Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Бизнесийн орчин үеийн сорилт-Монгол Польшийн туршлага”


Densmaa 2024-05-07 01:05

БНПУ-ын ЭСЯ, МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны байгууллагын удирдлагын нийгэмлэгийн Люблин дахь салбартай хамтран Монгол-Польшийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

      Монгол Улс, БНПУ-тай 1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад, 1995, 2009 онуудад хааж Бээжингээс манай улсыг хавсран сууж байсан юм. Харин 2015 оноос Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилжээ. Улмаар Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин манай улсын хувьд элчин сайдын яамаа Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллуулж байна. Монгол улс БНПУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Цаашид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж эрчимжүүлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны байгууллагын удирдлагын нийгэмлэгийн Люблин дахь салбартай хамтран Монгол-Польшийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Польш, Монголын улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж туршлага солилцлоо. Одоо үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойкогын яриаг хүргэе.

Элчин сайд Кшыштоф Бойко: Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Польшийн томоохон их дээд сургуулиас 20-иод эрдэмтэн судлаачид ирж, Польш-Монголын хамтын ажиллагааны талаар итгэл тавьж хэлэлцүүлж байна. Эдгээр судлаачдын дотор Польшийн Сангийн дэд сайдаар ажиллаж байсан, эдийн засагч Стефан Кавалеч "1989 оноос хойших Польшийн эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийн загвар" сэдвээр илтгэл тавьж байгааг онцолмоор байна. Энэхүү хурал нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийлүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж найдаж байна. Мөн Польшийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалаар МУИС Польшийн нөлөө бүхий хоёр том сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй. Ингэснээр эдийн засаг, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжин хөгжих юм. 

     Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад түлхэц болсон гэж үзэж байна. Иймд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг шинэ ухааны үндэслэлтэй хэрхэн хөгжүүлж болох талаар ярилцсаныг МУИС-ийн ректор, доктор, проф Д.Бадарч хэллээ.

МУИС-ийн ректор, доктор, проф Д.Бадарч: МУИС-ийн Бизнесийн сургууль, Польшийн хэд хэдэн их сургуультай хамтраад хоёр орны хооронд бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгарч байгаа асуудлууд болон нээгдэж байгаа боломжуудын талаар хэлэлцэж байна. Ер нь аливаа бизнесийн үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх юм бол илүү үр дүнтэй болдог. Тийм учраас энэ хурлаар хоёр орны эрдэмд шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар судалгаа шинжилгээнд үндэслэсэн шийдэл болон зөвлөмжүүдийг гаргана гэж харж байна. Манай их сургууль Варшавын их сургууль болон бусад их сургуулиудтай хамтарч ажилладаг. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хоёр улсын их сургуулиуд болон ЭСЯ-аар дамжуулан хэлэлцээ хийж эхэлж байна.

      Монгол Улсын эдийн засгийн нийт орлогын 95 хувийг уул уурхайн салбарын орлого, үлдсэн 5 хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Мөн уул уурхайн салбарын ганц худалдан авагч нь БНХАУ байдаг. Харин цар тахлын нөхцөл байдал бидэнд цөөн улстай харилцдаг эдийн засагтай байж болохгүй гэдгийг сануулсан том дохио болсон. Иймээс манай улс экспортын шууд гарцуудыг хөгжүүлж барууны хөгжингүй зах зээлд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнээ гарах шаардлага тулгарч байна.  

     БНПУ нь Монгол улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын холбоонд тэргүүлж буй орны нэг юм. Энэ утгаараа сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улс, БНПУ-ын хоорондын худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая америк долларт хүрээд байгаа юм. Польш улсын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна. БНПУ-ын экспортын хэмжээ 2023 онд 94,4 сая долларт хүрсэн. Үүний гуравны нэгийг хүнсний бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Манай улс Польш улстай олон талт хамтын ажиллагаагаа үр дүнтэй хөгжүүлж чадвал ямар том зах зээлийн үүд хаалга бидэнд нээлттэй байгааг эдгээр тоон үзүүлэлтээс харж болно. Одоо үргэлжлүүлэн Польшийн Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн бизнес хөгжлийн менежер Н.Золжаргалын яриаг хүргэе.

Польшийн Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн бизнес хөгжлийн менежер Н.Золжаргал: Манай байгууллага 2019 онд албан ёсны нээлтээ хийсэн. Түүнээс хойш Польш улсын 600 гаруй компаниудад монголын зах зээлийн мэдээлэл хүргэсэн. Үүний 45 хувь нь экспортын гэрээ контракт хийсэн. Манай байгууллагын гол үйл ажиллагаа юу вэ гэвэл Польшийн үйлдвэрлэгч компаниудыг Монголын импортлогч компаниудтай холбож өгөх. Польшийн эдийн засгийг дэмжих юм. 2023 онд Польш улсаас Монгол улс руу хийсэн нийт экспортын 15 хувийг алим болон лийр эзэлж байсан. Мөнгөн дүнгээр ярих юм бол 14 сая долларын дүнтэй тэнцэх экспорт. Мөн дээрээс нь шоколад, жигнэмэг, даршилсан жимс, огурцы гэх мэт бүтээгдэхүүнүүд монголын зах зээлд орж ирсэн. Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжиж байна. 2020 оноос хойш Польшийн экспорт 100 сая долларт хүрэхэд маш ойрхон болсон. Тийм болохоор Польшийн үйлдвэрлэгч компаниуд Монголын зах зээлийг маш их сонирхож байна.

      Монгол улсаас Польш улс руу 2022 онд 599 мянган америк долларын өртөг бүхий тун хэлбэрт савласан эм, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргажээ. Харин Польш улсаас 2022 онд 97,7 сая америк долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, тун хэлбэрт савласан эм, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахай, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн байна. Цаашид хоёр орны худалдаа, эдийн засаг, тээвэр, аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлснээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

      1990-оноос өмнө Монгол Польш хоёр орны эдийн засгийн харилцаа маш өргөн хүрээнд хөгжиж байсан. Харин 1990- оноос хойш хумигдаж одоогоор худалдааны эргэлт 100 сая америк доллар дотор эргэлдэж байна. Цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой хэд хэдэн чиглэл бий гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал профессор Н.Батнасан ярилаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал профессор Н.Батнасан: Польш улс сүүлийн үед интерпринер чиглэлээр их амжилттай явж буй орнуудын нэг. Тэдний энэ туршлагыг манайх суралцаж шинэ бизнесүүдийг бий болгох хэрэгтэй. Мөн дээд сургуулиудын боловсролын зээлийн хамтын ажиллагаа чухал чиглэл гэж харж байна. Дараагийн хамтран ажиллах чиглэл бол Польш улс ХАА-н хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр их сайн технологитой. Тэд энэ технологийг бид нар бас авах боломжтой гэж харж байгаа. Манайд ч бас хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх өргөн боломж байна. Мөн Польш улсад хүнд аж үйлдвэр сайн хөгжсөн. Тиймээс энэ чиглэл дээр техникийн туслалцаа дэмжлэг авах боломж байгаа. Хоёр улсын хооронд аялал жуулчлал ирээдүйтэй салбар гэж харагдаж байна. Сүүлийн жилүүдэд манайхан гадагшаа их аялдаг болж жуулчлалын хэмжээ нэмэгдэж байна. Нөгөө талаасаа манайх руу ч гэсэн чиглэсэн аялал жуулчлал нэмэгдэж байна. Манай хоёр орны аялал жуулчлалын салбар өөр өөрсдийн онцлогтой. Манайх бол нүүдлийн соёл иргэншил, байгалийн аялал жуулчлал ихтэй. Харин Польш бол эртний түүхтэй улс. Тиймээс түүх соёл дагнасан аялал жуулчлал амжилттай хөгжиж байгаа орон. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг чиглэл байж болно.

      Монгол Польш хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай. Тодруулбал, 1961-1965 онд Польшийн түүхэнд хамгийн том буюу 190 хүнтэй геологийн экспедиц байгуулагдан Монголын баруун аймгуудын нутагт геологийн судалгаа, эрэл хайгуул хийсэн байдаг. Мөн 1962-1964 онд Монгол Алтайд Е.Рутковскийн удирдсан экспедиц, 60-аад оны сүүлийн хагаст Вроцлавын геологичид, 70, 80-аад онд олон улсын экспедицүүдийн бүрэлдэхүүнд геологийн судалгаагаа үргэлжлүүлжээ. Харин 1984 оноос Монгол-Польшийн хамтарсан экспедиц байгуулагдан Лугийн гол, Мушгиа худагт газрын ховор элементийн хайгуул хийсэн байдаг. 1963-1971 онд Варшавын их сургуулийн проф. Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедиц ажиллаж, том нээлтүүд хийж, 100 шахам олдворууд олсон түүхтэй. Варшав дахь палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монголоос авчирсан үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг байна. Харин сүүлийн жилүүдэд манай хоёр орны эрдэмтэд нэгэн томоохон археологийн малтлага судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа юм. Одоо үргэлжлүүлэн Вроцлавын Их сургуулийн проф. археологч Мирослав Масойчийн яриаг хүргэе.

Вроцлавын Их сургуулийн проф. археологч Мирослав Масойч: Өнөөдрийн хурлаар Монгол-Польшийн боловсрол, бизнес, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна. Миний хувьд Монгол улсын ШУА болон Улаанбаатар их сургуультай хамтран Монголын говь нутагт хэрэгжүүлж байгаа археологийн хамтарсан төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төслийг Польшийн засгийн газрын грант хөтөлбөрөөс санхүүжүүлдэг юм. Уг төслийн хүрээнд Монголын говьд суурьшиж байсан нэн эртний хүний судалгааг хийж байна. Судалгаа нь 2 үе шаттай бөгөөд хэдийнээ 1-р үе нь дуусаад 2 шат нь хэрэгжээд дуусах шатандаа явж байна. Төслийн үр дүнд Монгол орны нутагт дэвсгэрт амьдарч, суурьшиж байсан нэн эртний хүмүүсийн талаар судалгааг хийж, эртний булш бунхнаас эртний хүмүүсийн ур мөр, үлдэгдлийг олж илрүүлээд байна. Энэ удаагийн хуралд би Энэхүү төслийн үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Монгол-Польшийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. Энэхүү төсөл нь 2015 онд эхэлсэн бөгөөд эхний үед манай сургуулийн зүгээс төслийн санхүүжүүлж байсан бол Ковид 19 цар тахлын яг өмнөхөн бид Польшийн засгийн газрын грант хөтөлбөрөөс 2 сая клот буюу 500 мянган ам. долларын тэтгэлэг авсан юм. Цар тахал дууссанаас хойш бид судалгааны ажлаа эрчимтэйгээр хийж, энэ онд энэхүү төсөл маань дуусаж байна. Төслийн үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний номыг бид хэвлүүлэхээр бэлдэж байна. Энэхүү ном маань 2025 он гэхэд хэвлэгдэх байх. Хэвлэлд судалгааны ажлаа хэвлүүлсний дараа бид үргэлжлүүлэн хамтарсан судалгаагаа хийнэ гэж төлөвлөж байна. Учир нь бидэнд судлаагүй үлдсэн хэд хэдэн агуй үлдсэн. Иймд дахин төсөл хэрэгжүүлж, судалгаагаа үргэлжлүүлэх шаардлага бий.

      Монгол Польш хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгаа хийж буй Цахиуртын хөндийн нэн эртний хүн нэртэй малтлага судалгаа нь дээд палеолитын үе буюу одоогоос 40 гаран мянган жилийн өмнөх үед хамаарч байна. Хамтарсан судалгааны үр дүнд агуй, тойром зэрэг зүйлсийг илрүүлэн олсон гэж Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны секторын эрхлэгч шинжлэх ухааны Доктор Б.Гүнчинсүрэн хэллээ.

Доктор Б.Гүнчинсүрэн: Польш судлаачтай хамтарсан судалгааны ажил 1960-аад оноос эхэлсэн байдаг. ШУА байгуулсны дараахан Монголд анхны судалгаа явуулж байсан эрдэмтэд бол Зөвлөлтийн болон Польшийн судлаачид. Манай энэ төслийн хувьд 2021 2022 2023 онуудад идэвхтэй явсан. Бид Өмнөговь аймгийн Булган сум, Баянхонгор аймгийн Богд сумын зааг нутаг дээр ажиллаж байгаа. Энэ нь Арц богд, Эртний нууруудын хөндийгөөс жоохон урагшаа байрлалтай. 1995 онд Монгол, Орос, Америкийн судлаачид Цахиуртын хөндий гэж том дурсгалт газар илүүлэн олсон. Тэр дурсгалт газар бол 10 мянга орчим километр квадрат газарт чулуун зэвсгийн үеийн дурсгалтай. Бид энийг улам тэлж эргэн тойронд нь хайгуул судалгааны ажил хийгээд энэ бүс нутгаас шинээр агуу, тойром илрүүлэг олсон. Бид нарын судалгааны эхний үр дүнгүүд Английн Антиоктив болон Францын Павильон гэсэн сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан. Зарим нэгэн мэдээнүүд бол мэдээж манай хүрээлэнгээс зохион байгуулдаг Монголын археологи хурлын үеэр товч зарлагдсан. Өнгөрсөн жилийн хугацаанд бид нарын олсон хамгийн гол олдвор бол Монгол нутаг дээр амьдарч байсан Алтайяка гэсэн цацагт хяруулын өндөгний хальсаар хийсэн гоё чимэглэлийн зүйлс мөн  ваар савны хэлтэрхийнүүд олноор илрүүлэн олсон. Эдгээр олдворуудын ихэнхийг Польш руу илгээгээд байна. Судалгааны ажил энэ жил 6 сарын 20-оос эхэлж 7 сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. 2024 оны төгсгөл болон 2025 онд хамтарсан номоо бичээд дэлхий нийтэд энэ судалгааны ажлаа зарлана. Монгол нутагт  эртний хүн амьдарч эхэлсэн хугацаа бол сая жилийн тэртээгээс эхэлж тооцогддог. Палеолитын үеийг 3 хуваадаг. Доод, дунд, дээд гэж. Бидний судалж байгаа энэ дурсгал бол дээд палеолитын үед хамаарч байна. Яг энэ үед ухаан хүн маань төлөвшсөн гэж үзэж. Тэгэхээр эртний оюун ухаант хүний гараар үйлдэгдсэн олдворуудыг судална гэдэг маань бид үүх түүхийнхээ судалгааг л хийж байна гэсэн үг. 1990-ээд оны эхэн үед ганц нэг олдворуудыг Польш улс руу сэргээн засварлахаар явуулж байсан. Харин бид нар энэ судалгааны ажлын олдворууд засварлах  болон бүх нарийвчилсан зураглалыг хамтран хийж байна. Аажимдаа мэргэжилтэн бэлтгэх, сургалтад хамруулах асуудлыг бид ярилцаж байна.

      Монгол-Польшийн эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд Ягеллоны Их сургууль болон МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, мөн Люблин дахь салбарын Шинжлэх ухааны байгууллагын удирдлагын нийгэмлэг болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр орон улс төр, олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.

Үзсэн: 3903

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна