Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Боомтын сэргэлт


Densmaa 2024-04-10 09:04

Монгол Улсад 39 боомт эрх зүйн хүрээнд байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 24 боомтоос өнөөдрийн байдлаар 8 боомт дээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна.

    Монгол улсын засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран “Боомтын сэргэлт үндэсний форум”-ыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Тус форумаар боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, боомтын өнөөгийн байдал, улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны стратеги зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн далайн эрх зүйн тухай конвенц, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, худалдаа тээврийг хөнгөвчлөх талаар хэлэлцсэн юм.

Монгол улсын засгийн газрын 2020 оны 9-р сарын тогтоолоор Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулсан. Тус хороо нь 20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хилийн боомтын бодлого стратегийг тодорхойлж засгийн газрын хуралдаанд өргөн барих чиг үүргийг хүлээдэг. Үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Боомтын сэргэлтийн үндэсний хороо нь 40 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн форумаар хорооныхоо үйл ажиллагааг таниулах, цаашдаа хийж хэрэгжүүлэх бодлогын чиг хандлагыг тодорхойлох зорилготой гэдгийг Боомтын сэргэлтийн үндэсний хорооны ажлын албаны дарга Н.Нарангэрэл хэллээ.  

Н.Нарангэрэл: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргасан шийдвэрүүд ямар үр дүнд хүрэв, тус хорооны гол гол ажлууд юу байв гэдгийг олон нийтэд тайлагнах. Хоёр дахь том агуулга бол цаашид боомтын сэргэлтийн хороо ямар бодлого барих вэ, хувийн хэвшил ямар бодлогыг хүсэн хүлээж байна гэдгийг нэгтгэн дүгнээд хорооны хурлаар оруулан төр засгийн түвшинд хүргэх зорилгоор энэ удаагийн форумыг хийж байна.  1990 оноос өмнө хилийн боомт гэдгийг хил зөрчигч гарахгүй, хил хяналтын байгууллага мэтээр ойлгож байсан. Харин 1990 оноос гадаад худалдаа чөлөөтэй болсноос хойш татвар хураадаг гаалийн байгууллага мэтээр ойлгодог болсон. Иймээс энэхүү форумаар дамжуулан боомт гэдэг ойлголтыг агуулгаар нь өөрчлөх зорилго бас агуулж байгаа. Боомт бол өөрөө худалдаа эдийн засгийн гол тулгуур төв. Энэ утгаараа боомтын эрх зүйн орчин буюу боомтын тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Энэ форумаас тухайн хуулийн төсөлд тусгах саналууд мөн гарах байх. Монгол улс өнөөгийн байдлаар 39 боомттой боомт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогт нь тохирсон төлөвлөлтүүдийг хийх ёстой. Иймээс бүтэн өдрийн турш боомтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийж байна. Бүх зүйлийг төр өөрөө хариуцаж хийх биш төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тэр дундаа хувийн хэвшлийн оролцоо ихтэйгээр төлөвлөхийг зорьж байна.

      Манай хөрш улсууд гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдыгаа маш өндөр түвшинд авч үздэг байна. Түүнчлэн тэдгээр хүрээлэнгүүдийн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг. Иймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамран ажиллаж эхэлжээ. Манай улсын хувьд боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа бөгөөд энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байна. Иймд тус хорооны зүгээс төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад боомтын менежментийн чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа юм. Боомтын сэргэлтийн үндэсний хороо эрдэмтэн судлаачидтайгаа хамтран цаашид энэ талаар илтгэл, лекц, судалгаа, бодлогын шинжтэй асуудлыг өргөн хүрээнд танилцуулахаар ажиллаж байна.

Монгол Улсад 39 боомт эрх зүйн хүрээнд байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 24 боомтоос өнөөдрийн байдлаар 8 боомт дээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Гурван боомтын цогцолбор бүрэн дуусаж ашиглалтад орсон бол, гурван боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Ковидын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад өнөөдөр гадаад худалдааны хэмжээ эрс өсөж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт хоёр дахин нэмэгдсэн үр дүнтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2022-2024 онд  гадаад худалдаа, экспортын хэмжээгээ 14 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол боомтуудын үйл ажиллагааг тэлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр гадаад худалдаагаа 15.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга: Монгол улсын засгийн газраас 2022 онд баталсан шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт боомтын сэргэлтийн эхний үе шат 2022-2024 онд хэрэгжиж дууссан. Боомтын сэргэлтийн хүрээнд эхний ээлжинд боомт руу холбогдож байгаа авто замыг сайжруулах, боомтын цогцолборын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтыг ашиглаж бүтээн байгуулалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 8 боомтын бүтээн байгуулалтын ажил явагдаад үндсэндээ 3 боомтын цогцолбор бүрэн дуусаж ашиглалтад орсон. Хувийн хэвшлийн авто зам төмөр зам, мөн тээврийн хэрэгслийн терминал, жолоочгүй тавцан тээврийн бүтээн байгуулалт нь дуусаж ашиглалтад орсон. Боомтын сэргэлтийн 2 дахь үе шат 2025-2028 он хүртэл хэрэгжинэ. Энэ үе шат хэрэгжихэд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлж явуулахаас гадна боомтын менежмент дээр цоо шинэ хэлбэрүүдийг оруулж турших стратегийг баримталж байна. 1990 он хүртэл боомтууд хил хамгаалах байгууллагын удирдлага дор байсан. 1990 оноос иргэд маань ганзагын наймаа хийж чөлөөт зах зээл рүү орж эхэлснээс хойш гаалийн байгууллага хилийн боомтуудын менежментийг хариуцдаг болсон. Гаалийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох татвар хураах хяналт тавих мөн хилийн боомтын менежментийн чиглэлийн үйл ажиллагааг давхар хариуцаж байна. Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагын үндсэн үүрэгт байхгүй үйл ажиллагааг явуулдаг болсон гэсэн үг. Үүнтэй холбоотой боомтуудын үйл ажиллагааны уялдаа алдагдсан. Боомтоор үйлчлүүлж байгаа иргэд бизнес эрхлэгчдэд хүндрэлүүд гардаг болсон. Иймээс  боомтын сэргэлтийн үндэсний хороог 2 жилийн өмнөөс Хилийн боомтын захиргааны хамт байгуулж энэ асуудлыг зохицуулсан. Гэхдээ боомт тус бүрийн үйл ажиллагааг дагнан авч явах компанийг байгуулж амжаагүй байгаа. Тийм учраас дараагийн ээлжид энэ хатуу дэд бүтцийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг улсын нэрийн өмнөөс эзэмшиж өмчилж боомтуудын үйл ажиллагааг өдөр тутам зохицуулж байх ААН корпорацыг байгуулах шаардлагатай байна. Менежмент удирдлагын шинэ хэлбэрийг оруулж ирэхдээ бүх ажиллаж байгаа боомтууд дээр оруулж ирэх юм бол бас өрөөсгөл болно. Тийм учраас боомт тус бүрээр ангилж тухайн боомтын онцлогт тохирсон удирдлагын менежментийн хэлбэрүүдийг сонгож ААН компани корпорацыг байгуулах замаар явуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Энэ корпорацууд өмчлөлийн хувьд дан төрийн өмчийн байж болно. Зарим тохиолдолд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явах нь илүү үр дүнтэй, илүү хурдан шуурхай болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Цаашид боомтыг зөвхөн гарц орцын хэмжээний цогцолборын түвшинд сэтгэдэг байсныг өөрчилж боомтыг бүс нутаг, орон нутаг, хотын хэмжээнд төлөвлөх газрыг нь тогтоож өгөх шаардлага үүсэж байгаа юм. Ингэснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, тухайн боомтын бүс нутагт амьдарч байгаа иргэд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах,  тухайн боомтын үйл ажиллагааг дэмжиж оролцох нөхцөл бололцоо илүү нээгдэнэ.

   Өнгөрсөн хугацаанд боомтын сэргэлтийн хүрээнд 715 тэрбум төгрөгийг боомтуудын цогцолбор байгуулах, хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Үүнээс гадна гаалийн шинэчлэл, боомт руу тавигдах авто зам, төмөр замуудад улсын төсвөөс хөрөнгө зарцуулсан юм. Түүнчлэн 2024 онд боомтын сэргэлтийн бүтээн байгуулалттай холбоотой 350 тэрбум төгрөгийг 3-4 боомтын бүтээн байгуулалт зарцуулахаар шийдвэрлэжээ. Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боомтын үйл ажиллагааг өргөтгөх хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, боомт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн чадавхтай байх асуудалд анхаарч ажиллана гэдгийг албаныхан мэдээллээ.

    Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино. Иймээс боомтын сэргэлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэллээ. 

Б.Тулга: Жишээлбэл гурван боомт дээр хувийн хэвшлийн төлөөлөл хөрөнгө оруулалт хийгээд бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа энэ жишээнээс харахад цаашид эрх зүйн хувьд ойлгомжтой болгох, улам дэмжих чиглэлээр ажиллах шаардлага байгаа. Боомт гэдэг бол хилийн тусгай бүс гэдэг утгаараа онцгой горим үйлчилдэг ийм байгууллага. Тийм учраас энэ горимын тусгай хяналтын үүргийг алдагдуулахгүйгээр ажиллах ёстой. Боомт бол Монгол Улсын гадаад худалдааг дэмждэг үндсэн хөдөлгүүрболохынхоо хувьд яаж зохицож ажиллаж болох вэ гэдэг дээр тал талын шийдлийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр хөрөнгө оруулаад ажиллаж байгаа хүмүүсээ хамгаалах, тэд нарын үйл ажиллагааг дэмжих, илүү өргөжүүлэх, боомт дээр хөрөнгө оруулалт татах зэргээр ажиллаж байна. Энэ чинээгээрээ боомтын үйл ажиллагаанаас тухайн аймаг, орон нутаг, бүсэд амьдардаг  иргэдэд боломж нэмэгдэнэ. Цаашид Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа гуравдагч орнуудтай худалдааг нэмэгдүүлэх тал дээр ажиллах шаардлага байгаа.

     Харин хувийн хэвшлийн зүгээс хилийн боомтын чиглэлд төр хувийн хэвшлийн хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад төрийн бодлого шийдвэр нь урт хугацаанд тогтвортой хэрэгждэг байх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.

Ханги эко ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирал Төрболд: Хууль эрх зүйн орчин гэхээсээ илүү бодлого шийдвэрүүд нь тогтвортой байвал зүгээр байна. МУ-ын засгийн газар болон боомтын сэргэлтийн үндэсний хороо хувийн хэвшилтэйгээ уялдаад ажилладаг. Бид нар урт хугацааны гэрээ хийдэг. Гэтэл төрийн эрх барьж буй байгууллага солигдох, дарга сайд нар солигдох зүйл гардаг. Тэр үед бид нар бүтээн байгуулалтын төслөө дахиад л тайлбарлаад эхлэх болдог. Ингээд ажиллахад хугацаа алдаж байгаа тохиолдол байна. 2022 оноос засгийн газар боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүллээ шүү дээ. Дөнгөж хэрэгжүүлээд нэгхэн жилийн дараа бид нар 70 сая тонн нүүрсийг экспортод гаргасан байна. Гэхдээ 70 сая тонн нүүрс маань зөвхөн хоёрхон боомтоор буюу Гашуунсухай боомтоор 36.8 сая тонн, Шивээхүрэн боомтоор 19 сая тонн нүүрс гаргасан байна. Үүнийг тал тал руугаа хуваарилаад ижил тэгш үүрэг оролцоотой явбал ямар вэ? Стратегийн ач холбогдолтой боомтуудад хуваарилбал ямар вэ гэдэг талаас нь оролцож байна.

     Монгол улсын Засгийн газраас баримталж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн 6 зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж сайжруулахад 715.3 тэрбум төгрөг, Хөгжлийн таван тойрог авто зам төсөлд 5.4 их наяд төгрөг, Агаарын тээврийн хөрөнгө оруулалтад 27.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн боомтын төмөр замын хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж дэд бүтэц сайжирч байгааг Сүхбаатар аймгийн Бичигт боомтын төлөөлөгч А.Мөнхболд хэлж байна.

А.Мөнхболд: Сүхбаатар аймгийн Бичиг боомт бол Сүхбаатар аймгаасаа 270км, Эрдэнэцагаан сумаасаа 70 гаруй км зайтай. Одоогийн байдлаар Эрээн толгойн уурхайн замыг Бичигт боомттойгоо холбохоороор ажиллаж байн. 110км замын бүтээн байгуулалтын ажилд 3 компани орчихсон үйл ажиллагаа сайн явж байна. Ирэх намар гэхэд хатуу хучилттай замаар хоригдчих болов уу гэж бодож байна. Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажил бусад боомтуудын адил хийгдэж байна. Мөн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа гааль, хилийн цэргийн ажилчдын үйл ажиллагааг сайжруулах ажилчдыг орон сууцаар хангах цогцолбор барилга баригдаж байгаа. Ачаа нэвтрүүлгийн хувьд бол Зүүн хатавч боомт талдаа орохын 4 гарахын 2-той гээд бүтэн цогц бүтээн байгуулалт хийгдчихсэн. Тийм учраас бол Монголын талаас ачаа эргэлт хийх саадгүй татах нөхцөл бүрдсэн. Мөн 12 сард төмөр замын ачаа тээвэр нүүрс тээвэр татаж эхэлсэн. Төмөр замын тээвэр явна аа гэдэг чинь. далайн гарц руугаа нүүрс тээврээ хийж эхэлж байна гэсэн үг.

    Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулжээ. Харин Сүхбаатар болон Боршоо боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байгаа юм.

Өмнөговь аймаг дахь хилийн боомтын захиргааны дарга Ө.Баянмөнх: 2019 онд 20,5 сая тонн нүүрс экспортод гарсан. Хамгийн өндөр үзүүлэлттэй харьцуулахад 78% өсөлттэй байгаа. Шивээхүрэн боомтын тухайд 2019 онд 14,6 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ үзүүлэлт маань 31% өсөлттэй байна. Боомт дээр бүтээн байгуулалт өргөтгөл шинэтгэлийн ажлууд явагдаж байна. Одоогийн орц гарцаа нэмэгдүүлэх ажлууд бас хийгдэж байгаа. Үүнийг БНХАУ улсын буцалтгүй тусламж, Сангийн яамны хөгжлийн хөтөч дэд бүтэц хөтөлбөрийн захиалгаар 69 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ 69 тэрбумаас 19,1 тэрбум төгрөг нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр ажил 6 дугаар сард бүрэн ашиглалтад орно. Ингэснээр ачаа тээврийн орц гарц маань гарах 10, орох 6 гарц болж нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн терминалууд иж бүрэн шинэчлэгдэж бүрэн ашиглалтад орно. Боомтууд дээр автомат тээврийн хэрэгслээр  нүүрс экспортлох үйл ажиллагаануудыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Анх удаагаа Шивээхүрэн боомтоор үндэсний үйлдвэрлэгч компаниуд нийлээд 17 га талбайд 5 жи тээвэр, Эй Жи Би тээврийн терминалыг үйл ажиллагаанд оруулсан. Одоогоор бол 5 жи тээврийн үйл ажиллагаанд бүрэн шийдэгдээгүй. Эй Жи Би тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.

      Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ. Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол одоогоор 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна. Зорчигч, ачаа тээврийн цогцолборыг энэ дөрөвдүгээр сараас 24 цагаар ажиллуулахтай холбоотойгоор орон тоог нэмж 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна.

    Замын-Үүд боомт бол Монгол Улсын үүд хаалга болсон чухал боомт. Тус боомтоор экспортын 22, импортын 49 хувь нь нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Манай улс ийнхүү боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлснээр дараагийн боломжууд ч гарч ирж байна. Тухайлбал, олон жилийн турш ярьж буй Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар БНХАУ-тай тохиролцжээ. Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай танилцсан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан БНХАУ-ын Эрээн-Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар хоёр тал тохирсон байна. Мөн түүнчлэн боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. Тодруулбал, 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн юм. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экспортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ мэтчилэн Монгол улсын засгийн газраас шат дараалан хэрэгжүүлж буй боомтын сэргэлтийн бодлого нь улс орны нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байна.

Үзсэн: 1053

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна