдаа авьяастай гэж ярьдаг. Учир нь юу гэхээр монгол хэлний хэлний тогтолцоо нь гийгүүлэгч ихтэй. Эхний үеэ л өргөдөг. Дараа нь дандаа гийгүүлэгч явдаг хатуу хэл. Тийм бэрхшээлтэй хэлийг анхнаасаа эх хэлээ болгосон ард түмэн бусад хэл сурахдаа авиа зүйн дуудлага талдаа төвөггүй сурч чаддаг юм байна лээ гэж хэл шинжээч хүний хувь үзэж байна. Тэгээд монгол хүн хэлийг хурдан сурдаг мөртлөө тууштай байж чаддаггүй. Бид тууштай байж чадвал бусад бүх зүйлийг сурах боломжтой гэж хардаг.
Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жил ойн үеэр “Эрдмийн далдуу модны хүлэгт баатар” цолоор шагнуулсан франц хэлний багш С. Булгантамиртай уулзаж гадаад хэл сурахын ач холболдлын талаар асуусан юм. С. Булгантамир багшийн хувьд Франц хэлний монгол багш нарын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сүүлийн 6 жил тэргүүнээр нь ажиллаж байгаа аж. Тэрээр МУИС-ын франц хэлний багш нартай хамтран 10 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг орчуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.
С.Булгантамир: Би франц хэлийг сураад 30 гаруй жил болж байна. Харин франц хэлийг заагаад 20-оод жил болж байна. Гадаад хэл сурна, тухайн ард түмний соёл түүхийг судлана гэдэг нь маш гайхалтай. Хүний оюуны сэтгэлгээг өргөжүүлдэг, хүн нэг жижигхэн цонхоор ертөнцийг харахаас илүүтэйгээр олон цонхоор ертөнцийг харах шал өөр. Би франц хэл сурсан даа маш их талархаж явдаг. Тийм ч учраас хүүхэд залуустай аль болох олон хэл сурч оюуны царааг тэлээсэй гэж хүсдэг. Хэрвээ та гадаад хэл сурах гэж байгаа бол тухайн ард түмний онцлог соёл, хэлний гол чагт оньсыг сонирхох хэрэгтэй. Уран зохиол, түүх, гүн ухааныг нь шимтэн дурлах юм бол монгол хүн ямар ч асуудалгүй гадаад хэл сурдаг. Дуудлага, хэл зүй ямар ч асуудалгүй болно. Хамгийн гол нь хүнийг сэдэлжүүлдэг зүйл нь дурлаж, хайрлаж судалвал гадаад хэл төвөггүй сайн сурна гэж багш хүний зүгээс бодож байна.
Монгол-Францын харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаа өнөө үед дэлхийн хамгийн түгээмэл хэлний тоонд зүй ёсоор багтдаг франц хэлийг Монголын хүүхэд залуус улам ихээр шамдан сурах нь дамжиггүй биз ээ.
Үзсэн: 1299
Tweet