COP17-ын 8 дахь өдөр “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” болно
Мөн өнөөдөр COP17-ын “Санхүүжилтийн өдөр”.
COP17-ын 8 дахь өдөр “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” болж, Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн арга хэмжээнд оролцоно. Мөн өнөөдөр COP17-ын “Санхүүжилтийн өдөр” эхэлж байна.Үүний дараа газрын менежмент ба ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх санхүүжилтийн шинэлэг механизм болон газрын үнэ цэнэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. B4L форумаар эрсдэлийг бууруулах, 1.5 тэрбум га газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх асуудлыг онцолж, газрын нөхөн сэргээлтийг бодит хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбох шийдлүүдийг хэлэлцэнэ. Өдрийн турш Санхүүжилтийн Ирээдүйн дугуй ширээний уулзалт, Конвенцын хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн чиглэл зэрэг өндөр түвшний хэлэлцүүлгүүд үргэлжлэх юм. COP17-ын 8 дахь өдөр газрын нөхөн сэргээлтийг бодит үйлдэл болгох санхүүжилтийн шийдлүүдийг эрэлхийлэх өдөр.
Өнөөдөр Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно. Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг; ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum; уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum; Rangelands Flagship Initiative буюу бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт; газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг; Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага; Уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ тус тус болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
Үзсэн: 1384
Tweet